“ЧИНГИС ХААН” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТИЙН ХҮЛЭЭН АВАЛТ ЧИКАГО ХОТНОО БОЛОВ

TFMC 03“Чингис хаан” үзэсгэлэн АНУ-ын Илиноис мужийн Чикаго хотын Байгалийн түүхийн Фильд музейд энэ сарын 24-ны өдөр үүд хаалгаа нээх гэж байна. Энэхүү үзэсгэлэнг бүтээх, зохион байгуулахад оролцсон, хөрөнгө оруулж хандив өргөсөн байгууллага, хувь хүмүүс, тус музейн удирдах зөвлөлийн гишүүд, олон нийтийн төлөөлөгчдөд зориулсан нээлтийн хүлээн авалт 2 дугаар сарын 22-ны өдөр Чикаго хотноо тус музейд болж Монгол Улсаас АНУ-д суугаа Элин сайд Х.Бэхбат оролцов. Хүлээн авалтыг зохион байгуулагч талаас Чикаго хотын Фильд Музейн Ерөнхийлөгч болон Гүйцэтгэх захирал Жон Макартер нээж “Чингис хаан” үзэсгэлэн Эзэн Чингисийн мэндэлсний 850 жилийн ой тохиож буй жил Чикаго хотноо заларч Монголын билгийн тооллын Шинийн нэгний өдөр үзэсгэлэнгийн нээлт болж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Үзэсгэлэнгийн гол ивээн тэтгэгч Олстэйт компанийн Дэд ерөнхийлөгч Ж.Грефин хэлсэн үгэндээ тус үзэсгэлэн нь музейн олон мянган үзэгчдэд Чингис хаан гэж хэн байсныг таних, ойлгох, тэрээр хэрхэн ердөө 25 жилийн хугацаанд Ромын гүрний дөрвөн зууны турш эзэлсэн газар нутгаас илүүг байлдан дагуулж чадсан, хүн бүрт нэгэн адил үйлчлэх хууль цаазыг хэрэгжүүлсэн хийгээд чөлөөтэй худалдааны бүс, дипломат эрх ямба, шуудан өртөөний тогтолцоо зэргийг санаачилснаар түүний хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд оруулсан хувь нэмэр, шинэчлэлтийг Америкийн ард түмэнд таниулахад чухал ач холбогдолтой болно гэв.

Элчин сайд Х.Бэхбат Эзэн Чингисийн мэндэлсний 850 жилийн ой тохиож буй жил АНУ-ын гурав дахь том хот Чикагод, Америкийн нэр хүнд бүхий музейд тус үзэсгэлэн нээгдэж байгаад бидний Монголчууд баярлан бахархаж байгааг илэрхийлээд , “Чингис хаан” үзэсгэлэнг хүлээн авч зохион байгуулж буй Фильд музей, Олстейт компани болон бусад ивээн тэтгэгч байгууллагууд, Имэжин компанид Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Тэрээр энэ жил Монгол Улс, АНУ хооронд Дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой мөн тохиож байгааг мөн онцлон тэмдэглээд энэхүү үзэсгэлэн Монголын түүх, соёлыг Америкийн ард түмэнд таниулах, хоёр улсын иргэд хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэх болно гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв. Хүлээн авалтад нийт 400 орчим зочид оролцож Монголын ардын урлагийн бэсрэг тоглолтыг мөн үзэж сонирхцгоосон болно.

Фильд музей нь 1893 онд байгуулагдсан бөгөөд Америкийн хамгийн эртний бөгөөд нэр хүндтэй музейн нэг, байгалийн ухааны салбарын эрдэм шинжилгээ, судалгааны томоохон төв юм. Тус музей 3 сая орчим үзмэртэй бөгөөд тэрнийхээ ердөө 3 хувийг олны өмнө дэлгэсэн байдаг аж. Нэг жилийн турш дунджаар 1.3 сая үзэгчдийг хүлээн авдаг бөгөөд “Чингис хаан” үзэсгэлэн 9 дүгээр сарын 3-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us