ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №20

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №20

2020.04.13

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар өдөр тутмын мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.

 

Монгол Улсад

COVID-19 халдвар бүртгэгдсэн 17
Эмчлэгдэж буй 13
Эдгэрч эмнэлгээс гарсан  4
Ажиглалтад 1678
Ажиглалтад  байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн 310

2020.04.11-нд Алтанбулагийн боомтоор 281 иргэн эх орондоо ирсэн байна. Эдгээр хүмүүсээс 169 нь Улаанбаатар хотод тусгаарлагдсан бөгөөд сэжигтэй 20 тохиолдлыг ХӨСҮТ-д, бусад хүмүүсийг амралт, сувиллын газарт тусгаарлажээ. Үлдсэн 11 хүнийг Дарханд, хоёр хүнийг Сэлэнгэд тус тус тусгаарласан байна. ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрсэн байна. Ингэснээр манай улсад коронавирусын 17 дахь тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс дөрөв нь эдгэрэн эмнэлгээс гарч, одоогоор хяналтад байна.

БНСУ-аас ирсэн 110 хүн, цэргийн төв эмнэлэгт байгаа 11, Сэлэнгэ аймагт 4, гадуур тандалтын шугамаар 13 хүнд шижилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. 2020.04.12-ны байдлаар улсын хэмжээнд нийт 230 хүнд коронавирусын шинжилгээ хийжээ.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 225 хүн тусгаарлагдан хянагдаж, эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд өвчтнүүдийн биеийн байдал хэвийн, тогтвортой байгааг ЭМЯ-наас мэдээлэв. Ажиглалтад байгаа иргэдэд 310 эмч, эмнэлгийн мэргэжилтэн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. 

Өнөөдрийг хүртэл эх орондоо амьдарч байгаа иргэдийн дунд коронавирусын халдвар гараагүй бөгөөд гаднаас зөөвөрлөгдөн ирсэн 13 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа.

Мөн коронавирусын халдвараас сэргийлэхийн тулд хилээр орж ирсэн иргэдийг Улаанбаатар хот, 6 аймгийн 52 байршил (эмнэлэг, сувилал, амралт, зочид буудал)-д тусгаарлаад байна. 2020.04.13-ны өдрийн байдлаар нийт 1678 иргэн тусгаарлалтад байна.

Ази, Европын орнуудад Covid-19-өөр залуучууд ихээр халдварлах эрсдэлтэй байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн байна. Тиймээс залуу хүмүүс коронавирусын халдвар тусахгүй хэмээн бодож амны хаалт зүүхгүй явж болохгүй. Хөл хорио хязгаарлалтыг заавал дагаж мөрдөх хэрэгтэй байна. Нийт тохиолдлын тоо нэмэгдэж дөрөв, тавдугаар саруудад оргил үедээ хүрнэ гэсэн таамгийг эрдэмтэд дэвшүүлж буйг ЭМЯ-наас мэдээллээ.

ДЭМБ-аас коронавируст халдварын үед дараах хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлаа дэмжиж халдвар авах эрсдлийг бууруулах талаар зөвлөмж гаргажээ. Үүнд:

  • Шингэний хэрэглээ:
    Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, ногоон цай, кофе, жимсний жүүс уух.
    Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах.
  • Өөх, тосны хэрэглээ:
    Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос түлхүү хэрэглэх
    Транс тос хэрэглэхгүй байх
    Давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзах.
  • Мах, махан бүтээгдэхүүн:
    Халуун шөлтэй хоол идэх
    Өндөг
    Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, чипс, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах
    Давс багатай бүтээгдэхүүн хэрэглэх
  • Жимс, хүнсний ногоо:
    Нимбэг, чацаргана, аньс, хан боргоцой, жүрж, бэрсүүт жүрж, авокадо, манго, нэрс, хар усан үзэм, хар чавга, улаан лооль зэрэг витамин B, С, E агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэж хүчил, шүлтийг тэнцвэржүүлж дархлаагаа дэмжих.

Бууцай, яншуй, хаш, хулуу, самар лууван, сонгино, сармис, брокколи, вандуй түлхүү хэрэглэх.

  • Гурил, гурилан бүтээгдэхүүн:
    Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх
    Шар будаа, гурвалжин будаа хэрэглэх
    Цагаан гурилан бүтээгдэхүүн, ялангуяа жигнэмэг, бялуу, шоколаднаас татгалзах
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн:
    Халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух
    Ааруул, ээзгий, бяслаг түлхүү хэрэглэх зэрэг болно.
  • Эрүүл мэндийн яамны 2020.04.13-ны өдрийн ХБХ-ын мэдээллийг энд дарж үзнэ үү.
  • Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: “Хүн бүр хичээхгүй бол гадуур ч гарах эрхгүй болох эрсдэл бий” гарчигтай мэдээллийг энд дарж үзнэ үү.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын хэмжээнд тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдийг хүн тус бүрээр нэг өрөөнд байхаар тусгаарлалт хийж байна.

