АРДЧИЛЛЫН 25 ЖИЛИЙН ОЙГ АНУ-Д ТЭМДЭГЛЭВ

022

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ Америк-Азийн хүрээлэнтэй хамтран Монгол Улсад ардчилсан өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлж, олон намын оролцоо бүхий анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ойг тохиолдуулан Америкийн Конгресс, засаг захиргаа, судалгаа шинжилгээний хүрээлэн, хувийн хэвшлийн төлөөлөлд зориулан уулзалт зохион байгуулав.

Элчин сайд Б.Алтангэрэл уулзалтыг нээж хэлэхдээ, Монгол Улс дэлхийн ардчилсан орнууд, түүний дотор ардчиллын өлгий нутаг Америкийн ард түмэн, түүний үе үеийн засаг захиргааны зүгээс үзүүлж ирсэн тууштай дэмжлэгийн ачаар ардчилсан,  чөлөөт, иргэний нийгмийг байгуулах үйлсдээ амжилт гаргаж байгааг тэмдэглэж, чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Элчин сайд Монгол, Америк хоёр  эдүгээ нийтлэг үнэт зүйлс, стратегийн эрх ашигт суурилсан өргөн хүрээтэй түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлж байгааг онцлон тэмдэглэж, харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө санаа зорилго нэгтэй ажиллаж байгааг онцлов.047

Монгол, Америкийн харилцааг зохицуулсан хууль эрх зүйн үндсийг бий болгож, Монгол  Улсын эрх зүйн тогтолцооны шинэчлэлийг урагшлуулахад АНУ-ын Конгресс, түүний дотор Төлөөлөгчдийн танхимын Ардчиллын төлөөх Түншлэлийн Хөтөлбөрийн шугамаар хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд чухал нөлөө үзүүлснийг тэмдэглэв. Түүнчлэн АНУ-ын Конгрессын зүгээс Монголын ардчилал шинэчлэлийг дэмжсэн тогтоолууд  гаргасан нь  Монголчуудын хувьд  асар том дэмжлэг, урагшлах урам зориг болж байсныг талархан дурсав.

Хорин таван жил нь ардчилсан хөгжлийн замналд тийм ч урт биш боловч ололт амжилт, алдаа онооны тодорхой туршлага хуримтлуулах боломжтой хугацаа гээд тэдгээрээс шинэ тулгар, шилжилтийн үедээ яваа орнуудтай хуваалцаж ажиллаж байгааг тэмдэглэв.  008

Эл арга хэмжээн дээр Сенатор Ж.МакКейн, Сенатор Ш.Уайтхаус, Конгресс дахь Монголын Бүлгийн дарга, Конгрессын гишүүн Ж.МакДермотт, Төрийн департаментын АНД-н орнуудын асуудал хариуцсан туслах нарийн бичгийн даргын орлогч хатагтай Сюзан Торнтон, Бүгд Найрамдахчуудын Хүрээлэнгийн Ерөнхийлөгч, Элчин сайд Марк Грийн нарын  хүмүүс үг хэлж, баяр хүргэв.043

Ж.МакКейн хэлсэн үгэндээ Монгол бол ардчиллын үлгэр жишээ орон,  АНУ Монголыг, ардчиллыг, эрх чөлөөг дэмжих ёстой гэв.

Бүгд Найрамдахчуудын Хүрээлэнгийн Ерөнхийлөгч Марк Грийн манай  байгууллага Монголд 23 дахь жилдээ ажиллаж байна. Олон чиглэлээр үйл ажиллагаа явууллаа. Бидний авсан хамгийн том сургамж бол Монголчууд ардчиллын төлөө тууштай, нийгмийн хөгжлийн тушаа болсон авилгыг устгахын төлөө сэтгэл шулуудсан хүмүүс гэдгийг мэдэж авсан. Энэ бол гайхамшигтай зүйл гэдгийг хэлмээр байна гэж ярив.

069

Хүрээлэнгийн байранд зураач Д.Цолмонгийн “Монгол хийморь” уран зургийн үзэсгэлэн гаргаж сонирхуулав. Мөн манай жүжигчдийн Монгол ардын дуу хуур, бүжгийн тоглолт уригдсан зочдын талархлыг хүлээв.

Арга хэмжээнд АНУ-ын Конгрессын гишүүд, Конгрессын ажлын албаны ажилтнууд болон бусад төрийн байгууллагын төлөөлөл, манай түнш байгууллага, хувь хүмүүс зэрэг  200 гаруй зочид оролцов.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us