ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №15

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №15

2020.04.08

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар өдөр тутмын мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.

Монгол Улсад

COVID-19 халдвар бүртгэгдсэн 16
Эмчлэгдэж буй 12
Эдгэрч эмнэлгээс гарсан  4
Ажиглалтад 1484
Ажиглалтад  байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн 300

2020.04.08-нд Монгол Улсад коронавирусээр халдварласан 16 дахь тохиолдол бүртгэгдсэн байна. Халдвар авсан нэг иргэн 2020.03.26-27-нд шилжих шөнө ОХУ-аас ирсэн даруйдаа Сэлэнгэ аймгийн төвд тусгаарлагдсан байсан бөгөөд давтан шинжилгээгээр түүнээс халдвар илэрсэн байна. Тухайн иргэнийг ХӨСҮТ-д өнөөдөр авчирч, эмчилгээнд хамруулахаар ажиллаж байна.

2020.04.08-нд улсын хэмжээнд ажиглалтад 1484 хүн байна. Тэдгээрээс 177 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдан, ажиглалтад байгааг ЭМЯ-наас мэдээлэв. Түүнчлэн 2020.04.07-нд 92 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Өчигдрийн байдлаар нийт 237 хүнд шинжилгээ хийжээ.

Япон Улсад коронавирус халдварт өвчний үед хэрэглэж буй “Авиган” эмийг ХӨСҮТ-т өнөөдөр хэрэглэж эхэлсэн байна. Ингэснээр коронавирусын эсрэг дэлхий нийтэд хэрэглэж байгаа хамгийн сүүлийн үеийн эмийг Монгол Улс хэрэглэж байгаа гэдгийг ЭМЯ-наас онцлов.

Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв /ЗӨСҮТ/-өөс өнгөрсөн хугацаанд 105 удаагийн ариутгал халдваргүйжүүлэлт хийж, нийт 11,000 хүнд үйлчилсэн байна. Мөн 49 онгоц, 50 вагон, 15 чингэлэг, 148 автомашин, 27 тусгаарлах өрөө, 19 ажиглалтын байр, 86 тонн ачаа тээшинд эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болон ЭМЯ-наас ард иргэддээ хандаж коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг сулруулахгүй байх, ариун цэврийг чанд сахих, амны хаалтыг тогтмол зүүх, бие биеэсээ 2м зай барих талаар дахин зөвлөж, анхааруулсаар байна.

  • Эрүүл мэндийн яамны 2020.04.08-ны өдрийн ХБХ-ын мэдээллийг энд дарж үзнэ үү.
  • Эрүүл мэндийн дэд сайд, Улсын онцгой комиссын Шуурхай штабын орлогч дарга Л.Бямбасүрэнгийн Өдийн сонинд өгсөн “Нэг өрөөнд нэг хүн, нэг гэр бүлийг байлгах бодлого барьж тусгаарлалтад авч эхэлсэн” тухай ярилцлагыг энэ холбоосоор үзнэ үү.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль, МСҮТ-ийг 2020.09.01 хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж олон нийтэд зарлах чиглэлийг УОК-т өгсөн тухай Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэв. Мөн иргэд маскаа тогтмол зүүж, бөөгнөрөл үүсгэхгүй байх, ариун цэврээ сахихыг анхааруулжээ.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр ХӨСҮТ-д ажиллаж, халуун цэг дээр ажиллаж байгаа эмч, сувилагч, үйлчлэгч болон бусад хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлсэн байна. Голомтод ажиллаж байгаа эмч, сувилагч, үйлчлэгч зэрэг 100 орчим хүнд ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын хандивын хөрөнгөөс тус бүр 500 мянгаас нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор болжээ.

ХӨСҮТ-д эмч, мэргэжилтнүүдээс гадна цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, тагнуул зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн шуурхай баг ажиллаж байна. Энэ баг шинж тэмдэг илэрсэн иргэн, түүний ойрын хавьтагчийг олж тогтоох зэрэг үүрэг хүлээсэн бөгөөд мэдээллээ Улсын Онцгой комиссын Шуурхай штаб, Эрүүл мэндийн яам, бусад холбогдох байгууллагад хүргүүлэн ажиллаж байгаа аж.

Хилийн чанадаас Монгол Улсын иргэдээ татан авч буй Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ301 тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2020.04.08-нд 20:17 цагт газардсан. Тус онгоц 258 том хүн, 9 нярай хүүхэд нийт 267 зорчигчийг тээвэрлэсэн байна. Уг нислэгээр:

  • Өндөр настан болон асран хамгаалагчтай: 50
  • Эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай: 43
  • Жирэмсэн болон асран хамгаалагчтай: 5
  • Оюутан: 18
  • Бага насны хүүхэдтэй болон гэр бүл: 49
  • БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр түр саатуулах байранд саатуулагдсан: 55
  • Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай: 47 хүн тус тус ирсэн тухай УОК-ийн шуурхай штабаас мэдээллээ.

Эдгээр иргэдийг 21 хоног тусгаарлаж, шинжилгээнд хамруулах бөгөөд энэ удаагийн нислэг нь Монгол Улс хилийн чанадаас иргэдээ татан авч буй найм дахь удаагийн нислэг болж байна.

