“Номонхан, 1939: Дэлхийн хоёрдугаар дайныг угтан тодорхойлсон Улаан армийн ялалт” номын нээлтийн ёслол болов

nmnhn 1Энэ 5 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яаман дээр Др.Стюарт Д. Голдманы бүтээсэн “Номонхан, 1939: Дэлхийн хоёрдугаар дайныг угтан тодорхойлсон Улаан армийн ялалт” нэртэй шинэ номын нээлтийн ёслол боллоо. Конгрессийн Судалгааны алба, Евроази болон Зүүн европ судлалын Үндэсний зөвлөлийн судлаач тэрбээр уг номын гол санааг оюутан цагаасаа эхлэн 30 гаруй жил тээж судалсны эцэст олон нийтэд толилуулж байгаагаа уг ёслолд оролцсон 60 гаруй зочидод дэлгэрэнгүй ярьж танилцуулав.

Уг номонд 1939 онд буюу дэлхийн хэмжээний дайн дэгдэхийн өмнө Халхын голд болж өнгөрсөн тулалдааны түүхэн нөхцөл байдал, учир шалтгаан, Японы квантуны армийг зөвлөлт-монголын хамтарсан цэргийн ангиуд бут цохиж ялалт байгуулсны цаашдын үр нөлөөг тэр үеийн их гүрнүүдийн харилцааны дэвсгэр дээр япон, орос болон өрнөдийн эх сурвалжуудыг ашиглан гүнзгий судлан өгүүлсэн байна. Халхын гол буюу “Номонханы үйл явдал” нь Дэлхийн хоёрдугаар дайны анхны томоохон тулалдаан байсан бөгөөд их дайны цаашдын хувь заяаг олон талаар нь тодорхойлсоныг үнэмшилтэйгээр толилуулсанаараа уг түүхэн үйл явдал дэлхийн гео-стратегид зүй ёсны байр сууриа эзлэхэд чухлаар нөлөөлнө гэж уншигч, судлаачид тэмдэглэж байна. Элчин сайд Х.Бэхбат номын ёслолыг нээж үг хэлэхдээ др.Стюарт Голдманы энэхүү бүтээл нь дэлхийн улс төр, гео-политикийн түүхэнд тэр болгон тусгалаа олоогүй Халхын голын тулалдаан, орчин үеийн Монгол улсын түүхийн судлалд үнэтэй хувь нэмэр болж байгааг онцлон тэмдэглэхийн хамт Монгол-Америкийн хооронд Дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн жил уншигчдын хүртээл болж байгаад олзуурхаж байгаагаа илэрхийлэв.

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us