ГАДААДАД СУУГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЦАХИМ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

main-head-01Нийгмийн даатгалын ерөнхий газраас хилийн чанадад оршин суугаа Монгол улсын иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сайн дурын төрөлд цахимаар даатгуулах үйлчилгээг Төрийн банктай хамтран нэвтрүүлж байна.

Хүн ам орон сууцны 2010 оны улсын тооллогын дүнгээс үзвэл  гадаадад зургаан сараас дээш хугацаагаар амьдарч байгаа нийт 107 мянга 140 Монгол Улсын харьяат иргэд байдаг гэсэн тоо гарсан ба жил бүр тогтмол өсөж байгаа аж. Тэдгээр иргэдийн дийлэнх нь тодорхой хугацааны дараа эх орондоо эргэн ирэх хүсэлтэй байдаг ба энэхүү шинэ үйлчилгээ тэдний нийгмийн баталгааг хангаж өгөхөд чухал үр нөлөөтэй гэж үзэж байгаа юм.

Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэд цахимаар нийгмийн даатгалд хамрагдахдаа сайн дураар даатгуулах ба Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар сайн дурын даатгалд дараах иргэд даатгуулах боломжтой. Үүнд:

  • Хувиараа бизнес эрхлэгч;
  • Гадаадын төслийн нэгжид ажилладаг иргэн;
  • Жолооч (такси, зорчигч болон ачаа, хот хоорондын тээврийн жолооч);
  • Бичил уурхай эрхлэгч;
  • Газар тариалан эрхлэгч (ногоочин);
  • Малчин;
  • Оюутан (бакалавр, магистр, докторант, бусад);
  • Ажлаасаа захиргааны цалингүй чөлөө түр хугацаанд авсан иргэн;
  • Гадаад улс оронд оршин суугч иргэн
  • Ажилгүй иргэн;
  • Бусад;

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын ерөнхий газар нь нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллаж, 2014 оны эцсийн байдлаар 830.0 мянган албан журмын, 170.0 орчим мянган сайн дурын даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулж, 345.0 мянган тэтгэвэр авагчид сар тутам тэтгэвэр, 200.0 мянга гаруй даатгуулагчид тэтгэмж олгож, давхардсан тоогоор 4.1 сая даатгуулагчид эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.

Хилийн чанадаас нийгмийн даатгалд цахимаар хэрхэн хамрагдахдаа дараах  зааварчилгааг  мөрдөнө үү.

  • Нийгмийн даатгалын ерөнхий газрын ndaatgal.mn вэб сайтад байрлуулсан баннер дээр дарж нэвтэрнэ.
  • Энэхүү үйлчилгээнд хамрагдахын тулд та хэрэглэгчээр бүртгүүлэх шаардлагатай.
  • Хэрэглэгчийн бүртгэл хэсэгт өөрийн регистрийн дугаарыг үнэн зөв оруулна уу. Таны оруулсан регистрийн дугаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлтэй цахимаар тулгагдаж мэдээлэл таарч байвал таны мэдээлэл шууд гарч ирэх болно.
  • Харин Таны мэдээлэл байхгүй бол та монгол үсгийн гарын драйвер ашиглан өөрийн регистрийн дугаар, ургийн овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, бусад мэдээллийг үнэн зөв бөглөж илгээгээрэй. Хэрэв эдгээр мэдээлэл буруу буюу зөрүүтэй бол гэрээ байгуулах ажил хойшлогдох магадлалтайг анхаарна уу.
  • Мэдээллээ бүрэн оруулсаны дараа таны мэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ.
  • Нэвтэрсний дараа Төрийн банкинд данстай эсэхийг автоматаар шалгаж, дансгүй бол данс нээх заавар гарч ирнэ. Хэрвээ данстай бол цахимаар гэрээ байгуулж, хадгалах товчийг дарж илгээнэ.
  • Хэрвээ данстай бол цахимаар гэрээ байгуулж, хадгалах товчийг дарж илгээнэ.
  • Гэрээний бүртгэлийн хэсэгт та өөрийн сард олж байгаа орлого, зарцуулж байгаа зарлага, ирээдүйн нийгмийн баталгаагаа хангах байдал зэргээс шалтгаалан нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын орлогоо 192 000 – 1 920 000 төгрөгийн хооронд сонгон өөрөө тодорхойлно. Харин таны сонгосон дүн гэрээний хугацаанд өөрчлөгдөхгүй болохыг анхаарна уу. Мөн энэ хэсэгт гэрээний үргэлжлэх хугацаа шимтгэл төлөх давтамжаа сонгож бөглөнө. Гэрээний бүртгэлийн хэсэгт та зөвхөн өөрийн гадаад паспортын зураг, нэртэй хэсгийг хавсарган илгээнэ. Хэрэв эдгээр мэдээлэл буруу, өөр хүний паспорт хавсаргасан зэрэг зөрүүтэй бол гэрээ байгуулах ажил хойшлогдох магадлалтайг анхаарна уу.
  • Гэрээ илгээгдсэний дараа Нийгмийн даатгалын ажилтан гэрээг хянаж баталгаажуулан, баталгаажуулсан талаартанд мэйлээр мэдэгдэнэ.
  • Дахин программд нэвтэрч гэрээний анхны төлбөрөө төлнө.
  • Хэрвээ таны дансан дахь үлдэгдэл хүрэлцэхгүй бол бүртгэлтэй дансны жагсаалтан дээр зузаатгал хийх гэсэн товч харагдана.
  • Гүйлгээ хийхэд гарч ирэх “Verification code”-ыг таны мэйл рүү Төрийн банкнаас илгээсэн байна.
  • Гүйлгээ амжилттай хийгдсэн тохиолдолд гэрээний цаасан хувийг Нийгмийн даатгалын ажилтан баталгаажуулж, хуулбарыг 24 цагийн дотор таны бүртгэлтэй мэйлээр илгээнэ.
  • Дараагийн саруудын төлбөрөө төлөхдөө Төлөх гэсэн товчийг дарна. Шимтгэл төлөлт баталгаажсан эсэхийг Шимтгэл төлөлт харах гэсэн хэсгээс даатгуулагч өөрөө хянах боломжтой.

