ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ЦОГТБААТАР ВАШИНГТОН ХОТНОО АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

tnbd2011aprilsmlГадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар Вашингтон хотноо ирж, Монгол Улс 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийг даргалах албыг хүлээн авах болон АОХН-ийг даргалах хугацаандаа явуулах үйл ажиллагааны талаар АНУ-ын Төрийн департамент, төрийн бус байгууллага, судалгаа шинжилгээний хүрээлэнгийн шинжээчидтэй уулзаж, холбогдох асуудлуудаар санал солилцов.

Тэрбээр 2 дугаар сарын 26-ны өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хилари Клинтоны АОХН-ийн асуудал хариуцсан зөвлөх Томайка Тилманн, АНУ-ын Ардчиллын төлөөх Үндэсний сангийн Ерөнхийлөгч Карл Гершман, Нээлттэй нийгэм хүрээлэнгийн ахлах зөвлөх М.Халпрен нарын хүмүүстэй уулзаж, АОХН-ийн төлөөх зөвлөл байгууллагаас АОХН-ийн чиглэлээр ажилладаг Америкийн судалгаа, шинжилгээний байгуулагууд, шинжээчдийг оролцуулан зохион байгуулсан Дугуй ширээний уулзалтад оролцож, даргалах хугацааны чиглэл, зорилтын талаар дэлгэрэнгүй ярилцав.

Төрийн нарийн бичгийн дарга Монгол Улс АОХН-ийг даргалах нэр хүндтэй үүргээ амжилттай гүйцэтгэхийн төлөө хүч чармайлт тавьж байгааг мэдээлж, зөвхөн амжилттай даргалах бус дэлхий дахины энэ хөдөлгөөний нэр хүндийг өргөж явахад хамтын хүч чармайлт чухал болохыг уулзалтуудын үеэр цохон тэмдэглэв.

Монгол Улс АОХН-ийг даргалах үеэрээ тэргүүлэх ач холбогдол өгч ажиллах чиглэлүүд болох ардчиллын боловсрол, иргэний нийгмийн байгууллагыг төлөвшүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, ардчиллыг хөгжүүлэх чиглэлээр улс орнуудтай хамтран ажиллахаар зорьж байгаагаа танилцуулж, талуудын байр суурь, санал бодлыг сонслоо.

Мөн НҮБ-ын хүрээнд идэвхтэй ажиллаж, ардчиллын боловсролын асуудлаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол батлуулах чиглэлээр ажиллах, манай улсын Польштой хамтран байгуулж буй ардчиллын боловсролын асуудлаарх АОХН-ийн ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжиж ажиллах зэрэг саналыг талууд дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Тэрбээр 27-ны өдөр Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөлийн жилийн уулзалтын нээлт дээр илтгэл тавьж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Жеймс Стейнберг, Төрийн департаментын Зүүн Азийн асуудал эрхэлсэн Туслах нарийн бичгийн дарга Курт Кэмпбелл нарын хүмүүстэй уулзаж ярилцана. Айлчлал үргэлжилж байна.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us