ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №19

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №19

2020.04.11

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар өдөр тутмын мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.

 

Монгол Улсад

COVID-19 халдвар бүртгэгдсэн 16
Эмчлэгдэж буй 12
Эдгэрч эмнэлгээс гарсан  4
Ажиглалтад 1425
Ажиглалтад  байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн 310

Өнөөдөр /2020.04.11/ улсын хэмжээнд Covid-19-ийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд нийт 371 хүнд коронавирусын шинжилгээ хийхэд сөрөг буюу энэхүү вирусын халдвар илрээгүй байна. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн 265 нь Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж, Covid-19 илэрсэн нэг иргэнтэй ойр байсан сэжигтэй тохиолдлууд байсан. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаан хүнд давтан шинжилгээ хийхэд Covid-19 илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 203 хүн тусгаарлагдан хянагдаж, эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд өвчтнүүдийн биеийн байдал хэвийн, тогтвортой байгааг ЭМЯ-наас мэдээлэв. Ажиглалтад байгаа иргэдэд 310 эмч, эмнэлгийн мэргэжилтэн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. 

Өнөөдрийг хүртэл эх орондоо амьдарч байгаа иргэдийн дунд коронавирусын халдвар гараагүй бөгөөд гаднаас зөөвөрлөгдөн ирсэн 12 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа.

Мөн коронавирусын халдвараас сэргийлэхийн тулд хилээр орж ирсэн иргэдийг Улаанбаатар хот, 6 аймгийн 52 байршил (эмнэлэг, сувилал, амралт, зочид буудал)-д тусгаарлаад байна. 2020.04.10-ны өдрийн байдлаар нийт 1601 иргэн тусгаарлалтад байна.

Тусгаарлагдсан иргэдэд 2800 – 3200 ккал илчлэгтэй хоол хүнсээр өдөрт гурван удаа үйлчилж байгаа бөгөөд хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн нөхцөл, шаардлага, хүнсний аюулгүй байдалд Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж байгаа аж.

Тусгаарлах байрт эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн байгууллагаас нийт 416 алба хаагч томилогдон ажиглалтад байгаа иргэдийн биеийн халууныг хянах, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын ээлжит ХБХ-ын үеэрээ Европын зарим оронд коронавирусын тархалт нэмэгдэж байгааг тэмдэглэж, түүнчлэн европын орнуудад эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаагаас ямар хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлэн эмчийн хяналтад байлгах тал дээр хүндрэл үүсч буйг онцолжээ. Мөн Европын орнуудаас гадна Африк тивд нөхцөл байдал хүндэрч анхаарал татаж эхэлжээ. Учир нь тус бүс нутагт эрүүл мэндийн үйлчилгээ сул хөгжсөнөөс коронавирусын тархалт даамжирч болзошгүй байгааг анхааруулсан байна. Тиймээс дараахийг анхааруулсан байна. Үүнд: Нэгдүгээрт, коронавирусын халдварыг бүрэн хяналтандаа авах; Хоёрдугаарт, тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах; Гуравдугаарт, эмнэлгийн дотоод үйлчилгээнээс урьчилан сэргийлж, хамгаалах; Дөрөвдүгээрт, дэлхий даяар халдвар авсан иргэдийн 10 хувь нь эмнэлгийн ажилчид байгааг анхаарах; Тавдугаарт, олон хүний цугларалт зохион байгуулахгүй байх, мөн зөөвөрлөгдөн ирж буй иргэдийг тогтмол хянаж байх, тухайн улс уг асуудал дээр байнга анхаарлаа хандуулж байх, хяналт тавих; Зургаадугаарт, хамт олны оролцоог сайжруулах хэрэгтэй хэмээн зөвлөж, анхааруулсан байна.

Мөн манай орны хувьд эрүүл мэндийн байгууллагаас тухай бүр өгч буй зөвлөмжийг чанд сахих, цаашлаад өөрсдийгөө уг вирусын эрсдлээс хамгаалах, хүн амын эрүүл байх эсэх нь зан үйлээс хамааралтай буюу 80 хувь нь иргэнээс өөрөөс нь шалтгаалж байгаа гэдгийг ЭМЯ-наас анхааруулав. ЭМЯ-наас ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд тухай бүр арга хэмжээ авч ажиллаж байгаа тул иргэд төр засгаас хэрэгжүүлж буй ажлыг дэмжиж хамтран ажиллах шаардлагатай байгааг зөвлөсөн байна.

  • Эрүүл мэндийн яамны 2020.04.11-ний өдрийн ХБХ-ын мэдээллийг энд дарж үзнэ үү.
  • Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: “Хүн бүр хичээхгүй бол гадуур ч гарах эрхгүй болох эрсдэл бий” гарчигтай мэдээллийг энд дарж үзнэ үү.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй монгол иргэдийг татан авах ажиллагааг өнөөдөр /2020.04.11/ Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрүүлж, тусгаарлах ажиллагааг зохион байгуулж байна. 300 орчим иргэн ирэхээс дийлэнх нь оюутан байна. Хүн тус бүрийг нэг өрөөнд байхаар тусгаарлалт хийж, ХӨСҮТ-өөс оношлогооны баг томилогдон газар дээр нь ажиллаж байна.

Иймд тусгаарлах байрны хүрэлцээ, нөөц бололцоо хязгаарлагдмал байгааг харгалзан 2020.04.17-ны өдөр хийхээр төлөвлөж байсан Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгийг түр хойшлууллаа.

Дээрх нислэгийг энэ сардаа багтаан зохион байгуулахаар ажиллаж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Түүнчлэн цаг үеийн асуудлуудад дараах шийдвэр гаргажээ. Үүнд:

  • “Амны хаалтаа зүүцгээе” аяныг 2020.05.31 дуустал орон даяар өрнүүлэх.
  • БНСУ-руу дөрөвдүгээр сардаа багтааж тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн ч бэлтгэлээ сайтар хангасны дараа эцэслэн шийдвэрлэх.
  • Амны хаалт зүүх талаар иргэд бие биедээ сануулж, зөвлөдөг байх.
  • Амны хаалтаа зүүж, гараа савандаж угаах, ариутгагч шингэн хэрэглэх талаар 7 хоногт 2-3 удаа дуут сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч байх.
  • Олон нийтийн эргүүл, байцаагч нарын тоог нэмэх.
  • Худалдаа, үйлчилгээний газрууд амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй байх.
  • Халдварын эрсдэлээс сэргийлэх чиглэлээр иргэдийн ухамсар, соёлыг дээшлүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Түүнчлэн Улсын Их Хурал Цар тахлын эсрэг хуулийг  удахгүй батлахаар төлөвлөж байна.  УИХ-ын гишүүн Х.Нямбаатар уг хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг ахалж байгаа  бөгөөд хуульд  коронавирусын халдвараас сэргийлэхтэй холбоотой болон дагаж мөрдөх бүхий л асуудлыг хуульчлан тусгах юм байна.

Тухайлбал иргэд заавал амны хаалт зүүхийг ЭМЯ-наас мөрдлөг болгож байгаа ч сүүлийн үед иргэдийн хяналт суларч, амны хаалт зүүхгүй байх нь ихэсчээ. Энэ тухай  Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Маск зүүхгүй байгаа хүнийг торгодог арга хэмжээ авахгүй бол болохгүй нь. Эрсдлийн судалгааг 10 байгууллага хийж, халдвар тархах магадлал маш өндөр гэсэн дүгнэлт гарсан. Бид эрсдэл дунд байна. Маскаа зүүцгээе, гараа угааж, шаардлагагүй бол гадуур явахгүй байя гэсэн уриалгыг дахин дахин дэвшүүлж байна” гэсэн юм.

Тиймээс маск зүүхгүй байгаа иргэдийг торгох зэрэг хуулийн зохицуулалтыг Цар тахлын эсрэг хуульд оруулахаар болжээ. Тус хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт хийхээр төлөвлөж байна.

  • ГХЯ: Монголчууд төрдөө итгэж, хүлээцтэй хандах нь чухлыг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг news.mn сайтад өгсөн ярилцлагын үеэр онцолсон байна. Ярилцлагын дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

2020.03.23-наас Цагааннуурын боомт, 2020.03.28-наас Алтанбулагийн боомтыг түр хаах УОК-ын шийдвэр хэвээр үйлчилж байна. Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан.

 

АНУ-д

Цаг үеийн мэдээлэл:

Коронавирусын халдвар АНУ-д тархаж эхэлснээсээ хойш анх удаа хугарлын цэг дээр ирж байгааг Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсгийн мэргэжилтнүүд өчигдрийн (2020.04.10) хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн. Тус улсын хэд хэдэн муж, томоохон хот суурин газарт халдварын хэмжээ огцом буюу 4 дахин нэмэгдэж байсан бол сүүлийн үед эрч суларч эхэлж байгаа, мөн Бостон, Чикаго зэрэг хотод халдварын тархалтын хэмжээ тогтворжиж байгаа зэргийг мэргэжилтнүүд онцлов. Нөхцөл байдал ийм эерэг хандлагатай байгаа ч халдварын түвшин туйлдаа хүрээгүй байгааг Шуурхай ажлын хэсгээс онцолж, иргэдийг халдварын тархалт, эрчийг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн ягштал хэрэгжүүлэхийг дахин уриалав.

Өнөөдрийн байдлаар АНУ-д 2 сая гаруй хүнийг коронавирусын халдварын оношлогоонд хамруулжээ. Халдварын нөхцөл байдалтай холбоотой тоо, статистик нэмэгдэж байгаа ч халдварын улмаас эмнэлэгт хэвтэх тохиолдол эрс буурч байгаа зэрэг эерэг чиг хандлага ажиглагдаж байгааг Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсгийн мэргэжилтнүүд 2020.04.09-ний өдрийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мөн мэдээлсэн. Халдварын тархалт, эрчийг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байна хэмээн эдгээр мэргэжилтэн үзэж, иргэдийг эдгээр арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн чухлыг онцлов.

Тоо, статистик: 2020.04.11-ний байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 500 гаруй мянган коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 28 мянга гаруй хүн эдгэрч, 19 мянга орчим хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээс авна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу.

Нийслэл Вашингтон хотын бүс нутгийн нөхцөл байдал: Вашингтон хот, Мэриланд, Виржиниа зэрэг мужид өнөөдрийн байдлаар коронавирусын 14,000 орчим халдварын тохиолдол бүртгэгдээд байна. 2020.04.06-ны өдөр болсон Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсэг, АНУ-ын нийт мужийн Амбан захирагч нарын ээлжит теле-бага хурлын үеэр уг ажлын хэсгээс нийслэл Вашингтон хотын бүс нутгийг халдварын голомт хэмээн тодорхойлсон. Вашингтон хотын бүс нутагт “stay home” төрлийн хөл хориог бүрэн тогтоож, иргэдийг онцын шаардлагагүй хэргээр гэрээс гарахыг холбогдох захирамжаар хориглоод байна. Тус ЭСЯ-наас энэхүү нөхцөл байдалд уялдуулан иргэдэд цахим үйлчилгээ үзүүлж, АНУ дахь коронавирусын халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд зориулан тогтмол шинэчлэн хүргэж ирсэн бөгөөд энэхүү мэдээлэлтэй танилцаж, сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.

Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсгийн шинжээчид болон АНУ-ын Нийгмийн эрүүл мэндийн албаны дарга (Surgeon General) Др.Ж.Адамс нарын мэргэжлийн хүмүүсийн тооцож байгаагаар АНУ дахь коронавирусын халдварын нөхцөл байдлын хамгийн хүнд үе 2020.04.06-ны долоо хоног гэж үзэж байгаа тул иргэд онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, гэрээс гарах бол Халдварт өвчинтэй тэмцэх төв (CDC) болон Шуурхай ажлын хэсгээс өгч ирсэн зөвлөмжүүдийг сахин хэрэгжүүлж, эрүүл мэнддээ анхаарахыг уриалж байна.

Коронавирусын халдварыг бууруулах аян 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Мужуудын зүгээс авч байгаа арга хэмжээ: АНУ-ын нийт муж, тусгай нутаг дэвсгэрт коронавирусын халдварыг бууруулахад чиглэгдэсэн янз бүрийн түвшний хязгаарлалтын чанартай арга хэмжээнүүдийг аваад байна. Эдгээрийн талаарх мэдээллийг эндээс авна уу.

Жич: Хувийн эрүүл мэндээ хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Шуурхай ажлын хэсэг болон мужуудын зүгээс өгч буй мэдээ, мэдээлэл, зөвлөмж, шийдвэр, зөвлөгөөг (social-distancing, shelter-in-place, stay home гэх мэт) мөрдөж, сонор, сэрэмжтэй байхыг уриалж байна.

Нүүр, амны хаалт:

Коронавирусын халдварын тархалтыг тогтоон барих, бууруулах арга хэмжээнүүдийн хүрээнд иргэд нүүр, амны энгийн, өдөр тутмын, гэр ахуйн нөхцөлд өөрсдөө хийж болохуйц хаалт хэрэглэж болохыг АНУ-ын Халдварт өвчинтэй тэмцэх төв (CDC)-өөс зөвлөж байгааг Шуурхай ажлын хэсгийн 2020.04.03-ны өдрийн хэвлэлийн бага хурлаар мэдээлсэн. Нүүр, амны хаалт хэрэглэхийг зөвлөснөөр халдварыг бууруулахтай холбоотой бусад арга хэмжээг сулруулж байгаа явдал биш гэдгийг CDC-гээс давхар анхааруулж байгаа тул иргэд Коронавирусын халдварыг бууруулах аянд дурдагдсан заавар, зөвлөмжийг үргэлжлүүлэн чанд баримталж, эрүүл мэндээ хамгаалахыг онцлон уриалж байна. Тус төвөөс харин мэргэжлийн, эрүүл мэндийн салбарт хэрэглэдэг нүүр, амны хаалт хэрэглэхийг зөвлөхгүй байгааг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Дээр дурдсанаар нүүр, амны хаалтыг хүнсний дэлгүүр орох зэрэг олон нийтийн газар онц шаардлагатай шалтгаанаар явахаар бол хэрэглэж байхыг CDC-гээс зөвлөж байгаа бол зарим нэг муж, орон нутгийн захиргаанаас ийм төрлийн газраар явахдаа заавал нүүр, амны хаалт хэрэглэхийг шаардаж эхэлсэн тул иргэд оршин суугаа муж, орон нутгийн захиргааны эрүүл мэндийн байгууллагын цахим хуудас руу орж, тухайн нутаг дэвсгэрт ямар журам үйлчилж байгаатай танилцах нь зүйтэй. Мужийн эрүүл мэндийн байгууллагуудын цахим хуудсыг эндээс авна уу. Мөн гэрийн нөхцөлд хийсэн амны хаалтыг ковбой маягийн алчуур шиг хэрэглэх тохиолдол гарч буй талаар хэвлэлээр мэдээлж, энэ нь буруу ойлголтыг үүсгэхээс гадна аюулгүй байдалд нь ноцтой үр дагавар авчирч болзошгүйг анхааруулсан байна. Иймээс иргэд өсвөр насны хүүхдүүдийн амны хаалтад анхаарал тавихыг хүсье.

АНУ-д зорчиж буй иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д зорчиж буй иргэд монгол дахь гэр бүлээсээ шимтгэлгүйгээр мөнгө хүлээн авах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Таны АНУ-ын визний хугацаа дуусч буй бол цагаачлалын бус виз сунгахтай холбоотой мэдээлллийг:

 Энд дарж үзнэ үү

АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д сурч буй Монгол оюутнуудад халдвараас хэрхэн сэргийлэх болон дотуур байрны асуудлаар өгөх зөвлөмжийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Та АНУ-д жижиг бизнес эрхэлдэг бөгөөд жижиг бизнесийг дэмжих талаар АНУ-ын Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар мэдээлэл авах бол:

Энд дарж үзнэ үү 

АНУ-д байгаа Дипломат төлөөлөгчийн газруудын тухай мэдээлэл

Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

  • Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск) 
  • Цахим шуудан илгээх хаяг: monconsul@mongolianembassy.us
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002

 

  • Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
  • Цахим шуудан илгээх хаяг: sanfrancisco@mfa.gov.mnsanfrancisco.mng@gmail.com
  • ЕКГ-ын утас: 415-622-4000
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487

 

  • Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
  • Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
  • БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

 

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

 

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us