МОНГОЛ, МЕКСИКИЙН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ ОЙГ ТЭМДЭГЛЭВ

Элчин сайд-Дэд сайд Карлос Иказа

Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл 2015 оны 4 дүгээр сарын 15-18-нд Мехико хотноо ажиллаж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулж, Мексикийн парламент, ГХЯ-ны албаны хүмүүстэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Тэрбээр монголын тал хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч ирснийг тэмдэглэж, тэмдэглэлт ойг тохиолдуулан Мексикийн олон нийтэд улс орныхоо соёл урлагийг танилцуулах анхны томоохон арга хэмжээг зохион байгуулсандаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Б.Алтангэрэл Мексикийн Гадаад хэргийн дэд сайд Карлос Иказатай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож ярилцав. Талууд  манай хоёр орон газар зүйн байршлын хувьд алс оршдог ч даяаршил, технологийн дэвшлийн ачаар орон зайн саадыг даван туулж чадна гэдэгт санал нэгтэй байгааг тэмдэглэж, хоёр орон хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллах, Монголчууд Мексикийн аялал жуулчлал, уул уурхайн салбарын туршлагаас суралцах эрмэлзэлтэй байгааг нотлов.

Элчин сайд Мексикийн Гадаад хэргийн сайд Хосе Антонио Мидэд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн мэндчилгээг уламжилж, 40 жилийн ойд зориулж дурсгасан Гэрэгэг Дэд сайд К.Иказад гардуулав.

Элчин сайд Мексикийн Сенатын Гадаад харилцааны АНД-н хорооны дарга Сенатор Т.Корзо, Мексикийн Депутатуудын Танхимын гишүүн, Мексик-Монголын парламентын Найрамдлын бүлгийн дарга хатагтай Делвим Барсенас болон бүлгийн гишүүдтэй тус тус хүлээн авч уулзав. Талууд хууль тогтоох байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг тогтмолжуулахад харилцан айлчлал, харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлэхийн чухлыг тэмдэглэж, ярилцав. Хатагтай Д.Барсенас МУИХ дахь Монгол-Мексикийн Найрамдлын бүлгийн дарга Г.Уянгын  урилгыг талархан хүлээн авч, айлчлалыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд ГХЯ-ны АНД-н газрын Ерөнхий захирал А.Мадригал, Мексикийн олон улсын хөгжлиийн хамтын ажиллагааны Агентлагийн  захирал Элчин сайд Бруно Фигаро нартай уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцов. Айлын тал Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны Агентлагийнхаа (AMEXCID) шугамаар баклаварын дараах сургалт, АНД, Африк, Ойрхи Дорнодын орнуудад зориулсан хөтөлбөрт тус бүр 2 тэтгэлэг олгох боломжтойгоо мэдэгдэв. Мөн Мексикийн ГХЯ-ны дэргэдэх Дипломатын Академиас гадаадын дипломатуудад зориулан зохион байгуулдаг испани хэл, соёлын семинарт манай талаас 1-2 хүн оролцуулах боломжтой гэв.  Түүнчлэн Мексикчүүд соёлын үнэт зүйлс, олдворыг хамгаалахад хамтран ажиллах, туршлагаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Мексикийн ГХЯ-ны дэргэдэх Дипломатын Академийн төв байранд зураач Д.Цолмонгийн “Монгол хийморь” нэртэй уран зургийн үзэсгэлэн гаргаж,  түүний 50 орчим бүтээлийг тавьж сонирхуулав. Үзэсгэлэнгийн нээлт дээр Нарны циркийн жүжигчин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Л.Баясгалан, уран нугараач Г.Энхгэрэл, морин хуурч Б.Төрхүү нар Монгол ардын дуу хуур, бүжиг, уран нугаралтын үзүүлбэр тоглолт үзүүлсэн нь уригдсан зочдын талархлыг хүлээлээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Мексикийн парламентын гишүүд, ГХЯ, Соёлын яам, Аялал жуулчлалын яамны удирдах албан тушаалтнууд болон манай улстай хамтын ажиллагаатай байгууллага, хувь хүмүүс, Мексикт аж төрдөг Монголчуудын төлөөлөл зэрэг 200 шахам зочид оролцлоо.

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo