ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – 2020.03.25

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар өдөр тутмын мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу. 

 

ЦАГ ҮЕИЙН БАЙДАЛ №2

Монгол Улсад

2020 оны 3 сарын 25-ний өдрийн байдлаар Монгол Улсад гадаад улсаас МИАТ-ын захиалгат нислэгээр ирсэн 10 иргэн халдварын оноштой эмчлэгдэж байна. Одоогоор нэмж халдвар авсан тохиолдол байхгүй. Нас барсан хүн байхгүй. Эмчлэгдэж буй 10 иргэний биеийн байдал тогтвортой хэвээр байна.

Өнөөдөр улсын хэмжээнд 24 цэгт 2,083 хүн тусгаарлалтад байна. Улаанбаатараас гадна, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Орхон, Хэнтий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймгуудад иргэд тусгаарлагдаад байна.

Тусгаарлах байрны хүрэлцээ бага байгаа тул 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс Цагааннуурын боомт, 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс Алтанбулагийн боомтыг түр хаах Улсын онцгой комиссын шийдвэр хэвээр үйлчилж байна.

Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан болно. Мөн их, дээд сургуулиуд, Ерөнхий боловсролын сургуулиудын хичээл завсарлуулах хугацааг 4 дүгээр сарын 30 хүртэл сунгасан байгаа.

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу МИАТ ХК 4 дүгээр сарын 1-нд Токио хотын Нарита олон улсын нисэх онгоцны буудал, 4 дүгээр сарын 2, 3, 5-нд Сөүл хотын Инчон олон улсын нисэх онгоцны буудал руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

Тусгай үүргийн нислэгүүдийн талаар МИАТ ХК Улаанбаатарын цагаар 3  дугаар сарын 26-ны 12:00 цагт хэвлэлийн бага хурал хийж, дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

АНУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэд дурдсан нислэгүүдэд суудлаа баталгаажуулж, тийзээ худалдан авсныхаа дараа л АНУ-аас Токио (Narita) эсхүл Сөүл (Incheon) нисэх онгоцны тийзээ худалдан авах нь зүйтэй.

Монгол Улсын иргэд АНУ руу явах болон нутаг буцах замдаа БНСУ-д 30 хоног хүртэл, Японд 3 хоног хүртэл дамжин өнгөрөх боломжтой байдаг ч БНСУ/Япон Улсаас Монгол Улсад зорчих нислэгийн тийз байхгүй бол АНУ-аас БНСУ/Японд зорчих нислэгт суулгахгүй байх тохиолдол гарч байгааг анхаарна уу.

Түүнчлэн БНСУ болон Япон Улс нь АНУ-аас ирж буй зорчигчдыг 14 хоног тусгаарлах шийдвэр гарган мөрдөж эхлээд байгаа бөгөөд нисэх онгоцны буудлаас гарахгүйгээр (хил нэвтрэхгүй) тухайн өдрөө цааш дамжин нисч буй зорчигчдод энэ зохицуулалт хамаарахгүй байгаа гэсэн мэдээлэл байна.

 

АНУ-д

АНУ-д коронавирусын тархалт эрчимтэй дэгдэж байгаагийн улмаас АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 2020.03.13-ны өдөр онцгой байдал зарласан. Уг халдварын тархалттай тэмцэх Дэд Ерөнхийлөгч М.Пэнс тэргүүтэй тус орны Эрүүл мэндийн яам, Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн, Халдварт өвчни тэмцэх төв (CDC) зэрэг болон бусад байгууллагын төлөөлөл бүхий Шуурхай ажлын хэсэг 2020.01.29-ний өдөр байгуулагдсан. Энэхүү ажлын хэсэг өдөр бүр тогтмол мэдээ, мэдээлэл өгч байгаа билээ. Ерөнхийлөгч Д.Трамп 2020.03.16-нд коронавирусын халдварыг бууруулах 15 хоногийн аян эхлүүлсэн.

АНУ-ын Засаг, Конгресс нөхцөл байдлыг даван туулахтай холбогдсон санхүү, эдийн засгийн багц арга хэмжээ авч байна.

Коронавирусын тест өгөх, оношлуулах зэрэг ажлыг мужууд гардан хариуцаж, хийж байгаа. Мужуудын эрүүл мэндийн яамдын холбоосыг эндээс авна уу.

АНУ-ын нийт муж, тусгай нутаг дэвсэрт мөн онцгой болон эрүүл мэндийн онцгой байдлууд тус бүр зарласан. Коронавирусын халдвартай мужуудын захиргаанаас авч буй арга хэмжээнүүдийн талаарх сүүлийн үеийн мэдээллийг эндээс авна уу.

АНУ-ын 46 муж, тусгай нутаг дэвсгэрт их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг зэргийг түр хаах шийдвэр гаргаад буй. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

2020.03.25-ны байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 55 мянга гаруй коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 800 орчим хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийн эндээс авна уу.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Дэд Ерөнхийлөгч М.Пэнс болон коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсгийн гишүүд 2020.03.24-ний өдөр “Fox News” сувгийн “Fox News Virtual Townhall” нэвтрүүлэгт оролцож, коронавирусын халдварыг бууруулах хүрээнд авч буй арга хэмжээ, цаашдын төлөвийн талаар мэдээлэл өгөв. Энэ үеэр Ерөнхийлөгч Д.Трамп ирэх 4 дүгээр сарын 12-ны Улаан өндөгний баяраар АНУ-ын нийгэм, эдийн засгийг буцаан хэвийн ажиллагаанд оруулах бодолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ талаар албан ёсны шийдвэр хараахан гараагүй байна. АНУ-д коронавирусын халдвар авсан хүмүүсийн 98-99 хувь нь эдгэрч байгаа статистик байгаа тул иргэдийг сандрах, айх хэрэггүй хэмээн АНУ-ын Хүний ерөнхий эмч(Surgeon General) Доктор Ж.Адамс мөн үеэр тайлбарласан болно.

Одоогоор АНУ-д байгаа монгол иргэдийн дотроос шинэ төрлийн коронавирусын Covid-19-ийн халдвар аваагүй байна.

Хувийн эрүүл мэндээ хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Шуурхай ажлын хэсэг болон мужуудын зүгээс өгч буй өгч буй мэдээ, мэдээлэл, зөвлөмж, шийдвэр, зөвлөгөөг (social-distancing, shelter-in-place, stay at home гэх мэт) мөрдөж, сонор, сэрэмжтэй байхыг дахин уриалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.coronavirus.gov/ цахим хуудаснаас авна уу.

АНУ-д байрлаж буй Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

  • Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард  Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота ,Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск) 
  • Цахим шуудан илгээх хаяг:  monconsul@mongolianembassy.us
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай  тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002.
  • Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
  • Цахим шуудан илгээх хаяг: sanfrancisco@mfa.gov.mnsanfrancisco.mng@gmail.com
  • ЕКГ-ын утас: 415-622-4000
  • Яаралтай  тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487.

 

  • Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род  Айлэнд )
  • Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
  • БТГн утас: 212- 861-9460, 212-472-6517
  • Яаралтай  тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

 

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

 

 

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us