Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах санаачилгыг АНУ-ын Вашингтон хотноо танилцуулав

MCC AP01Дэлхийн байгаль хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, АНУ-ын Мянганы сорилтын сан хамтран Эх дэлхийгээ хамгаалах “Монгол Улсын агаарын бохирдлыг бууруулах санаачилга” сэдэвт уулзалтыг энэ сарын 24-ний өдөр АНУ-ын нийслэл Вашингтон хотноо зохион байгуулав.

Элчин сайд Х.Бэхбат уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Мянганы сорилтын сангийн шугамаар Монголд хэрэгжүүлж байгаа тусламжийн ач холбогдлыг өндрөөр үнэлээд “Монгол Улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 17 хувьд хүрсэн бөгөөд цаашид ч өндөр байх төлөвтэй байна. Нөгөө талаас Монголын нээлттэй, жижиг эдийн засаг уул уурхайгаас нэн хамааралтай хөгжиж байна. Иймд байгалийн баялагаас орж буй хуримтлалыг зөв зохистой, хариуцлагатай удирдах замаар эдийн засгийн өсөлтийг нийт иргэдэд хүртээмжтэй болгон амьжиргааг дээшлүүлэх, хөгжлийг байгаль орчныг хамгаалах зорилттой тэнцвэржүүлэхийн чухал”-ыг онцлов.

Уулзалтад Монголын талаас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төсөл, Монголын тусгай “Цэвэр агаар сан”-гийн төлөөлөгчид оролцож, тус тусын чиглэлээр,тухайлбал Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар хийж буй ажлынхаа тухай илтгэл тавьж, сонирхолтой, ажил хэрэгч яриа өрнүүлэв..

Энэхүү арга хэмжээнд АНУ-ын Засаг захиргаа, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн 40 гаруй төлөөлөгчид оролцов.

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us