Д.ЦОГТБААТАР ЖЕЙМС СТАЙНБЕРГТЭЙ УУЛЗАВ

steinberg-mongolians-4272011dВашингтон хотноо ажиллаж буй Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар энэ сарын 27-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Жеймс Стайнбергтэй уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа түүний дотор Монгол Улс 2011-13 онд Ардчилсан орнуудын хамтын нийгмэлэгийг даргалахтай холбогдуулан хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Талууд өнгөрсөн 3 дугаар сард Улаанбаатар хотноо болсон Монгол-Америкийн зөвлөлдөх уулзалт амжилттай болсныг санал нэгтэй тэмдэглэж, хоёр орны харилцааны түвшинг дээшлүүлэх талаар америкийн талаас гаргасан хэд хэдэн санаачлагыг хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Хоёр тал энэ жил өндөр хэмжээнд харилцан хэрэгжүүлэх айлчлалын тухайд санал солилцож, аль аль талдаа ач холбогдол өгч ажиллаж байгаагаа онцлов.

Төрийн нарийн бичгийн дарга Монгол Улс АОХН-ийг даргалахтай холбогдуулан дотооддоо авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлж, тэргүүлэх ач холбогдол өгч байгаа чиглэлийн дагуу үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг боловсруулах, чингэхдээ оролцогч бүх талын саналыг авч тусгахаар ажиллаж байгааг дурдав. Түүнчлэн манай тал АОХН-ийн шинэчлэлийг дэмжиж байгаагаа илэрхийлж, Байнгын нарийн бичгийн дарга нарын газрыг бэхжүүлэхийн чухлыг тэмдэглэлээ. Ж.Стайнберг Төрийн нарийн бичгийн даргын ярьсныг дэмжиж байна гээд эдгээр нь Монгол Улс АОХН-ийг дэмжиж ирсний тод илрэл юм гэв.

Уулзалтад Элчин сайд Х.Бэхбат, Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах нарийн бичгийн дарга Курт Кэмпбелл болон албаны бусад хүн байлцав.

*** *** ***

Мөн өдөр Төрийн нарийн бичгийн дарга АНУ-ын Бүгд найрамдахчуудын хүрээлэнгийн Ерөнхийлөгч Л.Крэйнэр, Вашингтонд суугаа Литвийн Элчин сайд Ж.Павилионис, Польшийн Элчин сайд Р.Купецки, АОХН-ийн Байнгын нарийн бичгийн дарга нарын газрын Гүйцэтгэх захирал Б.Миштал, Брүкинс судалгааны төвийн Гадаад бодлогын газрын захирал Т.Пиккони нартай тус тус уулзаж, АОХН-ийг даргалах хугацаанд Монгол Улсын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулж, энэхүү байгууллагын үүрэг, нэр хүндийг дээшлүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.

Талууд манай улсын тэргүүлэх ач холбогдол өгч ажиллах чиглэлүүд болох ардчиллын боловсрол, иргэний нийгмийн байгууллагыг төлөвшүүлэх,бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр улс орнуудтай хамтран ажиллах, туршлага хуваалцах зэрэг зорилтуудыг дэмжиж, хамгийн чухал эдгээрийг амьдралд хэрэгжүүлэхийн чухлыг зөвлөж, харилцан дэмжиж ажиллахаа нотлов.

Төрийн нарийн бичгийн дарга Хойд Америк, Монголын Биснесийн Зөвлөлийн 21 дугаар хуралдаанд оролцож, “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин” сэдвээр үндсэн илтгэл тавив. АНУ-ын Худалдааны департамент, Канадын худалдааны комисс, АНУ, Канадын хувийн хэвшил, төрийн бус байгууллагын 80 шахам төлөөлөгч оролцов.
Элчин сайд Х.Бэхбат төлөөлөгчдөд зориулж ЭСЯ-нд хүлээн авалт хийв.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us