ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №23

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №23

2020.04.16

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар өдөр тутмын мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.

 

Монгол Улсад

COVID-19 халдвар бүртгэгдсэн 31
Эмчлэгдэж буй 26
Эдгэрч эмнэлгээс гарсан  5
Ажиглалтад 1669
Ажиглалтад  байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн 310

Өнөөдөр буюу 2020.04.16-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Алтанбулаг боомтод ажиллаад ирсэн эмч, ажилтан, тээврийн жолооч нарын 44 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Өчигдөр  /2020.04.15/ нийт 84 хүнд шинжилгээ хийсэн байна.

Харин 2020.04.12-нд ОХУ-аас ирээд Амар зочид буудалд тусгаарлагдаж байсан нэг иргэнээс коронавирусын халдвар илэрсэн байна. Халдвар илэрсэн нэг иргэн Дархан-Уул аймагт тусгаарлагдах хугацаанд батлагдсан иргэний ойрын хавьтлын 30 хүний дотроос илэрсэн. Ингэснээр манай улсад 31 дэх тохиолдол бүртгэгдлээ. Батлагдсан 31 тохиолдлын тав нь эдгэрч эмнэлгээс гарсан бол үлдсэн 26 хүн нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна. ХӨСҮТ-д 245 хүний тандалт эмчилгээ үргэлжилж байна. Эдгэрч эмнэлгээс гарсан 5 хүний ийлдсэнд дахин шинжилгээ хийхэд нэг хүний ийлдсээс эсрэг бие илэрсэн байна. Иймд тандалт, эмчилгээнээс гадна судалгаа шинжилгээний ажлыг үргэлжлүүлж байгааг ЭМЯ-наас мэдээлэв.

Улсын хэмжээд нийт 5000 гаруй хүнд коронавирусын шинжилгээ хийхэд 31 тохиолдол батлагдсан. Эдгээр нь бүгд гаднаас зөөвөрлөгдсөн байна.

Эрсдлийн үнэлгээгээр Монгол Улсад халдвар тархах эрсдэл маш өндөр байна. Тиймээс иргэд эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагаж хэрэгжүүлэх нь нэн чухал юм.

  • Эрүүл мэндийн яамны 2020.04.16-ны өдрийн ХБХ-ын мэдээллийг энд дарж үзнэ үү.

ЭМЯНЫ ЗӨВЛӨМЖ: Агаар дуслын замаар хүнээс хүнд халдварладаг коронавирусын халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга бол амны хаалт зүүх, гараа тогтмол угаах. Мөн хүмүүс хоорондоо 1.5-2 метрийн зай барьснаар өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах, халдвар тархахгүй байхаас сэргийлнэ. Зай барих тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй уг зөвлөмжийг улс орнуудад хэрэгжүүлсэн туршлагаас харахад үр дүнгээ өгч байгаа. Эрүүл мэндийн байгууллагаас зай барих зөвлөмжийг дагаж мөрдөхийг аж ахуйн нэгж, иргэдэд уриалж байна.

Эрүүл мэндийн яамнаас иргэдэд хэрхэн зайнаас харилцах, олон нийтийн газарт 1.5-2 метрийн зай барих талаар дараах зөвлөмж өглөө. Үүнд:

  • Коронавирусын халдвар нь хамгийн багадаа 3-4 хүнд халдварладаг болох нь судалгаагаар тогтоожээ. Энэ тоо нэмэгдсээр цаашид хүн амын дундах тархалтад нөлөөлөх аюултай тул хүмүүс хоорондоо хоёр метрийн зай барих нь хамгийн аюулгүй.
  • Гар барьж мэндлэх, мөрөн дээр гар тавихаас татгалзах, тэврэлдэхээс татгалзах.
  • Худалдаа үйлчилгээний газрууд агаар сэлгэлт хийх. Бүгчим, агаар сэлгэлт муу байхад вирус гадаргуу дээр бууж, гараар дамжин бохирдож, нүдэнд халдварлах аюултай.
  • Амны хаалт зүүх.
  • Шаардлагагүй уулзалтаас татгалзах. Аль болох хүнтэй уулзахгүй байх зэрэг болно.

Улсын онцгой комиссын 17 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос 58 монгол иргэнийг Замын-Үүд боомтоор хил нэвтрүүлсэн байна.  Иргэдийн 27 нь эрэгтэй, 31 нь эмэгтэй бөгөөд:

  • 0-5 насны хүүхэд 5
  • 5-18 насны 2
  • 18-30 насны 20
  • 30-45 насны 21
  • 50-иас дээш насны 8
  • Өндөр настан 1
  • Жирэмсэн 1 хүн байна.

Гуравдагч орон, БНХАУ-ын бусад муж, хотоос ирсэн болон Эрээн хотод байсан иргэдийг 14 хоног тусгаарлаж, урьдчилан сэргийлэх үзлэгт тухай бүр нь хамруулсан. Иргэдийг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

  • БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Хичээл сургалтын үйл ажиллагааг 2020 оны 9 дүгээр сарын 1-н хүртэл зогсоох шийдвэр гаргасан талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү.

2020.03.23-наас Цагааннуурын боомт, 2020.03.28-наас Алтанбулагийн боомтыг түр хаах УОК-ын шийдвэр хэвээр үйлчилж байна. Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан.

 

АНУ-д

Цаг үеийн мэдээлэл:

Тоо, статистик: 2020.04.16-ны байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 645 мянга орчимкоронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 51 мянга гаруй хүн эдгэрч, 28 мянга гаруй хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээс авна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу. Өнөөдрийн байдлаар АНУ-д 3,3 сая гаруй хүнийг коронавирусын халдварын оношлогоонд хамруулжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 2020.04.15-ны өдөр хийсэн хэвлэлийн бага хурлаар тус орны хувьд коронавирусын халдварын шинээр илрэх тохиолдлуудын оргил үеийг давсан гэж мэдэгдэв. Нью Йорк, Нью Орлеанс, Хьюстон зэрэг хотод халдварын шинэ тохиолдлууд буурч, Детройт, Денвер дэх нөхцөл байдал тогтворжиж, нийслэл Вашингтон, Балтимор, Филадельфи, Сэйнт Лүис зэрэг хотод нөхцөл байдал сайжрах төлөвтэй байгаа зэргийг тэрбээр онцлов. Түүнчлэн өнөөдрийн байдлаар АНУ-ын нийт нутаг дэвсгэрийн 25 хувьд халдварын тохиолдол огт илрээгүй, 2500 хүртэлх халдварын тохиолдолтой мужууд халдвар илэрсэн нийт мужийн тал шахам хувийг эзэлж байгааг Дэд Ерөнхийлөгч М.Пэнс мэдээлэв. Халдварын тохиолдол илэрсэн нийт 29 мужид нөхцөл байдал сайжирч байгааг Ерөнхийлөгч Д.Трамп мөн онцолсон. АНУ-ын нийт 9 мужид халдварын тохиолдол нэг мянгаас бага, эдгээр мужид өдөр тутмын халдварын шинэ тохиолдлын тоо 30-аас бага байгаа, ерөнхийдөө муж, хот, орон нутгийн захиргаа (каунти) тус бүрээр нөхцөл байдал сайжирч байгаа ч иргэдийг халдварын тархалт, эрчийг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн ягштал хэрэгжүүлэхийг Шуурхай ажлын хэсгээс уриалсаар байгаа.

Коронавирусын халдвартай тэмцэх хүрээнд авч хэрэгжүүлж ирсэн хязгаарлалтын арга хэмжээнүүдийг шат дараалсан байдлаар бууруулах, АНУ-ын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хэвийн байдалд шилжүүлэхээр төлөвлөж байгаагаа Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдээд байна. Энэ ажил АНУ дахь халдварын нөхцөл байдал муж, орон нутгийн захиргаа тус бүрээр харилцан адилгүй, өөр байгаа байдлыг харгалзсаны үндсэн дээр хийгдэх аж. Иймд иргэд тухайн муж, орон нутгийн захиргааны албаны төлөөлөгчдийн мэдээлэл, шийдвэрийг байнга ажиглаж байхад анхаарна уу. Тухайлбал, нийслэл Вашингтон хотын захиргааны зүгээс тус хотод хязгаарлалтын арга хэмжээ хэрэгжих хугацааг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлүүлэхээр сунгасан.

Түүнчлэн нэлээд хэдэн муж коронавирусын халдварын талаарх мэдээллээ дүүрэг тус бүрээр нарийвчлан гаргаж эхлээд байна. Иймд иргэд тухайн мужийн эрүүл мэндийн байгууллагын эсвэл амбан захирагчийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан амьдарч байгаа дүүргийнхээ халдварын талаарх мэдээлэлтэй танилцаж, үргэлжлүүлэн сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.

Коронавирусын халдварыг бууруулах аян 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Нийслэл Вашингтон хотын бүс нутгийн нөхцөл байдал: Вашингтон хот, Мэриланд, Виржиниа зэрэг мужид өнөөдрийн байдлаар коронавирусын 20 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдээд байна. 2020.04.06-ны өдөр болсон Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсэг, АНУ-ын нийт мужийн Амбан захирагч нарын ээлжит теле-бага хурлын үеэр уг ажлын хэсгээс нийслэл Вашингтон хотын бүс нутгийг халдварын голомт хэмээн тодорхойлсон. Вашингтон хотын бүс нутагт “stay home” төрлийн хөл хориог бүрэн тогтоож, иргэдийг онцын шаардлагагүй хэргээр гэрээс гарахыг холбогдох захирамжаар хориглоод байна. Тус ЭСЯ-наас энэхүү нөхцөл байдалд уялдуулан иргэдэд цахим үйлчилгээ үзүүлж, АНУ дахь коронавирусын халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд зориулан тогтмол шинэчлэн хүргэж ирсэн бөгөөд энэхүү мэдээлэлтэй танилцаж, сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.

Мужуудын зүгээс авч байгаа арга хэмжээ: АНУ-ын нийт муж, тусгай нутаг дэвсгэрт коронавирусын халдварыг бууруулахад чиглэгдэсэн янз бүрийн түвшний хязгаарлалтын чанартай арга хэмжээнүүдийг аваад байна. Эдгээрийн талаарх мэдээллийг эндээс авна уу.

Жич: Хувийн эрүүл мэндээ хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Шуурхай ажлын хэсэг болон мужуудын зүгээс өгч буй мэдээ, мэдээлэл, зөвлөмж, шийдвэр, зөвлөгөөг (social-distancing, shelter-in-place, stay home гэх мэт) мөрдөж, сонор, сэрэмжтэй байхыг уриалж байна.

Нүүр, амны хаалт:

Коронавирусын халдварын тархалтыг тогтоон барих, бууруулах арга хэмжээнүүдийн хүрээнд иргэд нүүр, амны энгийн, өдөр тутмын, гэр ахуйн нөхцөлд өөрсдөө хийж болохуйц хаалт хэрэглэж болохыг АНУ-ын Халдварт өвчинтэй тэмцэх төв (CDC)-өөс зөвлөж байгааг Шуурхай ажлын хэсгийн 2020.04.03-ны өдрийн хэвлэлийн бага хурлаар мэдээлсэн. Нүүр, амны хаалт хэрэглэхийг зөвлөснөөр халдварыг бууруулахтай холбоотой бусад арга хэмжээг сулруулж байгаа явдал биш гэдгийг CDC-гээс давхар анхааруулж байгаа тул иргэд Коронавирусын халдварыг бууруулах аянд дурдагдсан заавар, зөвлөмжийг үргэлжлүүлэн чанд баримталж, эрүүл мэндээ хамгаалахыг онцлон уриалж байна. Тус төвөөс харин мэргэжлийн, эрүүл мэндийн салбарт хэрэглэдэг нүүр, амны хаалт хэрэглэхийг зөвлөхгүй байгааг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Дээр дурдсанаар нүүр, амны хаалтыг хүнсний дэлгүүр орох зэрэг олон нийтийн газар онц шаардлагатай шалтгаанаар явахаар бол хэрэглэж байхыг CDC-гээс зөвлөж байгаа бол зарим нэг муж, орон нутгийн захиргаанаас ийм төрлийн газраар явахдаа заавал нүүр, амны хаалт хэрэглэхийг шаардаж эхэлсэн тул иргэд оршин суугаа муж, орон нутгийн захиргааны эрүүл мэндийн байгууллагын цахим хуудас руу орж, тухайн нутаг дэвсгэрт ямар журам үйлчилж байгаатай танилцах нь зүйтэй. Мужийн эрүүл мэндийн байгууллагуудын цахим хуудсыг эндээс авна уу. Мөн гэрийн нөхцөлд хийсэн амны хаалтыг ковбой маягийн алчуур шиг хэрэглэх тохиолдол гарч буй талаар хэвлэлээр мэдээлж, энэ нь буруу ойлголтыг үүсгэхээс гадна аюулгүй байдалд нь ноцтой үр дагавар авчирч болзошгүйг анхааруулсан байна. Иймээс иргэд өсвөр насны хүүхдүүдийн амны хаалтад анхаарал тавихыг хүсье.

