ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №16

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №16

2020.04.09

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар өдөр тутмын мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.

Монгол Улсад

COVID-19 халдвар бүртгэгдсэн 16
Эмчлэгдэж буй 12
Эдгэрч эмнэлгээс гарсан  4
Ажиглалтад 1572
Ажиглалтад  байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн 310

Өчигдөр буюу 2020.04.08-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 267 иргэнийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Жаргалант, Энх-Наран сувилал зэрэг газарт тус тус тусгаарлаад байна. Эдгээрээс ХӨСҮТ-д тусгаарлагдсан 83 хүний ажиглалт, тандалтыг эхлүүлсэн байна. Түүнчлэн 2020.04.09-ний байдлаар ХӨСҮТ-д нийт 205 хүн тусгаарлагдаж байна. Өчигдрийн байдлаар нийт 38 хүнд шинжилгээ хийжээ.

Улсын хэмжэээнд нийт 1572 хүн ажиглалтад байгаа бөгөөд 194 хүн өчигдөр /2020.04.08/ ажиглалтаас гарсан байна. Ажиглалтад байгаа иргэдэд 310 эмч, эмнэлгийн мэргэжилтэн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

2020.04.08-нд коронавирусээр халдварласан болох нь тогтоогдсон нэг иргэнийг Сэлэнгэ аймгаас ХӨСҮТ-д авчирч, тусгаарлаж, эмчилгээг эхлүүлсэн бөгөөд түүний ойрын хавьталтын 15 хүнийг мөн авчирч тусгаарлан, шинжилгээ, судалгааг хийж байгааг ЭМЯ-наас мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 16 хүн Covid-19-ийн халдвар авсан болох нь лабораториор баталгаажсан бөгөөд тэдний дөрөв нь эдгэж, сувилалд шилжсэн, үлдсэн 12 хүн ХӨСҮТ-д үргэлжлүүлэн эмчлүүлж байна. Халдвартай нэг хүнийг эмчлэхэд өдөрт дунджаар 800 мянган төгрөг зарцуулж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа болно. Сувилалд шилжсэн дөрвөн иргэн, мөн тусгаарлалтад байгаа хүмүүс төлбөрөө өөрсдөө хариуцаж байна. Түүнчлэн эдгэрээд эмнэлгээс гарсан хүнийг сувилалд 14 хоног үргэлжлүүлэн ажиглах бөгөөд энэ хугацаанд 24 цагийн зайтай хоёр удаа шинжилгээ хийж, шинжилгээгээр сөрөг гарвал ажиглалтаас гаргаж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын ээлжит хэвлэлийн бага хуралаар тус байгууллагын Ерөнхий захирал Др.Тедрос Адханом хэлэхдээ дэлхийн улс орнууд коронавирусын халдварын тархалттай тэмцэж эхэлснээс хойш 100 дахь хоног дээрээ ирээд байгааг онцолж, шинэ төрлийн энэхүү вирусыг урьдчилан таамаглахад хэцүү байгааг тэмдэглэж, улмаар дэлхийн улс орнуудыг эв нэгдэлтэй байхыг уриалав.

  • Эрүүл мэндийн яамны 2020.04.09-ний өдрийн ХБХ-ын мэдээллийг энд дарж үзнэ үү.

Хилийн боомтуудад тусгаарлах хяналтын үйл ажиллагаа явуулж байгаа аймгуудад буюу Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий, Улаанбаатарт цэрэг татлага явагдахгүй тухай 2020.04.09-ний өдрийн УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулсан байна. Зайлшгүй шаардлагаар Хилийн цэрэг, Зэвсэгт хүчний зарим тусгай ангиуд цэрэг татах шийдвэрийг гаргасан. Энэ ажлыг зохион байгуулахдаа өндөржүүлсэн бэлэн байдлын шаардлагыг хангаж, цэргийг бүртгэх, урьдчилан шалгах, тээвэрлэх ажлыг олон хүнийг нэг дор цуглуулалгүйгээр нарийн зохион байгуулалттайгаар явуулна. Мөн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор “Оюутан цэрэг” хөтөлбөрийг энэ жил хэрэгжүүлэхгүй болсон байна.

