Д.ЦОГТБААТАР ЭВАН МЭДЭЙРОСТОЙ УУЛЗАВ

tnbd29 smlГадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар энэ сарын 28-нд АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Хятад, Монгол, Тайваны асуудал хариуцсан захирал Эван Мэдэйростой уулзан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлж, шинэ шатанд гаргах талаар ярилцан санал солилцов. Хоёр тал энэ жил өндөр, дээд хэмжээнд харилцан хэрэгжүүлэхээр төлөвлөж буй айлчлалд ач холбогдол өгч ажиллаж буйгаа нотлов.

Уулзалтад Элчин сайд Х.Бэхбат, АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Байдены Азийн асуудал хариуцсан зөвлөх Жэф Прэскот болон албаны бусад хүн байлцав.

*** *** ***

Мөн өдөр Төрийн нарийн бичгийн дарга АНУ-ын Үндэсний ардчилсан хүрээлэнгийн Ерөнхийлөгч К.Уоллактай уулзаж, АОХН-ийг даргалах хугацаанд Монгол Улсын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж, хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлэв. К.Уоллак бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна гэв.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Монгол Улс сонгуулийн хуулиа шинэчлэхээр ажиллаж байгаа холбогдуулан туршлага судлах, зөвлөгөө авах хүсэлтэй буйгаа уламжлав.

*** *** ***

Мөн өдөр Төрийн нарийн бичгийн дарга АНУ-ын Худалдааны танхим дээр Монгол-Америкийн Ажлын Хэсэг байгуулагдаж, анхдугаар хуралдаанаа хийхэд оролцон “Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал” сэдвээр үндсэн илтгэл тавив.

Уг арга хэмжээнд Элчин сайд Х.Бэхбат, АНУ-ын Худалдааны танхимын Азийн асуудал хариуцсан Дэд Ерөнхийлөгч Тами Овербай, Худалдааны департамент, Олон улсын хөгжлийн агентлаг, Худалдаа, хөгжлийн агентлагийн төлөөлөл, танхимын ажилтнууд мөн оролцов. Монголд үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын “Fluor”, “Peabody Energy”, “John Deer”, “Bechtel”, “GE”, “Boeing”, “Albright Stonebridge Group” зэрэг томоохон компаниудын төлөөлөл тус ажлын хэсгийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us