ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – 2020.03.24

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар өдөр тутмын мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байхаар боллоо. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу. Цаашид Монгол Улсаас ирж буй мэдээллийг энэ мэдээллийн булангаар тогтмол хүргэж байх болно.

 

ЦАГ ҮЕИЙН БАЙДАЛ №1

  Монгол Улсад

2020 оны 3 сарын 24-ний өдрийн байдлаар Монгол Улсад гадаад улсаас МИАТ-ын захиалгат нислэгээр ирсэн иргэдийн дотор Франц Улсын 1 иргэн, Монгол Улсын 9 иргэн халдварын оноштой эмчлэгдэж байна. Одоогоор нэмж халдвар авсан тохиолдол байхгүй. Нас барсан хүн байхгүй. Эмчлэгдэж буй 10 иргэний биеийн байдал тогтвортой байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Гадаад улсаас эх орондоо ирсэн нийт 3225 иргэнийг ажиглалтад авснаас өнөөдөр 2325 иргэн 14 хоногийн хугацаатай тусгаарлагдаад байна. Тусгаарлагдах байрны хүрэлцээ хүрэхгүй болсон тухай ЭМЯ-наас мэдээлсэн болно.

Тусгаарлах байрны хүрэлцээ бага байгаа тул 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс Цагааннуурын боомт, 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс Алтанбулагийн боомтыг түр хаах шийдвэрийг Улсын онцгой комисс гаргасан. Хилээр орж ирэх гэж буй иргэдийг зохион байгуулалттайгаар татан авахаар болсон байна.

УОК-ын шийдвэр болон тусгаарлах байрны хүрэлцээнээс хамааран Монгол улсын иргэдийг татан авах захиалгат нислэгийг одоогоор үйлдэх боломжгүй байгаа бөгөөд эдгээр асуудлуудыг судалж байгаа талаар ГХЯ мэдээлсэн болно.

Сүүлийн 24 цагт Орхон аймагт 42, Баян-Өлгий аймагт 34, Дархан-Уул аймагт 4, Сэлэнгэ аймагт 2, Дорнод аймагт 18 иргэн ОХУ-тай хиллэдэг хилээр орж ирж, ажиглалтад орсон байна.

Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан болно. Мөн их, дээд сургуулиуд, Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн завсарлуулах хугацааг 4 дүгээр сарын 30 хүртэл сунгажээ.

3 дугаар сарын 24-ний байдлаар ЭСЯ-нд 2,000 Монгол Улсын иргэд утсаар, 1,400 иргэн цахим шуудангаар хандаж, асуулт, тодруулга хийж, хүсэлт тавьсан байна. Үүнээс 271 иргэний хүсэлтийг ГХЯ-нд уламжилсан болно. Иргэдийн хүсэлтэд эх орондоо буцах боломжийг тодруулах, визийн хугацаа дууссаныг сунгахад дэмжлэг хүсэх, оюутны дотуур байрны асуудлаар дэмжлэг хүсэх гэх мэт асуудал зонхилж байна.

Одоогийн байдлаар Монгол Улсад буцаж очиход дамжин өнгөрөх улсууд хилээ хаасан байдалтай байна. ОХУ 5 сарын 1 хүртэл гадаадын иргэдийг оруулахгүй болсноо зарласан бөгөөд одоогоор зөвхөн Орост байгаа иргэд Монгол Улсын хилээр нэвтэрч байна. Иймд ОХУ-ын Москва хот руу, Москва хотоос Улаан-Үүд нисээд, улмаар газраар Монгол-Оросын хил хүртэл автомашинаар явж, Хиагт-Алтанбулагийн автозамын боомтоор нэвтрэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, АНУ-аас ОХУ-ын Москва хотоор дамжин дотоод тээврээр Монгол-Оросын хилийн боомтод очих боломжгүй.

