ТНБД Д.ДАВААСҮРЭН АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТАМЕНТЫН АХЛАХ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ УУЛЗАВ

Вашингтон хотноо болж буй Монгол, АНУ, Японы гурван талт уулзалтад оролцох үеэрээ ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2020 оны 1 дүгээр сарын 9-нд Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах ТНБД Д.Стилвэлл-тэй уулзаж, Монгол, Америкийн стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хоёр талын эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдааны харилцааг өргөжүүлэх болон бүс нутгийн сонирхсон асуудлаар санал солилцож, ярилцав.

Манай тал ФАТФ-ын “саарал жагсаалтаас” гарахтай холбогдуулан Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан бөгөөд айлын тал тус байгууллагаас гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн хоёр тал Монгол, Америкийн ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо 2020 оны эхний хагаст зохион байгуулахаар тохиролцож, мөн үеэр Туслах ТНБД Д.Стилвэлл Монгол Улсад айлчлахаа илэрхийлэв.

Мөн Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Төрийн департаментын Умард Солонгосын асуудал хариуцсан Тусгай төлөөлөгчийн орлогч А.Вон-той уулзаж, бүс нутаг, түүний дотор Солонгосын хойг дахь сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар санал солилцов. Талууд асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийн чухлыг тэмдэглэв.

Эдгээр уулзалтад Элчин сайд Ё.Отгонбаяр, ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх, Төрийн департамент, ЭСЯ-ны ажилтнууд байлцав.

КОРОНАВИРУС / COVID-19

Like us

Follow us