САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

pic

Америкийн Нэгдсэн Улсад аж төрж буй элэг нэгт Монголчууд аа,

Та бүхэндээ айлчлан ирж буй Ялгуусан хэмээх морин жилийн сар шинийн мэндийг дэвшүүлж, түмэн амгаланг айлтгая.

Улиран одож буй усан могой жил энэ орон газарт оршин суугаа Монголчууд та бүхэнд  ивээл буянаа хайрласан, ээлтэй сайхан жил болсон гэж итгэж байна.

2013 онд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа  үр өгөөжтэй үйл явдлаар арвин сайхан жил боллоо.  АНУ бол Монгол Улсын хамгийн том “гуравдагч хөрш”.  Манай хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн бүхий л  салбарт иж бүрэн түншлэлийн хүрээнд хөгжиж байна. Манай хоёр орныг ардчиллын үнэт зүйлс холбон бэхжүүлж байна.

Өнгөрч буй жилд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Б.Обамагийн урилгаар иргэний нийгмийн асуудлаарх өндөр түвшний уулзалтад хамт оролцов. УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид АНУ-д албан ёсны айлчлал хийв. Мөн манай Хууль зүйн сайд, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын  хэрэг эрхлэх газрын дарга, Улаанбаатар хотын захирагч зэрэг манай өндөр албаны хүмүүс АНУ-д айлчлав.  Айлын талаас Төрийн нарийн бичгийн даргын орлогч, Худалдааны дэд сайд, Сенатын гишүүд Монгол Улсад зочлов.

Мөн хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдол бүхий Ил тод байдлын хэлэлцээрт гарын үсэг зурав. Манай хоёр орны энхийг сахиулагчид дэлхийн тогтворгүй улс орнуудад мөр зэрэгцэн ажиллаж байна. Хоёр орны Гадаад яамд, Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалтууд тус тус амжилттай боллоо. Чикаго хотноо Монгол Улсын Өргөмжит консулын газрыг нээв.

Энэ завшаанд айсуй хөх морин жилдээ усыг нь ууж аж төрж яваа энэ сайхан орныхоо ёс заншил, хууль цаазыг эрхэмлэн хүндэтгэж, хийморь тань өөдрөг, үйлс тань арвин, өнөр өтгөн олуулаа цоглог бадрангуй явахын өлзий дүүрэн ерөөлийг өргөн дэвшүүлье.

Та бүхний санасан хүсэл бүхэн тань сэтгэлчлэн бүтэж, зорьсон хэрэг бүр тань саадгүй биелж, төрлөөрөө түмэн амгалан, элгээрээ энх амгалан жаргалтай сайхан байх болтугай.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Элчин сайд Б.АЛТАНГЭРЭЛ

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us