МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЧИКАГО ХОТЫН УЛС ТӨР, БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ

2013-09-30chicago_bigНҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 9 дүгээр сарын 27-28-нд АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хотод айлчлав.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын харилцааны асуудлаарх Чикагогийн зөвлөлөөс зохион байгуулсан улс төр, бизнесийн удирдлагуудтай хийсэн уулзалтад оролцож, Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хөгжлийн асуудлууд, ололт амжилт, тулгарч байгаа сорилт бэрхшээл, тэдгээрийг зөв шийдэх арга замын талаар дэлгэрэнгүй танилцуулж, санал бодлоо солилцов. Уулзалтад Чикаго хотын орлогч дарга Стивэн Коч болон Чикаго хотын уул уурхай, зам, барилга, эрчим хүч, банк санхүү, хууль, тоног төхөөрөмж, үйлдвэрлэл, худалдааны  тэргүүлэх 50 шахам компанийн удирдлага, төлөөлөл оролцлоо.

Олон улсын харилцааны асуудлаарх Чикагогийн Зөвлөлийн Ерөнхийлөгч ноён Иво Даалдер Монгол Улсын Ерөнхийлөгчийг угтан авч уулзахдаа тус зөвлөлийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Монгол Улсын төрийн тэргүүний хувьд дэлхийн хэмжээний үйл хэрэгт идэвхтэй, манлайлан оролцож буйд чин сэтгэлээсээ бахархаж явдаг гэж ярив.

Чикагогийн Зөвлөлийн Дэд Ерөнхийлөгч хатагтай Жосефин Хейндел Монгол Улсын Ерөнхийлөгчийг танилцуулахдаа “Монгол бол ардчиллын үлгэр жишээ болсон, социализмын дараах шилжилтийн хугацаанд хүний эрх, эрх чөлөөг дээдлэх чиглэлд хамгийн их амжилтад хүрсэн орнуудын нэг. Эдийн засгийнхаа өсөлтөөр дэлхийд тэргүүлж яваа орнуудын нэг – Монгол Улсын Ерөнхийлөгчийг Чикаго хотын улс төр, бизнесийн төлөөлөл хүлээн авч буйдаа баяртай байна” гэж онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч найрсаг дотно хүлээн авч, уулзалт зохион байгуулж байгаад талархал илэрхийлж, улс орныхоо нийгэм, эдийн засгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

Тэрбээр Монгол бол нээлттэй орон. Хөрөнгө оруулагчдад ээлтэй, урт хугацаанд тогтвортой ажиллах хуулиуд батлагдаж байгаа. Монголд бизнес хийх, Монголтой хамтран ажиллах боломж ирэх он жилүүдэд улам нэмэгдэнэ гэж мэдэгдэв. Мөн Монгол Улсын эдийн засагт уул уурхайн эзлэх байр суурь үлэмж өсч байна. Уул уурхайн олборлолт, тус салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын цаана хүрээлэн буй орчныг хамгаалах, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах асуудлууд эн тэргүүнд байдгийг бид сайн ойлгож ажиллах ёстой гэж ярив.

Чикагогийн зөвлөл нь нэр хүнд бүхий удирдагч, төр засгийн тэргүүн, улс төрийн лидер, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаачдыг урьж олон улсын харилцааны өргөн хүрээтэй асуудлууд, түүний дотор дэлхий дахины өмнө тулгарч буй асуудлуудад шийдэл гарц олох арга замын талаар үзэл бодлыг нь сонсох, бодлого тодорхойлогчдын байр суурийг таниулах ажлыг эрхэлдэг бие даасан, төрийн бус байгууллага юм.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us