Элчин сайд Х. Бэхбат итгэмжлэх жуух бичгээ барив

SAIDIJB

Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х. Бэхбат 6 дугаар сарын 24-ны өдөр тус Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Фелипэ Калдеронд Итгэмжлэх жуух бичгээ барив. Элчин сайд Х. Бэхбатыг ИЖБ-гээ барьсантай нь холбогдуулан Ерөнхийлөгч Ф. Калдерон, Гадаад хэргийн сайд хатагтай Патрисиа Эспиноса Кантеллано нар хүлээн авч уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Элчин сайд Х. Бэхбат Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн чин сэтгэлийн халуун мэндчилгээг Ерөнхийлөгч Ф. Калдеронд, Гадаад харилцааны сайд Г. Занданшатарын мэндчилгээг Гадаад хэргийн сайд хатагтай Патрисиа Эспиноса нарт тус тус уламжилж, Мексикийн Нэгдсэн Улстай боломжтой бүх салбарт хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, ялангуяа соёл, боловсрол, уул уурхайн салбарт өргөн боломж байгааг тэмдэглэн хэлэв.

Түүнчлэн, Элчин сайд Монгол Улсад ардчилал хөгжсөний 20 жилийн ой, Мексикийн Нэгдсэн Улс тусгаар тогтнолоо олсны 200, Мексикийн хувьсгалын 100 жилийн ой болон Монгол Улс, Мексикийн Нэгдсэн Улс хооронд албан ёсны дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тус тус энэ жил тохиож байгааг цохон тэмдэглэж, энэхүү бэлэг дэмбрэлтэй ойн жилд Мексикийн Нэгдсэн Улсыг хавсран Элчин сайдаар ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв. Монгол Улс энх тайван, тогтвортой байдал, цаг уурын өөрчлөлт зэрэг глобал асуудлаар олон талын хүрээнд хоёр тал цаашид ч идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа тэмдэглэв.

Энэ өдрүүдэд Элчин сайд Х. Бэхбат Мексикийн Парламентын депутатуудын танхимын Мексик, Монголын бүлгийн дарга Раул Домингэс, Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал, Соёл, боловсролын газрын захирал болон албаны бусад хүмүүстэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал бодлоо солилцов.Мексикийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Ф. Калдерон Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хариу мэндчилгээ уламжилж өгөхийг хүсээд Монголын ардчилал улам чанаржиж байгааг тэмдэглэн, монголын ард түмний хөгжил дэвшилд сайн сайхны ерөөл дэвшүүлэв. Ерөнхийлөгч Ф. Калдерон Мексикийн Нэгдсэн Улс тусгаар тогтнолоо олсны 200 болон Мексикийн хувьсгалын 100 жилийн ойг энэ оны 9 дүгээр сард орон даяар өргөн тэмдэглэхээр зэхэж байгааг дурдаад уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийг урьж байгаагаа дамжуулж өгөхийг Элчин сайдаас хүсэв. Мөн Ерөнхийлөгч Ф. Калдерон хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Элчин сайдын ярьсантай санал нэгдмэл байгаагаа тэмдэглэв.

2010 оны 6 дугаар сар 24-ний өдөр

Мехико хот

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us