Канадын Торонто хотноо Монгол судлалын хурал болов

SONY DSCАзи Судлалын Нийгэмлэгийн жил тутмын хурал энэ жил Торонто хотын төв дэх Шератон зочид буудалд 3 сарын 15-19 – ний өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Хурлын нэгээхэн хэсэг нь Монгол судлалд зориулагдсан юм. 3 сарын 16-ны өдөр Америкийн Монгол Судлалын Төв 10 дахь удаагийнхаа уламжлалт хурлыг хийв. Энэ нь мөн тус байгууллага 10 жилийнхээ ойг тэмдэглэж байна гэсэн үг юм. Хурлыг нээж АМСТ-ийн Ерөнхийлөгч, Смитсонианы хүрээлэнгийн Арктик Судлалын төвийн захирал, доктор Б.Фитцхью үг хэллээ. Түүний дараа тус төвийн захирал, доктор Ч.Крюзкопф АМСТ-ийн үйл ажиллагааг танилцуулан ярив.

Дараа нь Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамны Хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Ананд Элчин сайд Х.Бэхбатын мэндчилгээг уламжилж тус байгууллагын 10 жилийн ой тохиож байгаад баяр хүргэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” батлагдсан болохыг судлаач эрдэмтдэд танилцууллаа.

ААМСТ-ийн хурлын үеэр Монгол Соёлын Төвийн Удирдах зөвлөлийн гишүүн С.Энхцэцэгийг төвөө танилцуулж АНУ дахь Монгол соёлын төв, Торонто хотын монголчуудын холбоо, Торонто хотын Хазара Монголчуудын нийгэмлэгтэй хамтран урлагийн тоглолт, хүлээн авалт зохион байгуулав.

Дээр нэр дурдагдсан хүмүүсээс гадна тус хуралд Монгол Улсаас Канад Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Д.Ганболд, Монгол Соёлын Төвийн тэргүүн М.Саруул-Эрдэнэ, Удирдах зөвлөлийн гишүүн Н.Ундрам, Торонто хотын монголчуудын холбооны дарга Ю.Оюунхишиг, дэд дарга Г.Содномдорж, гишүүн Ц.Цогбаяр, Монгол нийгэмлэгийн Ерөнхийлөгч А.Кэмпи, гүйцэтгэх захирал С.Дрост, Конгрессийн Номын Сангийн монгол-төвд номын эрхлэгч С.Мэйнхэйт, Торонто хотын Хазара нийгэмлэгийн тэргүүн Ж.Чангези, Монреаль хотын Монголчуудын холбооны төлөөлөгч Баярсайхан болон бусад хүмүүсийн хамт 80 орчим хүн оролцлоо.

3 сарын 17-ны өдөр Монгол нийгэмлэгийн хуралдаан болов. “Монгол нийгэмлэг” өнгөрсөн жилийнхээ үйл ажиллагаа, санхүүгийн байдал, шинэ гишүүдээ танилцуулсны дараа гол илтгэгчээр уригдан ирсэн Монгол Улсаас Канад Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Д.Ганболд Монгол-Канадын харилцааны тухай илтгэл тавив.

Хурал дараа нь Шератон буудлаас Торонтогийн их сургууль руу шилжиж, Э.Нэфийн бүтээсэн Монгол уул уурхайн тухай баримт киног үзсэний дараа дугуй ширээний ярилцлага хийв. Ярилцлагад Хойт Америк Монголын Бизнесийн Зөвлөлийн тэргүүн С.Саундерс, доктор А.Кэмпи, Торонтогийн Их Сургуулийн профессор Ж.Пуртл нар оролцож Монголын уул уурхай, байгаль орчин, боловсролын талаар саналаа илэрхийлэв.

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us