ЭЛЧИН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

ambassador2016+web

АНУ-д аж төрж, сурч, хөдөлмөрлөж буй элэг нэгт Монголчууд аа,

Та нартаа айлчлан ирж буй XVII жарны Гал бичин жилийн сар шинийн мэнд дэвшүүлье. Та бүхний үйлс арвин гэдэгт итгэж байна.

2015 онд Монгол, Америкийн хамтын ажиллагаа өргөжин тэлж, харилцан  ойлголцол гүнзгийрч ирлээ. Монгол Улсын Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд АНУ-д айлчилж, бусад өндөр түвшний хэд хэдэн уулзалт амжилттай хэрэгжив. Монгол Улс ардчилал, эрх чөлөө, чөлөөт зах зээлийн замаар тууштай замнаж, дэлхийн ардчиллын үлгэр дууриал болж байгаад манай ард түмэн, Засгийн газарт баяр хүргэж АНУ-ын Сенат тогтоол баталсан нь манай хоёр орны харилцаа хэрхэн ойр дотно байгаагийн нотолгоо юм. Мянганы Сорилтын 2 дахь гэрээний хүрээнд манай улсад хэрэгжүүлэх томоохон төслийн талаарх яриа хэлцээ, бэлтгэл ажил шаргуу явагдаж байна. Монгол-Америкийн энхийг сахиулагчид Афганистанд мөр зэрэгцэн алба хааж, тус улсын аюулгүй байдлыг сахиулахад хувь нэмрээ оруулж байна.

Гал бичин жилд эрхэм Таны зорьсон хэрэг, санасан хүсэл сэтгэлчлэн бүтэж, өтгөс буурлууд маань өмөг түшигтэй, идэр залуус маань оюунлаг, цог хийморьтой байж улс орны хөгжлийн түүчээнд түрлэг нэмж,  хүүхэд багачууд маань сэргэлэн цовоо, хөгжин баясч, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан байхын өлзий дүүрэн ерөөлийг өргөе.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Элчин сайд Б.АЛТАНГЭРЭЛ

2016-02-08

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us