“МИНИЙ МОНГОЛ НААДАМ” УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН ЗААВАР

Mongolia Naadam Festival

“МИНИЙ МОНГОЛ НААДАМ”

УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН ЗААВАР

Монгол Улсад Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Монголын түүх, соёлын өв, зан заншлыг гадаадад сурталчлах, гадаадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийг дэмжих зорилгоор Гадаад харилцааны яамнаас 3 дахь жилдээ хилийн чанадад амьдарч буй иргэд, холбоодын дунд  “Миний Монгол наадам” уралдаант шалгаруулалтыг зарлаж байна.

Нэг. Зорилго

ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн Монгол наадмыг сурталчлах,  хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийг дэмжих, тэдэнтэй хамтран ажиллах зорилгоор наадмыг амжилттай сайн зохион байгуулсан байгууллага, иргэдийг урамшуулан алдаршуулах юм.

 Хоёр. Ерөнхий зохион байгуулагч

Үндэсний их наадмыг зохион байгуулах комисс “МИНИЙ МОНГОЛ НААДАМ” уралдааны ялагчдыг шалгаруулна.

Гурав: Наадам зохион байгуулахад тавигдах шаардлага, шалгуур

“МИНИЙ МОНГОЛ НААДАМ” уралдаанд хилийн чанадад буй иргэдийн холбоо, нийгэмлэг, иргэд (цаашид оролцогч гэх) оролцоно. Оролцогч бүр хороонд 2017 оны 6 дугаар сарын 30ны дотор бүртгүүлсэн байна.

“МИНИЙ МОНГОЛ НААДАМ” уралдааны ялагчийг шалгаруулж байр эзлүүлэхдээ дараах шалгуурыг баримтална. Үүнд:

  1. Нийт оролцогчдын тоо
  2. Тухайн орны хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн, нэвтрүүлэгдсэн тоо
  3. Жиргээ (Твитер)-нд авсан Re-tweet тоо
  4. Нүүр номны (Фэйсбүүк) Like-ын тоо
  5. Эрийн гурван наадмыг хамруулсан байдал
  6. Монгол үндэсний өв, соёлыг сурталчилсан арга хэмжээ

Дөрөв. Тайлан

“МИНИЙ МОНГОЛ НААДАМ” зохион байгуулсан тайланг 2017 оны 07 дугаар сарын 20-ны дотор Монгол Улсын Гадаад харилцааны яамны dep11@mfa.gov.mn болон www.facebook.com/ Mongolian-Naadam-festival 2017 хаягаар цахим хэлбэрээр оруулах бөгөөд тайланд дараах зүйлийг багтаасан байна.

  • Энэхүү зааврын 3 дугаар бүлгийн i-vi-д заасан мэдээлэл, баримт, видео, фото,
  • Зохион байгуулсан наадмын албан ёсны хөтөлбөр, зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн, холбоо барих хаяг,
  • Санхүүгийн тайлан, зэрэг болно.

Тав. Санхүүжилт

“МИНИЙ МОНГОЛ НААДАМ”-ыг тухайн улс, хотод зохион байгуулах зардал, тайлан ирүүлэх зардлыг тухайн наадмыг зохион байгуулан уралдаанд оролцогчид өөрсдөө хариуцна.

Зургаа. Шагнал урамшуулал

“МИНИЙ МОНГОЛ НААДАМ”-ыг амжилттай зохион байгуулсан эхний 3 оролцогчийг шалгаруулан Үндэсний их наадмыг зохион байгуулах комиссоос шагнал гардуулна. Байр эзэлсэн оролцогчдыг Монгол Улсын хэвлэл мэдээллээр сурталчлах ажлыг Гадаад харилцааны яам хариуцана.

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

 

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us