Түүнчлэн 2020.04.11-нд УОК-оос цаг үеийн асуудлуудад дараах шийдвэр гаргажээ. Үүнд:

  • “Амны хаалтаа зүүцгээе” аяныг 2020.05.31 дуустал орон даяар өрнүүлэх.
  • БНСУ-руу дөрөвдүгээр сардаа багтааж тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн ч бэлтгэлээ сайтар хангасны дараа эцэслэн шийдвэрлэх.
  • Амны хаалт зүүх талаар иргэд бие биедээ сануулж, зөвлөдөг байх.
  • Амны хаалтаа зүүж, гараа савандаж угаах, ариутгагч шингэн хэрэглэх талаар 7 хоногт 2-3 удаа дуут сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч байх.
  • Олон нийтийн эргүүл, байцаагч нарын тоог нэмэх.
  • Худалдаа, үйлчилгээний газрууд амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй байх.
  • Халдварын эрсдэлээс сэргийлэх чиглэлээр иргэдийн ухамсар, соёлыг дээшлүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

  • ГХЯ: Монголчууд төрдөө итгэж, хүлээцтэй хандах нь чухлыг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг news.mn сайтад өгсөн ярилцлагын үеэр онцолсон байна. Ярилцлагын дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

2020.03.23-наас Цагааннуурын боомт, 2020.03.28-наас Алтанбулагийн боомтыг түр хаах УОК-ын шийдвэр хэвээр үйлчилж байна. Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан.

 

АНУ-д

Цаг үеийн мэдээлэл:

Тоо, статистик: 2020.04.13-ны байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 560 орчим мянган коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 41 мянга гаруй хүн эдгэрч, 22 мянга орчим хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээс авна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу.

Коронавирусын халдвар АНУ-д тархаж эхэлснээсээ хойш анх удаа хугарлын цэг дээр ирж байгааг Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсгийн мэргэжилтнүүд өчигдрийн (2020.04.10) хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн. Тус улсын хэд хэдэн муж, томоохон хот суурин газарт халдварын хэмжээ огцом буюу 4 дахин нэмэгдэж байсан бол сүүлийн үед эрч суларч эхэлж байгаа, мөн Бостон, Чикаго зэрэг хотод халдварын тархалтын хэмжээ тогтворжиж байгаа зэргийг мэргэжилтнүүд онцлов. Нөхцөл байдал ийм эерэг хандлагатай байгаа ч халдварын түвшин туйлдаа хүрээгүй байгааг Шуурхай ажлын хэсгээс онцолж, иргэдийг халдварын тархалт, эрчийг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн ягштал хэрэгжүүлэхийг дахин уриалав.

Өнөөдрийн байдлаар АНУ-д 2 сая гаруй хүнийг коронавирусын халдварын оношлогоонд хамруулжээ. Халдварын нөхцөл байдалтай холбоотой тоо, статистик нэмэгдэж байгаа ч халдварын улмаас эмнэлэгт хэвтэх тохиолдол эрс буурч байгаа зэрэг эерэг чиг хандлага ажиглагдаж байгааг Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсгийн мэргэжилтнүүд 2020.04.09-ний өдрийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мөн мэдээлсэн. Халдварын тархалт, эрчийг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байна хэмээн эдгээр мэргэжилтэн үзэж, иргэдийг эдгээр арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн чухлыг онцлов.

Нийслэл Вашингтон хотын бүс нутгийн нөхцөл байдал: Вашингтон хот, Мэриланд, Виржиниа зэрэг мужид өнөөдрийн байдлаар коронавирусын 14,000 орчим халдварын тохиолдол бүртгэгдээд байна. 2020.04.06-ны өдөр болсон Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсэг, АНУ-ын нийт мужийн Амбан захирагч нарын ээлжит теле-бага хурлын үеэр уг ажлын хэсгээс нийслэл Вашингтон хотын бүс нутгийг халдварын голомт хэмээн тодорхойлсон. Вашингтон хотын бүс нутагт “stay home” төрлийн хөл хориог бүрэн тогтоож, иргэдийг онцын шаардлагагүй хэргээр гэрээс гарахыг холбогдох захирамжаар хориглоод байна. Тус ЭСЯ-наас энэхүү нөхцөл байдалд уялдуулан иргэдэд цахим үйлчилгээ үзүүлж, АНУ дахь коронавирусын халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд зориулан тогтмол шинэчлэн хүргэж ирсэн бөгөөд энэхүү мэдээлэлтэй танилцаж, сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.

