МОНГОЛЫН НООС, НООЛУУРЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД НЬЮ-ЙОРК ХОТНОО БОЛСОН ЗАГВАРЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Дэлхийн өнцөг булан бүрийн гайхалтай авъяаслаг уран бүтээлчдийн бүтээлийг дэлгэн үзүүлэх, шинэ үеийн залуусын дизайны авъяас, хүсэл мөрөөдлийг дэмжих зорилготой LDNY Фестивалын загварын шоу 9 сарын 22-нд Нью-Иорк хотноо боллоо. Энэхүү арга хэмжээ нь НҮБ-ын байранд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Фестивалийг нээж Олон Улсын Худалдааны Төвийн гүйцэтгэх захирал хатагтай Arancha González, түүнчлэн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ban-ki Moon-ий гэргий хатагтай Ban Soon-taek, Их Британий ерөнхий сайд асан Тony Blair-ийн гэргий хатагтай Cherie Blair нар үг хэллээ.

Энэ удаагийн Загварын шоунд Дэлхийн худалдааны байгууллагын дэргэдэх Олон улсын худалдааны төвөөс хэрэгжүүлж байгаа хөгжиж байгаа буурай орнуудын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чадавхийг сайжруулах, бизнесийн үйл ажиллагааг дэмжих төсөлд хамрагдсан эмэгтэйчүүд оролцлоо. Монголын ноолуурын салбарын жижиг, дунд бизнес эрхлэгчдээс “Нанс Кашемир”, “Хатан Сүлжээ”, “Сноу Филдс” компаниудын захирал эмэгтэйчүүд оролцож төслийн хүрээнд Парсоны их сургууль, Лондонгийн загварын коллежийн загварын оюутнууд, ОУХТөвийн дизайнерийн багийнхантай хамгийн сүүлийн үеийн загварын техник технологийн өвөрмөц шийдэл бүхий загварууд дээр хамтран ажиллаж бүтээсэн бүтээлээ энэхүү загварын шоун дээр танилцууллаа.

LDNY Mongolia

LDNY фестивалийн хөтлөгч болон ОУХТөвийн зохион байгуулагч ажилтнууд монгол ноолуураар гоёсон байсан нь ирсэн зочдын сэтгэлийг догдлууллаа. Зочид монгол ноолууран бүтээгдэхүүнийг ихээхэн сонирхож байсны дотор Хатагтай Cherie Blair “Нанс кашемир” компанийн бүтээгдэхүүнийг сонирхон захиалга хийлээ.

ОУХТөв Монголын ноолуурын салбарын эмэгтэйчүүдийн чадавхийг сайжруулах төслийг цаашид өргөжүүлэн 2014-2016 оны хооронд хэрэгжүүлэх болсон нь дэлхийн зах зээл дээр өрсөлдөхүйц, сайн чанарын загвар дизайн бүхий Монголын ноолууран бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж экспортлох сайхан боломжийг нээх юм.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us