МЭНДЧИЛГЭЭ

АНУ-д аж төрж, амьдран суугаа Эрхэм хүндэт монгол иргэд ээ,

Та бүхэндээ ирж буй шинэ жилийн халуун мэндийг дэвшүүлж, сайн сайхныг билэгдэн мэндчилж байна.

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтан буй энэ баярт мөчид Та бүхэнтэйгээ ийнхүү учран золгож, хамт олныхоо нэрийн өмнөөс болон хувиасаа шинэ жилийн баярын мэндийг хүргэж байгаадаа би нэн баяртай байна.

Улиран одож буй жил Та бидний амьдралд болон Улс эх оронд маань олон сайхан үйл явдлууд боллоо. Монгол Улсынхаа шинэ Ерөнхийлөгчөө сонгож, Халхын голын ялалтын 70 жил, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн, он жилүүд үргэлжлэн яригдсан “Оюу толгой”-н ордын түүхэн гэрээг байгууллаа. Гадаадын хөрөнгө оруулалт, шинэ техник технологи, ноу хау, менежмент Монгол руу цутгах үүд нээгдлээ, тив, дэлхийн дэвжээнд тамирчид маань алдар нэрээ цуурайтуулсан зэрэг бахдам амжилттай жилийг үдэж байна. Өнгөрч буй жил дэлхийг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал хүнд сорилтыг авчирсан ч мал сүргийн тоо толгой 50 саяыг давж, атрын аян үр өгөөжөө өгснөөр хүндрэл бэрхшээлийг амжилттай даван туулж байна.

Бүхэлдээ эх орны маань ирээдүй гэрэл гэгээтэй байна.

Угтан ирж буй шинэ он Та бидний амьдралд аз жаргал, баяр баясгалан, улс эх оронд маань хөгжил цэцэглэл авчирна гэдэгт эргэлзэхгүй байна.

Шинэ ондоо эрүүл энх байж, аз хийморьтой, дүүрэн жаргалтай явахын өлзийт ерөөлийг Та бүхэндээ өргөе.

Сайхан баярлаарай!

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ
ЭЛЧИН САЙД Х. БЭХБАТ

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us