ИРГЭДИЙН АНХААРАЛД: ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №17

ИРГЭДИЙН АНХААРАЛД: ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №17

Улсын онцгой комисс, Гадаад харилцааны яам, МИАТ компанийн зүгээс 2020.04.10-нд хэвлэлийн бага хурал хийж, гадаадад гацаад буй монгол иргэдээ татаж авах асуудлаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл өгөв.

Улсын онцгой комисс бага насны хүүхэдтэй гэр бүл, эрүүл мэндийн шалтгаантай, өндөр настан, жирэмсэн, оюутан, байрлах газаргүй болон санхүүгийн боломжгүй болсон иргэдээ юуны түрүүнд татаж авахаар ажиллаж буйгаа мэдээлсэн. Чингэхдээ 2020.04.17-нд Улаанбаатар-Сөүл-Улаанбаатарын чиглэлд тусгай үүргийн онгоц нисгэхээр төлөвлөж буй бөгөөд эл онгоцонд АНУ, Австрали болон бусад улсаас транзитаар ирэх иргэдээс суулгахаар төлөвлөж байгаа гэдгийг онцолсон.

Дээрх тусгай үүргийн онгоц нисгэх албан ёсны шийдвэр гармагц чухам хэдэн хүнийг транзитаар авах, Сөүл-Улаанбаатарын нислэгийн тийзийг хэрхэн худалдаж авах талаар чиглэл төвөөс ирнэ. Чиглэл ирмэгц ЭСЯ-ны цахим хуудас, фэйсбүүк хуудаст тухай бүр мэдээлнэ.

Жич: БНСУ богино хугацааны визтэй гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа. БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс өмнө гадаадын иргэдэд олгосон богино хугацааны визийг түр хугацаанд хүчингүй болгосон байна. Манай иргэд АНУ-аас Сөүлээр дамжин нисэх тохиолдолд Улаанбаатар нисэх суудлаа баталгаажуулаагүй тохиолдолд АНУ-аас БНСУ руу нисэх онгоцонд суулгахгүй байгааг анхаарна уу.

АНУ-аас Сөүлээр дамжин Улаанбаатар  нисэх суудлаа баталгаажуулсан тохиолдолд иргэд Сөүл хотын Инчоны нисэх буудлын транзит заалнаас шууд Улаанбаатар ниснэ. Харин хилээр гарах тохиолдолд COVID-19 шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд шинжилгээний хариу гартал 24 цаг хүлээлгэх аж.

 

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

2020 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 10-НЫ ӨДӨР

КОРОНАВИРУС / COVID-19

Like us

Follow us