Коронавирусын халдварыг бууруулах аян 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Мужуудын зүгээс авч байгаа арга хэмжээ: АНУ-ын нийт муж, тусгай нутаг дэвсгэрт коронавирусын халдварыг бууруулахад чиглэгдэсэн янз бүрийн түвшний хязгаарлалтын чанартай арга хэмжээнүүдийг аваад байна. Эдгээрийн талаарх мэдээллийг эндээс авна уу.

Жич: Хувийн эрүүл мэндээ хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Шуурхай ажлын хэсэг болон мужуудын зүгээс өгч буй мэдээ, мэдээлэл, зөвлөмж, шийдвэр, зөвлөгөөг (social-distancing, shelter-in-place, stay home гэх мэт) мөрдөж, сонор, сэрэмжтэй байхыг уриалж байна.

Нүүр, амны хаалт:

Коронавирусын халдварын тархалтыг тогтоон барих, бууруулах арга хэмжээнүүдийн хүрээнд иргэд нүүр, амны энгийн, өдөр тутмын, гэр ахуйн нөхцөлд өөрсдөө хийж болохуйц хаалт хэрэглэж болохыг АНУ-ын Халдварт өвчинтэй тэмцэх төв (CDC)-өөс зөвлөж байгааг Шуурхай ажлын хэсгийн 2020.04.03-ны өдрийн хэвлэлийн бага хурлаар мэдээлсэн. Нүүр, амны хаалт хэрэглэхийг зөвлөснөөр халдварыг бууруулахтай холбоотой бусад арга хэмжээг сулруулж байгаа явдал биш гэдгийг CDC-гээс давхар анхааруулж байгаа тул иргэд Коронавирусын халдварыг бууруулах аянд дурдагдсан заавар, зөвлөмжийг үргэлжлүүлэн чанд баримталж, эрүүл мэндээ хамгаалахыг онцлон уриалж байна. Тус төвөөс харин мэргэжлийн, эрүүл мэндийн салбарт хэрэглэдэг нүүр, амны хаалт хэрэглэхийг зөвлөхгүй байгааг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Дээр дурдсанаар нүүр, амны хаалтыг хүнсний дэлгүүр орох зэрэг олон нийтийн газар онц шаардлагатай шалтгаанаар явахаар бол хэрэглэж байхыг CDC-гээс зөвлөж байгаа бол зарим нэг муж, орон нутгийн захиргаанаас ийм төрлийн газраар явахдаа заавал нүүр, амны хаалт хэрэглэхийг шаардаж эхэлсэн тул иргэд оршин суугаа муж, орон нутгийн захиргааны эрүүл мэндийн байгууллагын цахим хуудас руу орж, тухайн нутаг дэвсгэрт ямар журам үйлчилж байгаатай танилцах нь зүйтэй. Мужийн эрүүл мэндийн байгууллагуудын цахим хуудсыг эндээс авна уу. Мөн гэрийн нөхцөлд хийсэн амны хаалтыг ковбой маягийн алчуур шиг хэрэглэх тохиолдол гарч буй талаар хэвлэлээр мэдээлж, энэ нь буруу ойлголтыг үүсгэхээс гадна аюулгүй байдалд нь ноцтой үр дагавар авчирч болзошгүйг анхааруулсан байна. Иймээс иргэд өсвөр насны хүүхдүүдийн амны хаалтад анхаарал тавихыг хүсье.

АНУ-д зорчиж буй иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д зорчиж буй иргэд монгол дахь гэр бүлээсээ шимтгэлгүйгээр мөнгө хүлээн авах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Таны АНУ-ын визний хугацаа дуусч буй бол цагаачлалын бус виз сунгахтай холбоотой мэдээлллийг:

 Энд дарж үзнэ үү

АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д сурч буй Монгол оюутнуудад халдвараас хэрхэн сэргийлэх болон дотуур байрны асуудлаар өгөх зөвлөмжийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Та АНУ-д жижиг бизнес эрхэлдэг бөгөөд жижиг бизнесийг дэмжих талаар АНУ-ын Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар мэдээлэл авах бол:

Энд дарж үзнэ үү

АНУ-д байгаа Дипломат төлөөлөгчийн газруудын тухай мэдээлэл

Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

  • Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск) 
  • Цахим шуудан илгээх хаяг: monconsul@mongolianembassy.us
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002

 

  • Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
  • Цахим шуудан илгээх хаяг: sanfrancisco@mfa.gov.mnsanfrancisco.mng@gmail.com
  • ЕКГ-ын утас: 415-622-4000
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487

 

  • Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
  • Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
  • БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

 

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

 

КОРОНАВИРУС / COVID-19

Like us

Follow us