ДЭД САЙД Д.ГАНХУЯГ, Д.РАССЭЛ НАР УУЛЗАВ

USG Russel

Вашингтон хотноо болж буй Монгол, Америкийн гадаад яам хоорондын уулзалтын манай төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг энэ сарын 14-нд АНУ-ын Төрийн департаментад зочилж, америкийн талын төлөөлөгчдийн тэргүүн, Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах нарийн бичгийн дарга Даниел Рассэлтай тусгайлан уулзав. Хоёр тал Монгол, Америкийн харилцааны өнөөгийн байдал, цаашдын төлөв, түүнчлэн бүс нутгийн хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.

Дэд сайд Д.Ганхуяг хоёр орны хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж ирснийг тэмдэглэж, үүнд өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд чухал үүрэг гүйцэтгэж буйг онцлоод ирэх онд мөн өндөр түвшний зочид төлөөлөгчдийг харилцан айлчлуулах талаар ярилцав.

Дэд сайд мөн манай хоёр орон бүс нутаг, олон улсын түвшинд амжилттай хамтран ажиллаж байгаад сэтгэл ханамжтай байгааг дурдаж, хамтын ажиллагаа ийнхүү нэмэгдэхийн хэрээр иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх, түүний дотор Монгол Улсыг иргэд нь АНУ-д визгүй зорчдог орны хөтөлбөрт хамруулах шалгуур нөхцлийг тохиролцох асуудлыг хөндөж, энэ талаарх байр сууриа тайлбарлав.

Д.Рассэл Америк, Монголын харилцаа сүүлийн хорь гаруй жилд хамтын ажиллагааны бүх салбарт амжилттай хөгжиж ирснийг онцлоод цаашид улам бүр гүнгийрүүлэн хөгжүүлэх бололцоо байгааг тэмдэглээд Монгол Улс нь бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинд ардчилсан хөгжлийн үлгэр жишээ болж буйг онцлов. Тэрбээр Монгол Улсын иргэдийг АНУ-д визгүй зорчуулах асуудлыг анхааралдаа авч, хөтөлбөрт хамруулах тухай судалгааг эхлүүлж, ойрын ирээдүйд хоёр талаас авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох саналыг дэмжив.

Талууд хоёр орны хоорондын зөвлөлдөх уулзалтад өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглэж, хамтын ажиллагааны энэхүү механизм нь хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлов. Зөвлөлдөх уулзалт үргэлжилж байна.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us