ХОЙД АМЕРИК, МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛИЙН УУЛЗАЛТ БОЛОВ

Элчин сайд Б.Алтангэрэл 2015 оны 4 дүгээр сарын 21-22-нд Вашингтон хотноо болсон Хойд Америк, Монголын Бизнесийн зөвлөлийн жилийн уулзалтад оролцож үг хэлэв.

Элчин сайд  ХАМБЗ-ийн 25 жилийн ой тохиож байгаад баяр хүргэж, Зөвлөл нь Монгол Улсыг Хойд Америктай холбосон хамгийн анхны бизнесийн байгууллага бөгөөд Монголын гадаад худалдааг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татахад чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглэв. Мөн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газраас эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, Монгол, АНУ-ын хоорондын эдийн засгийн харилцааны талаар танилцуулж, эдгээрт ХАМБЗ-ийн дэмжлэг нэн чухал болохыг онцлов.

ХАМБЗ-ийн 25 жилийн ойг тохиолдуулан  ХАМБЗ-ийн дарга Элчин сайд Памела Слуцийг “Алтангадас” одонгоор шагнасныг Элчин сайд гардуулан өгч, баяр хүргэв. Элчин сайд одонг гардуулж хэлсэн үгэндээ хатагтай Памела Слуц нь АНУ-ын Төрийн департамент болон манай улсад Элчин сайдаар ажиллаж байхдаа Монгол-Америкийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж, аливаа асуудлыг нааштай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсний зэрэгцээ хувь хүний хувьд монголчуудад элэгсэг дотно хандаж ирснийг тэмдэглэв.

П.Слуц Төрийн департаментад ажиллаж байхдаа Монгол Улсыг АРФ-т элсэх, Монгол-Америкийн хооронд хоёр талын зөвлөлдөх механизмтай болохыг дэмжиж, нааштай шийдвэр гаргуулж байсан бол манай улсад (2003-2006 он) АНУ-ын Элчин сайдаар ажиллаж байхад АНУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа албан ёсоор айлчилж, мөн манай улс АНУ-ын МСС-гийн анхны компакт гэрээнд хамрагдаж байсан нь түүний идэвх санаачлагатай холбоотой юм.

Энэ жилийн уулзалтад ХАМБЗ-ийг анх үүсгэн байгуулсан Жалса Урубшуров, Жийн Тэро нараас гадна манай улсад сууж байсан Элчин сайд А. ЛаПорта, Ж.Дингэр, П.Слуц, М.Минтон нар хүрэлцэн ирж, хоёр харилцааны хамтын ажиллагааны түүх, төлвийн талаарх хэлэлцүүлэгт оролцов. Ийнхүү одоогийн Элчин сайд П.Кэмбэлээс гадна Америкийн 4 Элчин сайд асан уулзалтад ирж оролцсон нь онцлог байв. Мөн уулзалтад Төрийн Департамент, Худалдааны яам, АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар, судалгааны хүрээлэн, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын  80 шахам төлөөлөгч оролцов.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us