ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №11

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №11

2020.04.03

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар өдөр тутмын мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.

Монгол Улсад

COVID-19 халдвар бүртгэгдсэн 14
Эмчлэгдэж буй 12
Эдгэрч эмнэлгээс гарсан  2
Ажиглалтад 2314
Ажиглалтад  байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн 324

Тусгаарлагдаж буй иргэдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгч, дэлхийн улс орнуудад хэрэглэж байгаа аргаар өвчтнүүдээ эмчилж байна.

Эрүүл мэндийн яамны 2020.04.03-ны өдрийн ХБХ-ын мэдээллийг энэхүү холбоосоор үзнэ үү.

УОК: Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин: Зөвхөн нислэгийн гэрээтэй орнуудаас иргэдээ татах талаарх мэдээллийг энэхүү холбоосоор үзнэ үү

УИХ-ын дарга Г.Занданшатарт 2020.04.02-нд коронавирусын халдварт өвчний үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өргөн барьсан байна.

2020.04.03-нд Монгол банкнаас орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл авсан иргэдийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 3 хүртэлх сараар хойшлуулах шийвэрийг гаргасан байна. Үүнд:

  1. Орон сууцны ипотекийн 8 эсвэл 5 хувийн хүүтэй зээл авсан иргэн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан тохиолдолд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэг удаа 3 хүртэлх сараар хойшлуулж, тухайн хугцаагаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг уртасгах;
  2. Зээлийн эргэн төлөлтөд нь 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш доголдол үүссэн зээлдэгчид энэхүү зохицуулалт үйлчлэх боломжтой бөгөөд доголдол үүссэн хуваарьт өдрөөс эхлэн эргэн төлөлтийг хойшлуулах хугацааг тооцох;
  3. Зээлдэгч зээлийн эргэн төлөлтөд өөрчлөлт оруулах хүсэлтээ 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харилцагч банкандаа гаргана.

2020.03.23-наас Цагааннуурын боомт, 2020.03.28-наас Алтанбулагийн боомтыг түр хаах УОК-ын шийдвэр хэвээр үйлчилж байна. Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан.

  • Улсын онцгой комиссын Шуурхай штабын мэдээллийг энэхүү холбоосоор үзнэ үү
  • Цаг үеийн асуудлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хийсэн мэдээллийг энэхүү холбоосоор үзнэ үү
  • УОК-оосмэдээлэл хийх үеэр гадаад улсаас монгол иргэдээ татах тусгай нислэгийн талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Гуравдугаар сарын 30-ны өглөөний байдлаар дэлхийн 45 бүс нутгаас 5,600 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байгаа” мэдээллийг энэхүү холбоосоор үзнэ үү.

АНУ-д

Цаг үеийн асуудлаар Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярын хийсэн мэдээллийг энэхүү холбоосоор үзнэ үү.

2020.04.03-ны байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 260 мянга орчим коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 6700 орчим хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээс авна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 2020.03.16-нд коронавирусын халдварыг бууруулах 15 хоногийн аян эхлүүлсэн. Энэхүү аяны хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал сунгаж байгаагаа тэрбээр Шуурхай ажлын хэсгийн 2020.03.29-ний өдрийн хэвлэл, мэдээллийн ээлжит бага хурлын үеэр зарлав.

2020.03.30-ны өдрийн байдлаар АНУ-ын нийт муж, тусгай нутаг дэвсгэрт коронавирусын халдварыг бууруулахад чиглэгдэсэн янз бүрийн түвшний хязгаарлалтын чанартай арга хэмжээнүүдийг аваад байна. Эдгээрийн талаарх мэдээллийг эндээс авна уу.

Нийслэл Вашингтон хотын бүс нутаг (Вашингтон, Мэриланд, Виржиниа зэрэг муж)-т өнөөдрийн байдлаар коронавирусын 5 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд улмаар Вашингтон хотын бүс нутагт “stay home” төрлийн хөл хориог бүрэн тогтоож, иргэдийг онцын шаардлагагүй хэргээр гэрээс гарахыг холбогдох захирамжаар хориглоод байна. Тус ЭСЯ-наас энэхүү нөхцөл байдалд уялдуулан иргэдэд цахим үйлчилгээ үзүүлэн ирж, АНУ дахь коронавирусын халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд зориулан тогтмол шинэчлэн хүргэж ирсэн бөгөөд энэхүү мэдээлэлтэй танилцаж, сонор сэрэмжтэй байхыг уриалж байна. Дашрамд дурдахад Монгол Улсаас Сингапур Улсад суугаа Элчин сайдын яамны байрладаг байранд шинэ төрлийн коронавирусын халдвар илэрсэн тохиолдол гарсан бөгөөд улмаар тухайн барилгад нь яаралтай халдваргүйжүүлэлт хийгдэж байгааг иргэд анхаарна буй заа.

Жич: Хувийн эрүүл мэндээ хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Шуурхай ажлын хэсэг болон мужуудын зүгээс өгч буй өгч буй мэдээ, мэдээлэл, зөвлөмж, шийдвэр, зөвлөгөөг (social-distancing, shelter-in-place, stay home гэх мэт) мөрдөж, сонор, сэрэмжтэй байхыг уриалж байна.

 Эрүүл мэндийн асуудлаар

 Энэхүү холбоосоор үзнэ үү.

АНУ-ын цагаачлалын бус виз сунгахтай холбооотой мэдээлэл

 Энэхүү холбоосоор үзнэ үү.

