АНУ-д амьдарч буй монголчуудад А хүрээний H1N1 гахайн томууны ханиадын талаар хүргэх сэрэмжлүүлэг

Дэлхий даяар 399232 хүн А хүрээний H1N1 вирусээр үүсгэгдсэн томуугаар өвчилсөн нь лабораторийн шинжилгээгээр нотлогдож, 4735 нас баралт Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад бүртгэгдээд байна.

А хүрээний H1N1 вирусээр үүсгэгдсэн томуу дэлхийн хойд хэсэгт илүү эрчимтэйгээр дэгдэж, Америкийн Нэгдсэн Улс, Канад, Мексик улсуудад томуу хурдацтай тархаж байна. Түүнчлэн баруун Европ, Азийн хойд улсуудад томууны дэгдэлт ихэсч байгаа бөгөөд манай оронд онош нь батлагдаад байгаа 37 тохиолдол өнөөдрийн байдлаар бүртгэгдээд байна.

АНУ-ын Эрүүл мэндийн Сайд К.Себелиус H1N1 гахайн томууны ханиадаас ард иргэд өөрсдөө хэрхэн урьдчилан сэргийлэх талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан сурталчлагаа хийхээр болсныг 16-ны өдөр мэдэгдэв.

АНУ-ын Холбооны Засгийн газраас ханиадны талаар нэг цэгээс мэдээлэл авах боломж бүхий вэб сайт /www.flu.gov./ ажиллуулж байгаа бөгөөд энэхүү сайтаас ханиадны ялангуяа, вакцинжуулалт, олон нийтийн эрүүл мэндийн талаар хамгийн сүүлийн үеийн, үнэн зөв, бодит мэдээлэл болон H1N1 томууны халдвар авсан эсэхээр өөрсдийгөө шалгаж үнэлгээ хийх /self-evaluation/ боломжтой юм байна.

АНУ-д одоогоор H1N1 гахайн томууны ханиадтай холбогдуулан худалдаа, арилжаа, сургууль, соёлын зэрэг олон нийтийн газрын үйл ажиллагааг хязгаарлаж, хөл хорио тогтоогоогүй байгаа ч монгол иргэд та бүхэн хувийн ариун цэврийг сайтар сахиж, анхаарал болгоомжтой байхыг Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлж байна.

АНУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ

2009 оны 10 дугаар сар 20-ны өдөр

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us