ЭЛЧИН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

honi

АНУ-д аж төрж, сурч, хөдөлмөрлөж яваа элэг нэгт Монголчууд аа,

Та нартаа айлчлан ирж буй XVII жарны “Хөхөгчин хонь” жилийн сар шинийн мэнд дэвшүүлье. Бидний Монголчууд Ялгуусан тодотголт морин жилдээ амжилт бүтээл арвинтай, хамгийн бахархууштай нь олуулаа боллоо.

Улиран одож буй морин жилд Монгол, Америкийн хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлсэн тэмдэглүүштэй үйл явдлууд тохиосныг дуулгахад таатай байна. Өндөр дээд түвшний уулзалт, айлчлалууд хэрэгжив. Монгол Улсын Их хурал Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ-ын хоорондын хэлэлцээрийг соёрхон баталсан нь манай хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн таатай нөхцөл бүрдүүлэх юм. Мөн АНУ манай улсыг Мянганы Сорилтын 2 дахь компактад хамруулахаар сонгон шалгаруулж, энэ хүрээнд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар талууд яриа хэлцээгээ эхлүүлж байна. Монгол-Америкийн энхийг сахиулагчид Афганистанд мөр зэрэгцэн алба хааж, тус улсын аюулгүй байдлыг сахиулж байна.

Айсуй жилд бултаараа санасан хүслээ сэтгэлчлэн бүтээж, зорьсон хэргээ саадгүй биелүүлж, төрлөөрөө түвшин сайхан, элгээрээ энх амгалан, хүүхэд багачууд сэргэлэн цовоо, идэр залуус ажилсаг, хийморьтой, өтгөс буурлууд өмөг түшигтэй байхыг ерөөе.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Элчин сайд Б.АЛТАНГЭРЭЛ

2015-02-16

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us