АНУ-ын хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээлэл

АНУ-ын Засаг захиргаанаас Covid-19 цар тахалын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, эдийн засгийг дэмжихэд зориулан 2 их наяд ам.долларын санхүүжилт гаргахаар шийдвэрлэж, АНУ-ын татвар төлөгчдөд мөнгөн тэтгэмж олгохоор болсонтой холбогдуулан иргэдээс асууж буй нийтлэг асуултууд, тэдгээрийн хариултыг үүгээр хүргэж байна.

Тэтгэмжийн талаарх албан ёсны мэдээллийг хаанаас олж үзэх вэ?

АНУ-ын Татварын газрын цахим хуудаст дэлгэрэнгүй мэдээлэл гарсныг энэхүү хаягаар орж танилцана уу.

Тэтгэмжийг зөвхөн АНУ-ын иргэн авах уу? Монгол Улсын иргэд хамрагдах боломжтой юу?

АНУ-ын Татварын газрын цахим хуудаст тэтгэмжийг 2019 эсвэл 2018 оны татвараа бодуулсан татвар төлөгч авна гэж дурдсан. Харин АНУ-ын иргэншилтэй байх шаардлагын талаар дурдаагүй.

Тэтгэмжийг хэн авах вэ?

2019 эсвэл 2018 оны татвараа бодуулсан татвар төлөгч тэтгэмж авна. Тухайлбал, хувь хүн жилийн $75,000 хүртэлх орлоготойгоо мэдүүлж татвараа төлсөн бол $1,200; гэр бүл жилийн $150,000 хүртэл орлоготойгоо мэдүүлж татвараа төлсөн бол $2,400-ын тэтгэмж авах юм байна. АНУ-ын нийгмийн даатгалын дугаартай, татвар бодуулахдаа өөрийн асрамжинд байдаг хэмээн мэдүүлсэн зэрэг шаардлагыг хангаж буй хүүхэд тус бүрд мөн $500-ын тэтгэмж олгох аж.

Тэтгэмж авах өргөдөл гаргах шаардлагатай юу?

Тэтгэмжийг авахад ямар нэг өргөдлийн маягт бөглөх, захидал бичих, хүсэлтээ гаргах шаардлагагүй. Тэтгэмж авах шаардлагуудыг хангаж буй татвар төлөгчдийн банкны дансанд АНУ-ын Татварын газраас тэтгэмжийн мөнгийг шууд шилжүүлнэ.

Татварын газар миний банкны мэдээлэл байхгүй / Би татвараа бодуулснаас хойш банкаа сольсон бол яах вэ?

Банкны мэдээлэл нь АНУ-ын Татварын газарт байхгүй, эсхүл өмнө мэдүүлж байсан дансаа сольсон иргэд банкны мэдээллээ оруулах/шинэчлэх онлайн порталыг АНУ-ын Сангийн яамнаас ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм байна.

Тэтгэмжийг хэзээ авах вэ?

АНУ-ын Татварын газрын цахим хуудаст мэдээлснээр татвар төлөлгчдөд тэтгэмжийг ойрын 3 долоо хоногийн хугацаанд хүргэж эхэлнэ.

Тэтгэмжийг хэдэн удаа авах вэ?

Нэг л удаа авна.

Би татвараа бодуулж амжаагүй байгаа. Тэтгэмжийг хэзээ хүртэл олгох юм бол?

АНУ-ын татварын алба татвар бодуулах хугацааг 7 сарын 15 хүртэл сунгасан. Тэтгэмж авах боломж нь татвар төлөгчдөд 2020 оныг дуустал нээлттэй байх болно.

Тэтгэмжийн талаар цахим орчинд олон янзын мэдээлэл гарч байна. Зарим нь өөрийн хувийн мэдээллээ оруул гэх юм. Алинд нь итгэх вэ?

Covid-19-тэй холбоотойгоор цахим халдлага хийх, хуурамч утасны дуудлага, цахим шуудангаар иргэдийн хувийн мэдээллийг асуух тохиолдол олширч буй тул тэдгээрээс болгоомжлох хэрэгтэй талаар АНУ-ын Татварын газар анхааруулсныг энэхүү холбоосоор үзнэ үү.

Татвар болон тэтгэмжийн асуудлаар шинэ мэдээллийг АНУ-ын Татварын газар цахим хуудсаараа түгээнэ.  Түүнчлэн Татварын газрын нийгмийн сүлжээний хаягуудаар мөн албан мэдээллээ гаргаж байгаа тул дараах цахим хуудсаар дамжин Татварын газрын нийгмийн сүлжээний албан ёсны хаягуудыг энэхүү холбоосоор дагахыг зөвлөж байна.

АНУ-д сурч буй оюутнуудад өгөх зөвлөмж

Энэхүү холбоосоор үзнэ үү.

АНУ-д байгаа Дипломат төлөөлөгчдийн газруудын тухай мэдээлэл

АНУ-д байрлаж буй Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

  • Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск) 
  • Цахим шуудан илгээх хаяг: monconsul@mongolianembassy.us
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002.

 

  • Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
  • Цахим шуудан илгээх хаяг: sanfrancisco@mfa.gov.mnsanfrancisco.mng@gmail.com
  • ЕКГ-ын утас: 415-622-4000
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487.

 

  • Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
  • Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
  • БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

 

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

2020 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 3-НЫ ӨДӨР

 

КОРОНАВИРУС / COVID-19

Like us

Follow us