УИХ-ын чуулганы 2020.04.09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн байсан Коронавируст халдвар /СОVID-19/-ын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг батлав.

 Мөн дээрх тогтоолтой хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан байна.

Уг тогтоол батлагдсанаар 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжих бөгөөд аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас татвараас чөлөөлөх, мөн иргэн, аж ахуйн нэгжийг Нийгмийн даатгалын шимтгэлээс зургаан сарын хугацаатай чөлөөлөх, 2020 оны хоёр, гуравдугаар сарын орлого нь өмнөх оны мөн үеийнхээс 50 хувь болон түүнээс дээш хувиар буурсан ч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжид 200 мянган төгрөг олгох зэрэг дэмжлэг багтаж буй юм. Түүнчлэн хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийг 30 мянган төгрөг болгон нэмэгдүүлжээ.

  • ГХЯ: Монголчууд төрдөө итгэж, хүлээцтэй хандах нь чухлыг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг news.mn-д өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Ярилцлагын дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

2020.03.23-наас Цагааннуурын боомт, 2020.03.28-наас Алтанбулагийн боомтыг түр хаах УОК-ын шийдвэр хэвээр үйлчилж байна. Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан.

БНСУ богино хугацааны визтэй гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй.

БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс өмнө гадаадын иргэдэд олгосон богино хугацааны визийг түр хугацаанд хүчингүй болгосон байна.

Энэхүү хязгаарлалтад БНСУ-ын аж ахуйн нэгжийн урилгатай мэргэжлийн техникч, богино хугацааны хөдөлмөр эрхлэгч (С-4 ангиллын виз), урт хугацааны (оюутан, хөдөлмөр эрхлэгч, хөрөнгө оруулагч гэх мэт) визтэй иргэд, мөн хүчин төгөлдөр визээр БНСУ-ын нутаг дэвсгэрт очсон иргэд хамаарахгүй ажээ.

Хязгаарлалтын хугацаанд БНСУ-д албан ажил, хөрөнгө оруулалт, технологи нэвтрүүлэх, ар гэрийн гачигдал, хүмүүнлэгийн шалтгаанаар зайлшгүй зорчих гадаадын иргэн БНСУ-ын ЭСЯ-нд дахин шинээр виз мэдүүлэх боломжтой.

АНУ-д виз мэдүүлэгч монгол иргэдийн хувьд эрүүл мэндлийн байдлын тухай (Health Condition Report Form) маягтыг визийн мэдүүлэгт хавсарган өгөх шаардлагатай. БНСУ-ын 1-5 жилийн хугацаатай олон удаагийн визтэй иргэдийн хувьд хязгаарлалтын хугацаанд Солонгост зорчих боломжгүй байна.

АНУ-ын урт хугацааны визтэй монгол иргэд БНСУ-д 30 хүртэл хоногийн хугацаанд зорчиж болно, гэхдээ БНСУ-аас Улаанбаатар нисэх баталгаажсан тийзтэй байх ёстой.

Манай иргэд АНУ-аас Сөүлээр дамжин нисэх тохиолдолд Улаанбаатар  нисэх тийзгүй эсхүл суудлаа баталгаажуулаагүй тохиолдолд АНУ-аас БНСУ руу нисэх онгоцонд суулгахгүй байгааг анхаарна уу.

Жич: АНУ-д байнгын оршин суугчийн статустай монгол иргэд БНСУ-аас АНУ-д суугаа ЭСЯ болон Консулын газарт  Солонгосын виз мэдүүлнэ. Харин ийм оршин суугчийн статусгүй монгол иргэд Улаанбаатар дахь БНСУ-ын ЭСЯ-наас виз авах ёстойг анхаарна уу.

