ШИНЭ КОРОНАВИРУСЫН ТАЛААР ИРГЭДЭД ХҮРГЭХ МЭДЭЭЛЭЛ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны мэдээгээр дэлхий дахинд шинэ Коронавирусын халдвараар 844 хүн өвчилж, 25 хүн нас барсан, 177 хүний биеийн байдал хүнд байна. Монгол Улсад шинэ Коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдээгүй.

Харин АНУ-ын Вашингтон мужид ”2019-nCoV” коронавирусын халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдсэн бол энэ сарын 24-ний өдөр Чикаго хотод эл вирусын халдвар авсан 2 дахь тохиолдол гарсныг АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлээд байна.

Иймд АНУ-д оршин суугаа иргэд Та бүхэн Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас Коронавирусын халдвараас сэргийлэх талаар гаргасан дараах зөвлөмжүүдийг анхаарна уу. Үүнд:

  1. Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;
  2. Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;
  3. Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;
  4. Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;
  5. Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;
  6. Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;
  7. Түүхий ус уухгүй байх;
  8. Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;
  9. Арьс, салстаа аль болох гэмтээхгүй байх;
  10. Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;
  11. Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;
  12. Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;
  13. Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;
  14. Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх зэрэг болно.

 

Элчин сайдын яам

2020-01-24 

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us