МОНГОЛ-АМЕРИКИЙН 5 ДУГААР БИЗНЕС ФОРУМЫН ТУХАЙ

Энэ оны 1 дүгээр сарын 13-нд АНУ-ын Флорида мужийн Орландо хотноо Монгол-Америкийн 5 дахь бизнес форум хоёр орны Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа сэдвээр амжилттай болж өнгөрөв. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, АНУ дахь Элчин сайдын яам, АНУ-ын Худалдааны яам хамтран энэхүү форумыг зохион байгууллаа.

Форумд монголын талаас ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д. Бадарч тэргүүтэй 54 бизнесийн төлөөлөгчид болон УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, америкийн талаас Худалдааны яамны Хятад, Монголын газрын дарга Ира Касов тэргүүтэй 20 гаруй бизнесийн төлөөлөгчид оролцов.

Форумд монголын төлөөлөгчид хүнс, газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт тулгамдаж буй асуудлууд, энэ салбарт төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжууд сэдвээр илтгэл, монголын бизнесийн төлөөлөгчид өөрсдийн бизнес үйл ажиллагааг өргөжүүлэх хүрээнд шаардлагатай шийдвэрлэвэл зохих арга хэмжээ, экспортыг хөхиүлэхэд учирж буй бэрхшээл зэргээр дэлгэрэнгүй мэдээлэл хийв. АНУ-ын төлөөлөгчид өөрийн орны ХАА-н салбарын туршлага, ололт, өөрийн орны энэ салбарт олсон техник, технологи, ноү хау, менежмент, үйлчилгээг Монголд нэвтрүүлэх талаар илтгэл тавив. Америкийн компаниуд МАА, газар тариалан эрхлэх, мах, сүү боловсруулах чиглэлд Монголд үйл ажиллагаа явуулах өргөн боломж байгааг форумд оролцогчид тэмдэглэж байв. Америкийн компаниудын зүгээс хөдөө аж ахуйн техник, технологийг Монголд нийлүүлэх сонирхлоо илэрхийлэв.

Манай төлөөлөгчид энэ сарын 12-ноос 15-ны өдрүүдэд Орландо хотноо зохион байгуулж буй олон улсын хөдөө аж ахуйн AG EXPO 2010 үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, үзэсгэлэнг үзэж сонирхов. Энэ удаагийн үзэсгэлэнг үзэхээр дэлхийн 50 гаруй орны төлөөлөгчид ирснээс монголын төлөөлөгчид хамгийн олон бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирснийг америкийн зохион байгуулагчид цохон тэмдэглэж байв. Үзэсгэлэнд ХАА-н машин механизм, тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүд үйлдвэрлэдэг дэлхийн топ компаниуд бараа бүтээгдэхүүнээ тавьсан байв. Манай төлөөлөгчид гол төлөв америкийн газар тариалангийн бага болон том оврын трактор, компаниуд, үр тариа, өвс, ногоо хадгалах танкер, бүтээлэг, хүлэмжийн материалууд, худгийн төхөөрөмжийг илүүтэйгээр сонирхож, каталог, хаягийг авч, нэрийн хуудсаа солилцон холбоо тогтоолоо. Үзэсгэлэнгийн үеэр хөдөө аж ахуйн чиглэлээр 30 семинар, сургалт болсон бөгөөд манай төлөөлөгчид заримд нь оролцов.

Энэ удаагийн бизнес форумыг олон улсын хөдөө аж ахуйн үзэсгэлэнтэй давхцуулан зохион байгуулсан нь ихээхэн чухал ач холбогдолтой, үр дүнтэй боллоо гэж бизнес форумд оролцогчид дүгнэв.

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo