ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №24

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №24

2020.04.17

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар өдөр тутмын мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.

 

Монгол Улсад

COVID-19 халдвар бүртгэгдсэн 31
Эмчлэгдэж буй 26
Эдгэрч эмнэлгээс гарсан  5
Ажиглалтад 1642
Ажиглалтад  байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн 310

Өнөөдөр буюу 2020.04.17-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Ажиглалтад байсан 164 хүний тусгаарлалтын хугацаа нь дууссан, мөн хоёр удаа шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй тул гэрийн ажиглалтад шилжүүлсэн байна. Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сараас хойш тандалтын зорилгоор 1124 хүнд шинжилгээ хийсэн. Энэ нь Монгол Улсад коронавирусын халдвар байгаа эсэхийг тогтооход маш чухал судалгаа юм.

Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусын халдвартай 31 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд уг батлагдсан 31 тохиолдлын тав нь эдгэрч эмнэлгээс гарсан бол үлдсэн 26 хүн нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна. ХӨСҮТ-д 243 хүн эмчилгээ, хяналтад байгааг ЭМЯ-наас мэдээлэв.

2020.04.16-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос 58 монгол иргэнийг Замын-Үүд боомтоор хил нэвтрүүлсэн байна. Эдгээр иргэдээс нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлан, үзлэг шинжилгээг хийж байна. Үлдсэн иргэдийг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 21 хоног тусгаарласан байна.

Эрсдлийн үнэлгээгээр Монгол Улсад халдвар тархах эрсдэл маш өндөр байна. Тиймээс иргэд эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагаж хэрэгжүүлэх нь нэн чухал юм.

  • Эрүүл мэндийн яамны 2020.04.17-ны өдрийн ХБХ-ын мэдээллийг энд дарж үзнэ үү.

ЭМЯ–НЫ ЗӨВЛӨМЖ: Агаар дуслын замаар хүнээс хүнд халдварладаг коронавирусын халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга бол амны хаалт зүүх, гараа тогтмол угаах. Мөн хүмүүс хоорондоо 1.5-2 метрийн зай барьснаар өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах, халдвар тархахгүй байхаас сэргийлнэ. Зай барих тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй уг зөвлөмжийг улс орнуудад хэрэгжүүлсэн туршлагаас харахад үр дүнгээ өгч байгаа. Эрүүл мэндийн байгууллагаас зай барих зөвлөмжийг дагаж мөрдөхийг аж ахуйн нэгж, иргэдэд уриалж байна.

Эрүүл мэндийн яамнаас иргэдэд хэрхэн зайнаас харилцах, олон нийтийн газарт 1.5-2 метрийн зай барих талаар дараах зөвлөмж өглөө. Үүнд:

  • Коронавирусын халдвар нь хамгийн багадаа 3-4 хүнд халдварладаг болох нь судалгаагаар тогтоожээ. Энэ тоо нэмэгдсээр цаашид хүн амын дундах тархалтад нөлөөлөх аюултай тул хүмүүс хоорондоо хоёр метрийн зай барих нь хамгийн аюулгүй.
  • Гар барьж мэндлэх, мөрөн дээр гар тавихаас татгалзах, тэврэлдэхээс татгалзах.
  • Худалдаа үйлчилгээний газрууд агаар сэлгэлт хийх. Бүгчим, агаар сэлгэлт муу байхад вирус гадаргуу дээр бууж, гараар дамжин бохирдож, нүдэнд халдварлах аюултай.
  • Амны хаалт зүүх.
  • Шаардлагагүй уулзалтаас татгалзах. Аль болох хүнтэй уулзахгүй байх зэрэг болно.

Өнөөдөр (2020.04.17) Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд мөрдөгдөх Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл 4 бүлэг 19 зүйлтэй. Төсөлд:

  • Хуулийн үйлчлэл болон коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд баримтлах зарчим, хамрах хүрээ, нэр томьёог тодорхойлох.
  • Өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Засгийн газар, Улсын онцгой комисс болон бусад байгууллагын шийдвэрлэх асуудал, чиг үүрэг, тэдгээрийн харилцан ажиллагаа, тухайлбал, коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед Засгийн газраас хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалт тогтоох зэрэг шаардлагатай арга хэмжээг авч, тэдгээрт мөрдөх дэглэм, журам, зааврыг батлах эрх олгох.
  • Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар төрийн байгууллага, албан тушаалтан нь Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээнд нийцүулэн хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөвхөн нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгод хүрэхэд зайлшгүй арга хэмжээг авах, түүнчлэн гаргах аливаа шийдвэр нь эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий, доромж хандлагаас ангид байх туйлын эрхийг хүндэтгэх, ялгаварлан гадуурхахгүй байх шаардлагыг хангахтай холбоотой зохицуулалт.
  • Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг, хориглох зүйлийг тодорхой тусгасан байна. Тодруулбал, татан авалт, тусгаарлалт, эмчилгээ, үйлчилгээ, ариутгал, халдваргүйтгэл зэрэгтэй холбогдон гарах зайлшгүй зардлыг төлөх асуудлыг хуулиар зохицуулах нь оновчтой хэмээн үзжээ. Үүний зэрэгцээ бусад зохицуулалтын хүрээнд хандив, эд хөрөнгийн дайчилгаа, түүний нөхөн олговор зэрэгтэй холбогдсон харилцааг хуульчлахаар боловсруулсан байна.

Хуулийн төслийг баталснаар коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахпаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар шаардлагатай арга хэмжээг шуурхай авах эрх зүйн орчин бүрдэнэ. Хуулийн төсөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

2020.04.16-нд Улсын онцгой комиссын шийдвэрийн дагууАмны хаалтаа зүүцгээе” аяныг улс орон даяар өрнүүлж байгаатай холбогдуулан аяныг зохион байгуулах нэгдсэн удирдамжийг баталлаа.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх, халдвараас сэргийлэх, эрүүл ахуйн зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэх зорилготой юм.

“Амны хаалт-Бидний аюулгүйн баталгаа” уриатайгаар зохион байгуулагдаж байгаа тус аян 2020 оны 05 дугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Хичээл сургалтын үйл ажиллагааг 2020 оны 9 дүгээр сарын 1-н хүртэл зогсоох шийдвэр гаргасан талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү.

2020.03.23-наас Цагааннуурын боомт, 2020.03.28-наас Алтанбулагийн боомтыг түр хаах УОК-ын шийдвэр хэвээр үйлчилж байна. Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан.

 

АНУ-д

Ярилцлага: Цаг үеийн асуудлаар Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр 2020.04.17-ны өдөр өгсөн ярилцлагыг энд дарж үзнэ үү.

Цаг үеийн мэдээлэл:

Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсгийн 2020.04.16-ны өдрийн хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп коронавирусын халдварын шинээр илрэх тохиолдлууд тогтмол буурч байгааг дурдаад, бид оргил үеийг давсан гэж мэдэгдэв. Улмаар тус орны эдийн засаг, нийгмийг хэвийн байдал буцаан оруулах “Opening Up America Again” зааварчилгааг танилцуулав. Энэхүү зааварчилгааны хүрээнд халдварын нөхцөл байдал муж, орон нутгийн захиргаа тус бүрээр харилцан адилгүй байгааг харгалзсаны үндсэн дээр холбогдох мужууд 3 түвшний үечлэл бүхий шат дараалсан арга хэмжээг авах юм байна. Муж, орон нутгийн захиргааны нөхцөл байдалтай уялдуулж, тухайн мужийн амбан захирагч эдийн засаг, нийгмийн байдлаа хэрхэн хэвийн байдалд оруулах талаар шийдвэрлэхийг Ерөнхийлөгч Д.Трамп онцлов.

Ерөнхийлөгч Д.Трамп АНУ-ын хувьд 3,5 сая иргэнд шинжилгээ хийгээд байгаа, цаашид долоо хоногт тутамд 1 сая хүртэлх иргэнд шинжилгээ хийх боломжийг бий болгосон, ирэх 14 хоногийн хугацаанд өвчний тархалт, тооноос хамааран дээрх төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлж COVID-19 вирустай хийж буй тэмцлээ дараагийн шатанд хүргэж эдийн засаг нийгмийн хөгжлийн хэвийн байдалд шилжүүлэх болно гэж мэдэгдлээ.

Дээрх заавалчилгааны дагуу халдварын нөхцөл байдал муж, орон нутгийн захиргаа тус бүрээр харилцан адилгүй, өөр байгаа байдлыг харгалзсаны үндсэн дээр шат дараалалтай хийгдэх тул иргэд тухайн муж, орон нутгийн захиргааны албаны төлөөлөгчдийн мэдээлэл, шийдвэрийг байнга ажиглаж байхад анхаарна уу

Хэвлэлийн бага хуралтай холбогдуулан иргэдэд анхааруулах нь:

  1. Оргил үе муж, мужуудад өөр байгаа тул үндэсний хэмжээний үзүүлэлт, Таны оршин суугаа мужийн үзүүлэлт зөрөх магадлалтай. Иймээс муж, орон нутгийн шийдвэрийг үндэслэл болгоно уу.
  2. Хөл хорионы арга хэмжээг зөөллөснөөр хүний хөдөлгөөн их болж, цар тахлын хувьд эрсдэл өндөрсөх магадлалтай тул хувийн эрүүл мэндийн аюулгүй байдлын арга хэмжээгээ улам сайжруулахад анхаарна уу. 

Нийгэм, эдийн засгийг хэвийн байдалд оруулах удирдамжийн талаар

Цагаан ордон 2020.04.16-ны өдөр мужуудын захирагч нарт зориулж улсын хэмжээнд мөрдөгдөж буй хорио цээрийн дэглэмийг үе шаттайгаар бууруулах зааварчилгаа буюу “guidelines” гаргасан. Уг зааварчилгаа нь 3 үе шаттай хэрэгжих бөгөөд тухайн муж, засаг захиргаан нэгж тодорхой нөхцлийг хангасан тохиолдолд нийгэм, эдийн засгийн харилцааг хэвийн түвшинд үе шаттайгаар хүргэх зорилготой юм байна.

Хорио цээрийн дэглэмийг үе шаттай бууруулах үндсэн нөхцөл нь:

  • Коронавирусын шинж тэмдэг 14 хоногийн хугацаанд тасралтгүй буурах.
  • Коронавирусын халдварын илэрц 14 хоногийн хугацаанд буурах.
  • Мужуудад буй эмнэлгийн хүрэлцээ тухайн мужийн өвчлөгсдийн тоонд хангалттай байх.
  • Коронавирусын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тухайн муж сэжигтэй тохиолдол бүрийг бүрэн тестлэх чадвартай бай зэрэг болно.

Хорио цээрийн дэглэмийг бууруулах дээрх үндсэн нөхцлүүд бүгд хангагдсан тохиолдолд зааварчилгааны 1 дүгээр үе шатыг хэрэгжүүлнэ. Энэхүү зааварчилгаанд тодорхой эхлэх хугацаа заагаагүй бөгөөд хэрвээ үе шат руу шилжих үед үндсэн нөхцөл байдал өөрчлөгдөх тохиолдолд буцах, хорио цээрийг эргүүлэн тогтоох боломжтой байна.

Хорио цээрийн дэглэмийг бууруулах зааварчилгаа нь дараах 3 үе шатаас бүрдэж байна. Үүнд:

1 дүгээр үе шатанд тухайн мужийн зүгээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед дагаж мөрдөж байгаа халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдөх нөхцөлтэйгээр ресторан, кино театр, спорт заал, сүм хийд болон фитнес төвүүдийг нээж болно (нэг дор 10-аас дээш хүн цугларахгүй байхаар зохион байгуулна). Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээнээс бусад зайлшгүй биш хагалгаа болох гоо сайхны хагалгаа, шүдний эмнэлэг зэрэг сонголттойгоор үйлчлүүлэх боломжтой эмнэлгийн үйлчилгээг мөн нээж болно. Сургууль, цэцэрлэг болон согтууруулах ундаагаар үйлчилдэг үйлчилгээний газрууд хаалттай хэвээр байна. Өндөр насны асрамжийн төвүүд болон эмнэлэгт эргэлт хийхийг хориглосон хэвээр байх бөгөөд өндөр настай, хүнд өвчтэй, эрсдэлд өртөж болох иргэд гэртээ байх ёстой.

2 дугаар үе шатанд энгийн бэлэн байдлын зэрэгт шилжих үеийн халдвар хамгааллын дэглэмийг баримталж сургууль, цэцэрлэг болон хүүхдийн зусланг нээж болно. Мөн зайлшгүй шаардлагатай аяллаар муж хооронд зорчиж болно. Энэ үе шатанд нэг дор 50-иас доош хүнд үйлчлэх зохион байгуулалттайгаар бага хэмжээний парк болон тоглоомын талбай, дэлгүүр хоршоог нээж болно. Ресторан, кино театр, бусад үйлчилгээний газруудад 1 дүгээр үе шатанд мөрдөгдөж байсан хатуу шаардлагыг нэг шат бууруулан энгийн хамгаалалтын дэглэмд шилжүүлж болно. Энэ үе шатанд ажил олгогч нар хурал, зөвөлгөөн зэрэг цугларалтыг цахимаар хийнэ. Согтууруулах ундаагаар үйлчилдэг үйлчилгээний газрууд үйлчлүүлэгчдийг зогсоогоор биш зөвхөн суугаа байдлаар үйлчлэх зохион байгуулалтыг хангасан тохиолдолд нээж болно. Харин олон нийтийн цугларах, амрах газрууд хаалттай хэвээр байна. Эмзэг бүлгийн өндөр настан, хүнд өвчтэй иргэд энэ үе шатанд гэртээ байхыг зөвлөж байна.