АНУ-д

 

Ярилцлага: Цаг үеийн асуудлаар Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярын хийсэн мэдээллийг энэхүү холбоосоор үзнэ үү.

Цаг үеийн мэдээлэл:

Тоо, статистик: 2020.04.09-ний байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 430 гаруй мянган коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 24 мянга орчим хүн эдгэрч, 14 мянга гаруй хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээс авна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу.

Жич: АНУ нь коронавирусын халдварын оношлогоог нэлээд эрчимтэй хийж байгаа тул үүнийг дагаад халдварын тоо их байгаа дүр зураг харагдахыг мөн нийт халдварын тохиолдлын гуравны нэг нь Нью Йорк мужид ноогдож байгаа зэргийг Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсгийн шижээчид удаа дараа мэдээлж, иргэдийг сандрахгүй, тайван хүлээж авахыг тогтмол уриалж байгаа. Тухайлбал, өнөөгийн байдлаар АНУ-д 1,8 сая орчим иргэнийг оношлогоонд хамруулсныг Шуурхай ажлын хэсгээс 2020.04.08-ны өдөр мэдээлээд байна.

АНУ-ын баруун эргийн мужууд, тухайлбал Калифорни муж 500, Вашингтон муж 400, Орегон муж 140 ширхэг амьсгал дэмжих төхөөрөөмжийг тус бүр Холбооны Онцгой байдлын нөөц рүү буцааж, эдгээр нь Нью Йорк, Нью Жэрси зэрэг муж руу хүргэгдэж байгааг Шуурхай ажлын хэсгээс мөн мэдээлэв.

Нийслэл Вашингтон хотын бүс нутгийн нөхцөл байдал: Вашингтон хот, Мэриланд, Виржиниа зэрэг мужид өнөөдрийн байдлаар коронавирусын 8400 гаруй халдварын тохиолдол бүртгэгдээд байна. 2020.04.06-ны өдөр болсон Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсэг, АНУ-ын нийт мужийн Амбан захирагч нарын ээлжит теле-бага хурлын үеэр уг ажлын хэсгээс нийслэл Вашингтон хотын бүс нутгийг халдварын голомт хэмээн тодорхойлоод байна. Вашингтон хотын бүс нутагт “stay home” төрлийн хөл хориог бүрэн тогтоож, иргэдийг онцын шаардлагагүй хэргээр гэрээс гарахыг холбогдох захирамжаар хориглоод байна. Тус ЭСЯ-наас энэхүү нөхцөл байдалд уялдуулан иргэдэд цахим үйлчилгээ үзүүлэн ирж, АНУ дахь коронавирусын халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд зориулан тогтмол шинэчлэн хүргэж ирсэн бөгөөд энэхүү мэдээлэлтэй танилцаж, сонор сэрэмжтэй байхыг уриалж байна. Дашрамд дурдахад Монгол Улсаас Сингапур Улсад суугаа Элчин сайдын яамны байрладаг байранд шинэ төрлийн коронавирусын халдвар илэрсэн тохиолдол гарсан бөгөөд улмаар тухайн барилгад нь яаралтай халдваргүйжүүлэлт хийгдэж байгааг иргэд анхаарна буй заа.

– Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсгийн шижээчид болон АНУ-ын Нийгмийн эрүүл мэндийн албаны дарга(Surgeon General) Др.Ж.Адамс нарын мэргэжлийн хүмүүсийн тооцож байгаагаар АНУ дахь коронавирусын халдварын нөхцөл байдлын хамгийн хүнд үе 2020.04.06-ны долоо хоногт ноогдож байгаа тул иргэд онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, гэрээс гарах бол Халдварт өвчинтэй тэмцэх төв (CDC) болон Шуурхай ажлын хэсгээс өгч ирсэн зөвлөмжүүдийг сахин хэрэгжүүлж, эрүүл мэнддээ анхаарахыг уриалж байна.