  • Гадаадаас иргэдээ тээвэрлэн авчрахад тавьж буй шалгуурын талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг тодруулга хийсэн ярилцлагыг энэ холбоосоор үзнэ үү.

2020.03.23-наас Цагааннуурын боомт, 2020.03.28-наас Алтанбулагийн боомтыг түр хаах УОК-ын шийдвэр хэвээр үйлчилж байна. Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан.

  • Цаг үеийн асуудлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын өгсөн ярилцлагыг энд дарж үзнэ үү.

АНУ-д

Ярилцлага: Цаг үеийн асуудлаар Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярын хийсэн мэдээллийг энэ холбоосоор үзнэ үү.

Цаг үеийн мэдээлэл:

Тоо, статистик: 2020.04.08-ны байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 400 гаруй мянган коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 13000 орчим хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээс авна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу.

АНУ нь коронавирусын халдварын оношлогоог нэлээд эрчимтэй хийж байгаа тул үүнийг дагаад халдварын тоо их байгаа дүр зураг харагдахыг мөн нийт халдварын тохиолдлын гуравны нэг нь Нью Йорк мужид ноогдож байгаа зэргийг Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсгийн шижээчид удаа дараа мэдээлж, иргэдийг сандрахгүй, тайван хүлээж авахыг тогтмол уриалж байгаа. Тухайлбал, өнөөгийн байдлаар АНУ-д 1,8 сая орчим иргэнийг оношлогоонд хамруулсныг Шуурхай ажлын хэсгээс 2020.04.08-ны өдөр мэдээлээд байна.

АНУ-ын баруун эргийн мужууд, тухайлбал Калифорни муж 500, Вашингтон муж 400, Орегон муж 140 ширхэг амьсгал дэмжих төхөөрөөмжийг тус бүр Холбооны Онцгой байдлын нөөц рүү буцааж, эдгээр нь Нью Йорк, Нью Жэрси зэрэг муж руу хүргэгдэж байгааг Шуурхай ажлын хэсгээс мөн мэдээлэв.

Нийслэл Вашингтон хотын бүс нутгийн нөхцөл байдал: Вашингтон хот, Мэриланд, Виржиниа зэрэг мужид өнөөдрийн байдлаар коронавирусын 8400 гаруй халдварын тохиолдол бүртгэгдээд байна. 2020.04.06-ны өдөр болсон Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсэг, АНУ-ын нийт мужийн Амбан захирагч нарын ээлжит теле-бага хурлын үеэр уг ажлын хэсгээс нийслэл Вашингтон хотын бүс нутгийг халдварын голомт хэмээн тодорхойлоод байна. Вашингтон хотын бүс нутагт “stay home” төрлийн хөл хориог бүрэн тогтоож, иргэдийг онцын шаардлагагүй хэргээр гэрээс гарахыг холбогдох захирамжаар хориглоод байна. Тус ЭСЯ-наас энэхүү нөхцөл байдалд уялдуулан иргэдэд цахим үйлчилгээ үзүүлэн ирж, АНУ дахь коронавирусын халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд зориулан тогтмол шинэчлэн хүргэж ирсэн бөгөөд энэхүү мэдээлэлтэй танилцаж, сонор сэрэмжтэй байхыг уриалж байна. Дашрамд дурдахад Монгол Улсаас Сингапур Улсад суугаа Элчин сайдын яамны байрладаг байранд шинэ төрлийн коронавирусын халдвар илэрсэн тохиолдол гарсан бөгөөд улмаар тухайн барилгад нь яаралтай халдваргүйжүүлэлт хийгдэж байгааг иргэд анхаарна буй заа.

– Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсгийн шижээчид болон АНУ-ын Хүний ерөнхий эмч Др.Ж.Адамс нарын мэргэжлийн хүмүүсийн тооцож байгаагаар АНУ дахь коронавирусын халдварын нөхцөл байдлын хамгийн хүнд үе 2020.04.06-ны долоо хоногт ноогдож байгаа тул иргэд онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, гэрээс гарах бол Халдварт өвчинтэй тэмцэх төв (CDC) болон Шуурхай ажлын хэсгээс өгч ирсэн зөвлөмжүүдийг сахин хэрэгжүүлж, эрүүл мэнддээ анхаарахыг уриалж байна.

Коронавирусын халдварыг бууруулах аян 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Мужуудын зүгээс авч байгаа арга хэмжээ: АНУ-ын нийт муж, тусгай нутаг дэвсгэрт коронавирусын халдварыг бууруулахад чиглэгдэсэн янз бүрийн түвшний хязгаарлалтын чанартай арга хэмжээнүүдийг аваад байна. Эдгээрийн талаарх мэдээллийг эндээс авна уу.

Жич: Хувийн эрүүл мэндээ хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Шуурхай ажлын хэсэг болон мужуудын зүгээс өгч буй мэдээ, мэдээлэл, зөвлөмж, шийдвэр, зөвлөгөөг (social-distancing, shelter-in-place, stay home гэх мэт) мөрдөж, сонор, сэрэмжтэй байхыг уриалж байна. 