3 дугаар үе шатанд эмзэг бүлгийн иргэд зай барих, хувийн хамгаалалтын хэрэгсэлтэй олон нийттэй харилцаж болно. Ажил олгогч нар ажилтнуудаа хязгаарлахгүйгээр бүгдийг ажиллуулж болно. Томоохон олон нийтийн үзвэр, үйлчилгээний газрууд зай барих, хувийн хамгаалалтын хэрэгслээ ашиглах нөхцөлтэйгээр үйл ажиллагаа явуулж болно. Өндөр настны асрамжийн газар болон эмнэлэгт эргэлт хийхийг ар гэрт нь зөвшөөрнө.

Ийнхүү 3 үе шаттай зааварчилгааг мөрдөхдөө муж тус бүр үндсэн бэлтгэлээ базааж, нэг бүрийн хэрэгсэл болон эмнэлгийн ор, тест, нөөцийг өөрсдийн хүчээр бэлдэхийг даалгалаа. Мөн хорио цээрийн дэглэмийг үе шаттайгаар бууруулах алхмыг хийхдээ аль ч үе шатанд иргэд хувийн эрүүл мэндээ хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх, мэргэжлийн багийн өгч буй мэдээ, мэдээлэл, зөвлөмжийг мөрдөж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Хорио цээрийн дэглэмийг бууруулах зааварчилгааг эндээс үзнэ үү.

 

Тоо, статистик: 2020.04.17-ны байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 680 орчим мянган коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 55 орчим мянган хүн эдгэрч, 30 мянга гаруй хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээсавна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу. Өнөөдрийн байдлаар АНУ-д 3,5 сая гаруй хүнийг коронавирусын халдварын оношлогоонд хамруулжээ.

Нийслэл Вашингтон хотын бүс нутгийн нөхцөл байдал: Вашингтон хот, Мэриланд, Виржиниа зэрэг мужид өнөөдрийн байдлаар коронавирусын 20 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдээд байна. 2020.04.06-ны өдөр болсон Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсэг, АНУ-ын нийт мужийн Амбан захирагч нарын ээлжит теле-бага хурлын үеэр уг ажлын хэсгээс нийслэл Вашингтон хотын бүс нутгийг халдварын голомт хэмээн тодорхойлсон. Вашингтон хотын бүс нутагт “stay home” төрлийн хөл хориог бүрэн тогтоож, иргэдийг онцын шаардлагагүй хэргээр гэрээс гарахыг холбогдох захирамжаар хориглоод байна. Тус ЭСЯ-наас энэхүү нөхцөл байдалд уялдуулан иргэдэд цахим үйлчилгээ үзүүлж, АНУ дахь коронавирусын халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд зориулан тогтмол шинэчлэн хүргэж ирсэн бөгөөд энэхүү мэдээлэлтэй танилцаж, сонор сэрэмжтэй байхыг дахин уриалж байна. 

АНУ-д зорчиж буй иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д зорчиж буй иргэд монгол дахь гэр бүлээсээ шимтгэлгүйгээр мөнгө хүлээн авах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Таны АНУ-ын визний хугацаа дуусч буй бол цагаачлалын бус виз сунгахтай холбоотой мэдээлллийг:

 Энд дарж үзнэ үү

АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү 

АНУ-д сурч буй Монгол оюутнуудад халдвараас хэрхэн сэргийлэх болон дотуур байрны асуудлаар өгөх зөвлөмжийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Та АНУ-д жижиг бизнес эрхэлдэг бөгөөд жижиг бизнесийг дэмжих талаар АНУ-ын Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар мэдээлэл авах бол:

Энд дарж үзнэ үү

  

АНУ-д байгаа Дипломат төлөөлөгчийн газруудын тухай мэдээлэл

Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

  • Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск) 
  • Цахим шуудан илгээх хаяг: monconsul@mongolianembassy.us
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002

 

  • Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
  • Цахим шуудан илгээх хаяг: sanfrancisco@mfa.gov.mnsanfrancisco.mng@gmail.com
  • ЕКГ-ын утас: 415-622-4000
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487

 

  • Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
  • Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
  • БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

 

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

 

КОРОНАВИРУС / COVID-19

Like us

Follow us