МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Л.БОЛД АНУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ.

110329-D-WQ296-013.JPGМонгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтсийн урилгаар АНУ-д 2011 оны гуравдугаар сарын 29-нөөс 4 дүгээр сарын 2-ны өдрүүдэд айлчлав. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд АНУ-д анх удаа албан ёсоор айлчилж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд нь Монгол Улсаас АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Х.Бэхбат, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэг, ҮАБЗ-ийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Батбаяр, Батлан хамгаалахын сайдын зөвлөх Ц.Ганболд, ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Б.Баярмагнай нар багтав.

Айлчлал хоёр улсын Батлан хамгаалахын сайд нарын уулзалтаар эхэлж, Ази-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал, Монгол Улс, АНУ-ын харилцаа, ялангуяа батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Энэ үеэр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс Монгол Улсын Зэвсэгт хүчин Ирак, Афганистанд АНУ-ыг дэмжин өнөөг хүртэл хамтран үүрэг гүйцэтгэж ирсэнд талархал илэрхийлж, цаашид Монгол Улсын Батлан хамгаалах салбарын шинэчлэлийг гүнзгийрүүлэх, Зэвсэгт хүчний агаарын цэргийн хүчнийг бэхжүүлэх, энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр үзүүлж буй тусламжийг нэмэгдүүлэх байр суурийг дэмжихээ мэдэгдэв. Батлан хамгаалахын сайд Л.Болд мөн АНУ-ын батлан хамгаалахын туслах нарийн бичгийн дарга Уоллес Грегсон болон албаны бусад хүмүүстэй уулзалт хийж, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээр ойрын үед хэрэгжүүлэх тодорхой асуудлуудыг хэлэлцлээ.

Дараа нь Батлан хамгаалахын сайд Л.Болд төлөөлөгчдийн хамт АНУ-ын Төрийн департамент, АНУ-ын Сенатад ажил хэргийн уулзалтууд хийлээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Жеймс Стейнберг, туслах нарийн бичгийн дарга Курт Кампбелл, Эндрю Шапиро нар манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл нь улс төр, эдийн засаг, аюулгүй байдал, энхийг сахиулах асуудал гэдэгт санал нэг байв. АНУ-ын Сенатын төсвийн байнгын хорооны дарга Кен Иноей, тус байнгын хорооны дэд дарга Тад Кокран, Зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн байнгын хорооны дэд дарга Жон Маккейн нар Л.Болд сайдыг хүлээн авч уулзан Монгол Улсад ардчилал, зах зээлийн нээлттэй нийгэм амжилттай төлөвшиж байгаад баяр хүргээд Монгол Улс, түүний зэвсэгт хүчнийг цаашид дэмжихээ илэрхийллээ.

Сайдын айлчлал Флорида мужийн Тампа хот дахь Америкийн Төвийн командлал болон Нью-Йорк хот дахь НҮБ-ын айлчлалаар үргэлжиллээ. Батлан хамгаалахын сайдыг АНУ-ын Төвийн командлалд тус командлалын орлогч дарга, дэслэгч генерал Жон Аллен хүлээн авч хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, Афганистан Улсад явуулж буй “Тогтвортой эрх чөлөө ажиллагаа”-нд Монгол Улсын Зэвсэгт хүчний оролцооны талаар санал солилцов.
Уулзалтын үеэр дэслэгч генерал Жон Аллен АНУ-ын Төвийн командлалаас шууд удирдан явуулдаг Ирак, Афганистан Улс дахь цэргийн ажиллагаанд Монгол Улс эхнээс нь идэвхитэй оролцон үүргээ нэр төртэй гүйцэтгэж, өнөөг хүртэл итгэлтэй хамтрагч хэвээр байгааг онцолсон бол хариуд нь Батлан хамгаалахын сайд Л.Болд хоёр орны цэргийн алба хаагчид даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө мөр зэрэгцэн алба хааж байгаа нь цэргийн хамтын ажиллагааны дээд хэлбэр гэж үзэж Монгол Улс цаашид ч оролцоогоо нэмэгдүүлэх байр суурьтай байгааг мэдэгдэв.

Уулзалтын дараа Батлан хамгаалахын сайд Л.Болд төлөөлөгчдийн хамт Төвийн командлалын Нэгдсэн төлөвлөлтийн багийн болон Эвслийн цэргийн зохицуулах төвийн үйл ажиллагаатай танилцаж, эвслийн цэргийн үндэсний ахлах төлөөлөгчдийн уулзалтад оролцон, Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны оролцооны талаар мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуудлаар харилцан ярилцлаа.

Батлан хамгаалахын сайд Л.Болд дөрөвдүгээр сарын 1-ний өдөр АНУ-ын Нью-Йорк хотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Улс төрийн газрын дарга ноён Линн Паскотой уулзаж Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагаа, НҮБ-ын Улс төрийн газраас удирдан явуулж буй энхийг дэмжих ажиллагааны талаар харилцан санал солилцов.

Дараа нь Батлан хамгаалахын сайд Л.Болдыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга ноён Ален Ле-Руа хүлээн авч уулзан НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, түүнд Монгол Улсын үүрэг, оролцоо, Монгол Улсын батлан хамгаалах салбарын энхийг сахиулах ажиллагааны талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар санал солилцжээ. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Л.Болд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх байр сууриа нотолсон төдийгүй энхийг сахиулах ажиллагааны газартай Монголын Зэвсэгт хүчний цэргийн баг, зарим техникийг энхийг дэмжих тодорхой ажиллагаанд оролцуулах тухайд харилцан тохиролцоонд хүрлээ. Мөн ноён Ален Ле-Руаг ирэх наймдугаар сард Монгол Улсад зохион байгуулагдах Энхийг сахиулах ажиллагааны бага хуралд оролцохыг урьлаа.

3 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний 90 жилийн ой, Батлан хамгаалахын сайдын АНУ-д хийж буй айлчлалыг тохиолдуулан ЭСЯ-аас зохион байгуулсан хүндэтгэлийн хүлээн авалтад АНУ-ын төрийн болон төрийн бус байгууллагаас 100 орчим хүндэт зочид оролцов.

Элчин сайдын яам

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us