Нүүр, амны хаалт: Коронавирусын халдварын тархалтыг тогтоон барих, бууруулах арга хэмжээнүүдийн хүрээнд иргэд нүүр, амны энгийн, өдөр тутмын, гэр ахуйн нөхцөлд өөрсдөө хийж болохуйц хаалт хэрэглэж болохыг АНУ-ын Халдварт өвчинтэй тэмцэх төв (CDC)-өөс зөвлөж байгааг Шуурхай ажлын хэсгийн 2020.04.03-ны өдрийн хэвлэлийн бага хурлаар мэдээлэв. Нүүр, амны хаалт хэрэглэхийг зөвлөснөөр халдварыг бууруулахтай холбоотой бусад арга хэмжээг сулруулж байгаа явдал биш гэдгийг CDC-гээс давхар анхааруулж байгаа тул иргэд Коронавирусын халдварыг бууруулах аянддурдагдсан заавар, зөвлөмжийг үргэлжлүүлэн чанд баримталж, эрүүл мэндээ хамгаалахыг онцлон уриалж байна. Тус төвөөс харин мэргэжлийн, эрүүл мэндийн салбарт хэрэглэдэг нүүр, амны хаалт хэрэглэхийг зөвлөхгүй байгааг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. Мөн гэрийн нөхцөлд хийсэн амны хаалтыг ковбой маягийн алчуур шиг хэрэглэх тохиолдол гарч буй талаар хэвлэлээр мэдээлж, энэ нь буруу ойлголтыг үүсгэхээс гадна аюулгүй байдалд нь ноцтой үр дагавар авчирч болзошгүйг анхааруулсан байна. Иймээс иргэд өсвөр насны хүүхдүүдийн амны хаалтад анхаарал тавихыг хүсье.

АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй шинэ коронавирус COVID 19-ын тархалтын үед жижиг бизнесүүдийг дэмжих арга хэмжээний тухай

АНУ-ын Конгресс 2020.03.27-ны өдөр Коронавирусын тусламж, нөхөн олговор, эдийн засгийн аюулгүй байдлын тухай хууль (Coronavirus Aid, Relief, and Economic Security – CARES Act)-ийг баталж, улмаар коронавирусын халдвараас болж хүнд байдалд орсон жижиг бизнесүүдийг дэмжих зорилгоор 350 тэрбум ам.долларыг батласан.

Үүний үндсэн дээр тус улсын Жижиг бизнесийн хэрэг эрхлэх газар (Small Business Administration)-аас дараах 4 төрлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үүнд:

  1. Цалингийн цэсийг хамгаалах хөтөлбөр (Paycheck Protection Program);
  2. Эдийн засгийн хүндрэлтэй, онцгой нөхцөлд олгох урьдчилгаа зээл(Economic Injury Disaster Loan Emrgency Advance);
  3. Жижиг бизнесийн хэрэг эрхлэх газрын шуурхай гүүрэн зээл (SBA Express Bridge Loans);
  4. Жижиг бизнесийн хэрэг эрхлэх газрын зээлийн хөнгөлөлт, чөлөөлөлт(SBA Debt Relief) зэрэг болно.

Хэрэв Та АНУ-д жижиг бизнес эрхэлдэг бөгөөд дээрх санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй бол албан ёсны мэдээллийг эндээс, олон нийтэд ойлгомжтой болгож тайлбарласан хувилбарыг эндээс тус тус үзнэ үү.

Жич: Дээрх нь зөвхөн мэдээллийн шинжтэй бөгөөд хөтөлбөр, төсөлд хамрагдах, зээл авах, буцаан төлөх асуудлыг АНУ-д жижиг бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж өөрөө хариуцна. Цалингийн цэсийг хамгаалах хөтөлбөрт хамрагдах бол мэргэжлийн нягтлан бодогч (CPA) болон шаардлагатай асуудлаар хуульчийн зөвөлгөө авахыг ЭСЯ-ны зүгээс зөвлөж байна.   

АНУ-д зорчиж буй иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д зорчиж буй иргэд монгол дахь гэр бүлээсээ шимтгэлгүйгээр мөнгө хүлээн авах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Таны АНУ-ын визний хугацаа дуусч буй бол цагаачлалын бус виз сунгахтай холбоотой мэдээлллийг:

 Энд дарж үзнэ үү

АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д сурч буй Монгол оюутнуудад халдвараас хэрхэн сэргийлэх болон дотуур байрны асуудлаар өгөх зөвлөмжийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д байгаа Дипломат төлөөлөгчийн газруудын тухай мэдээлэл

Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

  • Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск) 
  • Цахим шуудан илгээх хаяг: monconsul@mongolianembassy.us
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002

 

  • Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
  • Цахим шуудан илгээх хаяг: sanfrancisco@mfa.gov.mnsanfrancisco.mng@gmail.com
  • ЕКГ-ын утас: 415-622-4000
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487

 

  • Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
  • Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
  • БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

 

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

 

КОРОНАВИРУС / COVID-19

Like us

Follow us