Коронавирусын халдварыг бууруулах аян 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Мужуудын зүгээс авч байгаа арга хэмжээ: АНУ-ын нийт муж, тусгай нутаг дэвсгэрт коронавирусын халдварыг бууруулахад чиглэгдэсэн янз бүрийн түвшний хязгаарлалтын чанартай арга хэмжээнүүдийг аваад байна. Эдгээрийн талаарх мэдээллийг эндээс авна уу.

Жич: Хувийн эрүүл мэндээ хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Шуурхай ажлын хэсэг болон мужуудын зүгээс өгч буй мэдээ, мэдээлэл, зөвлөмж, шийдвэр, зөвлөгөөг (social-distancing, shelter-in-place, stay home гэх мэт) мөрдөж, сонор, сэрэмжтэй байхыг уриалж байна.

Нүүр, амны хаалт: Коронавирусын халдварын тархалтыг тогтоон барих, бууруулах арга хэмжээнүүдийн хүрээнд иргэд нүүр, амны энгийн, өдөр тутмын, гэр ахуйн нөхцөлд өөрсдөө хийж болохуйц хаалт хэрэглэж болохыг АНУ-ын Халдварт өвчинтэй тэмцэх төв (CDC)-өөс зөвлөж байгааг Шуурхай ажлын хэсгийн 2020.04.03-ны өдрийн хэвлэлийн бага хурлаар мэдээлэв. Нүүр, амны хаалт хэрэглэхийг зөвлөснөөр халдварыг бууруулахтай холбоотой бусад арга хэмжээг сулруулж байгаа явдал биш гэдгийг CDC-гээс давхар анхааруулж байгаа тул иргэд Коронавирусын халдварыг бууруулах аянд дурдагдсан заавар, зөвлөмжийг үргэлжлүүлэн чанд баримталж, эрүүл мэндээ хамгаалахыг онцлон уриалж байна. Тус төвөөс харин мэргэжлийн, эрүүл мэндийн салбарт хэрэглэдэг нүүр, амны хаалт хэрэглэхийг зөвлөхгүй байгааг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. Мөн гэрийн нөхцөлд хийсэн амны хаалтыг ковбой маягийн алчуур шиг хэрэглэх тохиолдол гарч буй талаар хэвлэлээр мэдээлж, энэ нь буруу ойлголтыг үүсгэхээс гадна аюулгүй байдалд нь ноцтой үр дагавар авчирч болзошгүйг анхааруулсан байна. Иймээс иргэд өсвөр насны хүүхдүүдийн амны хаалтад анхаарал тавихыг хүсье.

АНУ-д зорчиж буй иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д зорчиж буй иргэд монгол дахь гэр бүлээсээ шимтгэлгүйгээр мөнгө хүлээн авах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Таны АНУ-ын визний хугацаа дуусч буй бол цагаачлалын бус виз сунгахтай холбоотой мэдээлллийг:

 Энд дарж үзнэ үү

АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д сурч буй Монгол оюутнуудад халдвараас хэрхэн сэргийлэх болон дотуур байрны асуудлаар өгөх зөвлөмжийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Та АНУ-д жижиг бизнес эрхэлдэг бөгөөд жижиг бизнесийг дэмжих талаар АНУ-ын Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар мэдээлэл авах бол:

Энд дарж үзнэ үү

АНУ-д байгаа Дипломат төлөөлөгчийн газруудын тухай мэдээлэл

Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

  • Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск) 
  • Цахим шуудан илгээх хаяг: monconsul@mongolianembassy.us
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002

 

  • Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
  • Цахим шуудан илгээх хаяг: sanfrancisco@mfa.gov.mnsanfrancisco.mng@gmail.com
  • ЕКГ-ын утас: 415-622-4000
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487

 

  • Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
  • Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
  • БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

 

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

 

КОРОНАВИРУС / COVID-19

Like us

Follow us