ЦАГААН ОРДНЫ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН АХЛАХ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2020 оны 1 дүгээр сарын 9-нд Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Азийн асуудал хариуцсан Тэргүүн захирал хатагтай А.Хүүкэр-тэй уулзав. Хоёр тал Монгол, Америкийн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд өндөр, дээд түвшний харилцан айлчлал, түүний дотор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д, АНУ-ын Батлан хамгаалахын сайд М.Эспер, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ж.Болтон нарын Монголд хийсэн айлчлалууд чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэв.

Талууд Монгол, Америкийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэж, хоёр орны хооронд байгуулсан Худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийг батлуулах, Монголыг ФАТФ-ын “саарал жагсаалтаас” гарах зэрэг асуудлаар хамтран ажиллахаар ярилцав. Америкийн талаас хоёр улсын худалдааны харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.

ТНБД Д.Даваасүрэн хатагтай А.Хүүкэрийг Монгол Улсад айлчлахыг урив.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us