АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮНДЭСТНЭЭ ГАДААДЫН ТЕРРОРИСТООС ХАМГААЛАХ ЗАРЛИГИЙН ТУХАЙ

АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэстнээ гадаадын террористоос хамгаалах зарлигийн тухай

 АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп энэ оны 1 дүгээр сарын 27-ны өдөр “Гадаадын террористыг АНУ-д нэвтрүүлэхгүйгээр үндэстнээ хамгаалах тухай” зарлиг гаргав. Энэхүү зарлигийн гол агуулгыг тоймлон үзвэл:

– Тухайлсан асуудал бүхий орон (countries of particular concern)-ы иргэнд виз,  цагаачлалтай холбоотой тэтгэмж олгохыг тус бүр зогсоох, чингэхдээ эдгээр орны иргэдийг америкт нэвтрэх виз авсан эсэхээс үл хамааран АНУ-д нэвтрүүлэхийг 90 хоногийн хугацаанд хориглов;

– АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй цагаачлалтай холбоотой бүх хөтөлбөрийг хянан үзэхийг холбогдох яам, агентлагт даалгав;

– АНУ-ын дүрвэгсэд хүлээн авах 2017 оны хөтөлбөр (USRAP)-ийг  эргэн харах, чингэхдээ 120 хоногийн хугацаанд хөтөлбөрийг түр зогсоосон бөгөөд Сири улсаас дүрвэгч авахыг мөн тодорхойгүй хугацаагаар хориглов;

– АНУ-д зорчиж буй (traveler) бүх иргэний орсон, гарсныг биометрийн үзүүлэлтээр мөрдөн шалгах тогтолцоо (Biometric Entry-Exit Tracking System)-г шуурхай нэвтрүүлж хэрэгжүүлэх, чингэхдээ 180 хоног тутам тайлагнахыг үүрэг болгов;

Энэхүү зарлигт улсын нэр заагаагүй боловч, тухайлсан асуудал бүхий улс гэдэгт Ирак, Иран, Сири, Йемэн, Ливи, Сомали, Судан гэсэн 7 орны иргэнийг АНУ-д нэвтрүүлэхийг хориглоод байгаа юм.

Энэхүү зарлигтай холбогдуулан, Холбооны шүүгч Жэймс Робарт Вашингтон, Миннесота мужийг төлөөлөн бусад иргэний хамт 2016 оны 1 сарын 30-ны өдөр Ерөнхийлөгч Д.Трамп болон бусад албан тушаалтныг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасныг Вашингтон мужийн дүүргийн шүүх хянан үзээд,  2016 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн тус зарлигийн хэд хэдэн заалтыг холбооны хэмжээнд мөрдөхийг түр түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан. Тухайлбал, зарлигийн 3 дугаар зүйлийн 3(c) дахь заалтыг буюу тухайлсан асуудал бүхий орны  иргэдийг 90 хоногийн хугацаанд АНУ-д нэвтрүүлэхийг хориглосныг  түдгэлзүүлэв. Мөн зарлигийн 5 дугаар зүйлийн 5.(b) (c) (e) заалтыг түдгэлзүүлснээр Сирийн дүрвэгсэдийг хүлээн авах хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болов. АНУ-ын Хууль зүйн яамнаас Вашингтон мужийн дүүргийн шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч  АНУ-ын 9 дүгээр тойргийн давж заалдах шатны шүүхээс доод шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээгээд байна. Иймд дээр дурдсан орноос АНУ-ын виз авсан иргэд тус улсад хилээр нэвтэрч эхлээд байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Executive order: Protecting the nation from foreign terrorist entry into the United States https://www.whitehouse.gov/the-press-office/2017/01/27/executive-order-protecting-nation-foreign-terrorist-entry-united-states

            

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us