АНУ-ын Калифорни мужийн амбан захирагчийн мэдэгдлийн тухай

Тус мужийн амбан захирагч Г.Ньюсом энэ сарын 15-ны өдөр COVID-19 цар тахлын улмаас  ажилгүй эсхүл цалингүй болсон  олон сая иргэддээ хандаж 4 дүгээр сарын 28-наас эхлэн өглөөний 8:00 цагаас оройны 20:00 цаг хүртэл ажиллах нэг цонхны үйлчилгээ үзүүлэх замаар “Гамшгийн тусламжийн сан”-гаас 75 сая ам.долларын тусламж үзүүлэх санаачлага гаргаснаа мэдэгдэв.

Энэ санаачилгын хүрээнд Калифорни мужийн  ажиллах хүчний 10%-ийг бүрдүүлж, муж болон дүүргийн хэмжээнд 2.5 тэрбум ам.долларын татвар төлсөн, АНУ-д хууль ёсоор оршин суух баримт бичгээ аваагүй байгаа гадаадын иргэдэд зориулан тэтгэмж өгөхөөр нэмэлт 50 сая ам.долларыг хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй  Төрийн бус байгууллагуудтай хамтран санхүүжүүлэх болжээ.

Тэтгэмжийг хэрхэн олгох талаарх нөхцөл нь эцэслэн тодроогүй байгаа тул тухайн үеийн дэлгэрэнгүй мэдээллийг Сан Франциско дахь ЕКГ-аас авна уу. (Утас: 415-622-4000, 415-215-2487 sanfrancisco@mfa.gov.mnsanfrancisco.mng@gmail.com )

АНУ-д зорчиж буй иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д зорчиж буй иргэд монгол дахь гэр бүлээсээ шимтгэлгүйгээр мөнгө хүлээн авах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Таны АНУ-ын визний хугацаа дуусч буй бол цагаачлалын бус виз сунгахтай холбоотой мэдээлллийг:

 Энд дарж үзнэ үү

АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү 

АНУ-д сурч буй Монгол оюутнуудад халдвараас хэрхэн сэргийлэх болон дотуур байрны асуудлаар өгөх зөвлөмжийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Та АНУ-д жижиг бизнес эрхэлдэг бөгөөд жижиг бизнесийг дэмжих талаар АНУ-ын Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар мэдээлэл авах бол:

Энд дарж үзнэ үү

 

АНУ-д байгаа Дипломат төлөөлөгчийн газруудын тухай мэдээлэл

Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

  • Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск) 
  • Цахим шуудан илгээх хаяг: monconsul@mongolianembassy.us
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002

 

  • Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
  • Цахим шуудан илгээх хаяг: sanfrancisco@mfa.gov.mnsanfrancisco.mng@gmail.com
  • ЕКГ-ын утас: 415-622-4000
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487

 

  • Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
  • Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
  • БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

 

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

 

КОРОНАВИРУС / COVID-19

Like us

Follow us