БНХАУ-ын тухайд 3 дугаар сарын 23-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Бээжин хотод буух олон улсын нислэгийг нислэг үйлдэж буй агаарын тээврийн компаниас хамааран 12 нисэх буудалд буулгаж, зорчигчдыг шалган нэвтрүүлэх болсон байна. Бээжин хотоор дамжин нисч буй зорчигчдын хувьд зорчигчийг нисэх буудлаас гаргахгүй. Иргэдийг хувийн зардлаар нь 14 хоног, цааш Эрээн боомт уруу очсон нөхцөлд 14 хоног, дараа нь УОК-ийн шийдвэрээр Замын-Үүд боомт руу орсон нөхцөлд дахин 14 хоног тусгаарлана.  http://consul.mn/index.php?moduls=19&id=292

Турк улс мөн 4 сарын 17 хүртэл өөрийн хилээр гадаадын иргэдийг нэвтрүүлэхийг зогсоосон бөгөөд Туркиш Эйрлайнс Истанбул-Улаанбаатарын нислэгээ 4 сарын 17 хүртэл зогсоогоод байна. Европын холбооны орнууд 4 сарын 17 хүртэл гадаадын иргэдэд хилээ хаасан тул Европын хотуудаар дамжин өнгөрөх нислэгт суух боломжгүй болсон болно.

Виз сунгахтай холбоотой мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

АНУ-д

АНУ-д коронавирусын тархалт эрчимтэй дэгдэж байгаагийн улмаас АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 2020.03.13-ны өдөр онцгой байдал зарласан. Уг халдварын тархалттай тэмцэх Дэд Ерөнхийлөгч М.Пэнс тэргүүтэй тус орны Эрүүл мэндийн яам, Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн, Халдварт өвчни тэмцэх төв (CDC) зэрэг болон бусад байгууллагын төлөөлөл бүхий Шуурхай ажлын хэсэг 2020.01.29-ний өдөр байгуулагдсан. Энэхүү ажлын хэсэг өдөр бүр тогтмол мэдээ, мэдээлэл өгч байгаа билээ. Ерөнхийлөгч Д.Трамп 2020.03.16-нд коронавирусын халдварыг бууруулах 15 хоногийн аян эхлүүлсэн.

АНУ-ын Засаг, Конгресс нөхцөл байдлыг даван туулахтай холбогдсон санхүү, эдийн засгийн багц арга хэмжээ авч байна.

Коронавирусын тест өгөх, оношлуулах зэрэг ажлыг мужууд гардан хариуцаж, хийж байгаа. Мужуудын эрүүл мэндийн яамдын холбоосыг эндээс авна уу.

АНУ-ын нийт муж, тусгай нутаг дэвсэрт мөн онцгой болон эрүүл мэндийн онцгой байдлууд тус бүр зарласан. Коронавирусын халдвартай мужуудын захиргаанаас авч буй арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг эндээс авна уу.

АНУ-ын 46 муж, тусгай нутаг дэвсгэрт их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг зэргийг түр хаах шийдвэр гаргаад буй. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

2020.03.23-ны байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 41 мянга гаруй коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 600 орчим хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийн эндээс авна уу.

Одоогоор АНУ-д байгаа монгол иргэдийн дотроос шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн халдвар аваагүй байна.

Хувийн эрүүл мэндээ хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Шуурхай ажлын хэсэг болон мужуудын зүгээс өгч буй мэдээ, мэдээлэл, зөвлөмж, шийдвэр, зөвлөгөөг (social-distancing, shelter-in-place, stay at home гэх мэт) мөрдөж, сонор, сэрэмжтэй байхыг уриалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.coronavirus.gov/ цахим хуудаснаас авна уу

 

АНУ-д байрлаж буй Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

  • Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард  Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота ,Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск) 
  • Цахим шуудан илгээх хаяг:  monconsul@mongolianembassy.us
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай  тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002.
  • Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
  • Цахим шуудан илгээх хаяг: sanfrancisco@mfa.gov.mn, sanfrancisco.mng@gmail.com
  • ЕКГ-ын утас: 415-622-4000
  • Яаралтай  тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487.

 

  • Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род  Айлэнд )
  • Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
  • БТГн утас: 212- 861-9460, 212-472-6517
  • Яаралтай  тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

 

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us