Элчин сайд Б.Алтангэрэл Нью Жерси мужийн Үндэстний наадамд оролцов

Ambassador Altangerel New Jersey Folk Festival

Элчин сайд Б.Алтангэрэл 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр АНУ-ын Нью Жерси мужийн Нью Брансвик хот дахь Ратгэрс Их сургууль дээр болсон Нью Жерси мужийн Үндэстний наадамд оролцов.

Нью Жерси мужийн Үндэстний наадам нь тус мужид аж төрж буй олон үндэстэн болон уугуул иргэдийн үндэсний соёл, зан заншлыг сурталчлахад чиглэсэн олон нийтийн, уламжлалт арга хэмжээ бөгөөд энэ жил 40 дэх удаагаа зохиогдож байгаа аж.

Жил бүрийн 4 дүгээр сарын сүүлийн Бямба гарагт болдог эл наадмын энэ жилийн хөтөлбөрт Монголын соёлыг сурталчлан таниулах арга хэмжээг тусгасан бөгөөд үүнд Нью Жерси муж дахь Халимаг үндэстний нийгэмлэгээс монгол  гэр барих, үндэсний зоог бэлтгэх зэргээр хамтран оролцов. Мөн Монголын олон үндэстний дуу хуур, бүжгийн дээжээс сонирхуулав.

Энэ жилийн наадмыг  25 000 орчим үзэгчид ирж сонирхжээ.

Элчин сайд Монголын соёлыг ийнхүү сурталчлан түгээх үйлсэд хичээл зүтгэл гаргаж байгаад наадмыг зохион байгуулагчдад талархал илэрхийлж, Монголын өв соёлыг үеийн үедээ тээж, өвлүүлэн яваа Монгол туургатнуудын төлөөлөлд баяр хүргэв. Наадмын зохион байгуулагчид Элчин сайдад Хүндэт зочны өргөмжлөл гардууллаа.

Түүнчлэн Элчин сайд  Ратгэрс Их сургуулийн гадаад харилцааны асуудал  эрхэлсэн Дэд ерөнхийлөгч Жоанна Регулскатай уулзаж, харилцаа тогтоох асуудлаар санал солилцож, хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийг эрэлхийлэн ажиллахаар болов.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us