Холбоотой асуулт, хариулт

  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлого гэж юу вэ? Түүнийг хэрхэн сонгох вэ?
    • Та нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын орлогоо өөрөө тодорхойлох бөгөөд доод хэмжээ 192 000 төгрөг, дээд хэмжээ нь 1 920 000 төгрөг тус тус мөрдөгдөж байна. Та өөрийн сард олж байгаа орлого, зарцуулж байгаа зарлага, ирээдүйн нийгмийн баталгаагаа хангах байдал зэргээс шалтгаалан орлогоо 192 000 – 1 920 000 төгрөгийн хооронд сонгон авах боломжтой. Харин таны энэ сонгосон дүн гэрээний хугацаанд өөрчлөгдөхгүй болохыг анхаарна уу.
  • Сар бүр хэдэн төгрөг нийгмийн даатгалын шимтгэлд төлөх вэ?
    • Таны хэдэн төгрөгийн шимтгэл төлөх сонгосон орлогоос Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээ буюу 12 хувиар тооцон таны нэг сард төлөх шимтгэлийн дүн гарна. Жишээ нь Та сард 200 000 төгрөгөөс тооцон даатгуулахаар гэрээ байгуулах бол нэг сард 24 000 (200 000 х 12 хувь) төгрөг төлнө.
  • Сайн дурын даатгалд даатгуулснаар ямар төрлийн даатгалд хамрагдах вэ?
    • Тэтгэврийн даатгал (10%), Тэтгэмжийн даатгал (1.0%), Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал (1.0%) тус тус даатгуулна.
  • Нийгмийн даатгалын шимтгэлээ ямар хуваарийн дагуу төлөх вэ?
    • Та өөрийн орлогын байдлыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр, улирал бүр, хагас жил бүр, жилд нэг удаа гэсэн сонголоос сонгон, гэрээнд тусгаснаар төлөх боломжтой. Гэрээний хугацаанд хугацаа хоцорсон төлөлтөд алданги тооцдог.
  • Сайн дурын даатгалын гэрээг ямар хугацаагаар байгуулж болох вэ?
    • Та нэг жил хүртэл хугацаагаар гэрээ байгуулах боломжтой ба цаашид 3 удаа сунгаж болно.
  • Нийгмийн даатгалын дэвтэрийг хэрхэн нээлгэх вэ? Хэзээ авах вэ?
    • Энэ үйлчилгээг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс бүрэн хариуцан ажиллана. Таны сайн дурын даатгалын гэрээ баталгаажиж, та шимтгэл төлсний дараа энэ ажлыг хариуцсан нийгмийн даатгалын ажилтан нийгмийн даатгалын дэвтэр нээж, холбогдох бичилтийг сар бүр хийж, мэдээллийн санд мэдээллийг оруулж ажиллана. Та Монгол Улсад ирсний дараа гэрээний хувь дээр гарын үсгээ зурж, нийгмийн даатгалын дэвтрээ хүлээн авна.
  • Энэ үйлчилгээний холбоотой асуудлаар ямар цахим шуудан болон утсаар холбоо барих вэ?

Та support@ndaatgal.mn цахим шуудангаар болон 976-11-345219 (ажлын цагаар) 976-99069622 гэсэн утсаар холбогдоно уу. Энэхүү үйлчилгээ нь тодорхой дараалсан үйлдэлтэй тул Та тухай бүр цахим шуудангаа (inbox болон spam хэсгийг) шалгаарай.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us