ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №28

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №28

2020.04.22

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар өдөр тутмын мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.

 

Монгол Улсад

COVID-19 халдвар бүртгэгдсэн 35
Эмчлэгдэж буй 27
Эдгэрч эмнэлгээс гарсан  8
Ажиглалтад 1222
Ажиглалтад  байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн 201

Өнөөдөр буюу 2020.04.22-нд улсын хэмжээнд 1222 хүн ажиглалтад байгаа бөгөөд шинээр 38 хүн нэмэгдэж, 43 хүн ажиглалтаас гарсан байна. 2020.04.21-нд ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 330 хүний шинжилгээ хийсэн бөгөөд коронавирус илрээгүй. 2020.04.08-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн 288 зорчигчид давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргээс уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсээс сорьц авч, тандалт хийсний үндсэн дээр 25 шинжилгээ хийж үзэхэд коронавирус илрээгүй байна. 2020.04.16-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор орж ирсэн  коронавирустэй нь тогтоогдсон иргэний ойрын хавьтлын нэг хүнээс 2020.04.22-ны давтан шинжилгээгээр коронавирусын халдвар илэрсэн байна. Ингэснээр 2020.04.22-ны байдлаар Монгол Улсын хэмжээнд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 35 дахь тохиолдол бүртгэгдэж, үүнээс 8 хүн эдгэрсэн байна. ХӨСҮТ-д эмчлэгдэж буй өвчтөнүүдийн биеийн байдал хэвийн байна.

Дэлхий дахинд коронавирусын цар тахлын тархах хүрээ их байгааг ДЭМБ-аас анхааруулж байна. Коронавирус илэрсэн хүнтэй ойрын хавьталд орсон бүх хүн дараалан өвдөж байгааг сүүлийн үед ОХУ-аас ирсэн оюутнууд болон сүүлчийн тохиолдол баталж байна. Коронавирусээр өвдсөн хүмүүсийн эдгэх процесс халдвар тархах үетэй харьцуулбал маш удаан явцтай байна. Өвчтөнүүдийн биеийн байдал, судалгааны дүнгээр дунджаар 21-45 хоног хэвтэн эмчлүүлж буй дэлхийн жишиг байна. ДЭМБ-аас коронавирустай холбоотой шинэ шинж тэмдгийг танилцуулсан. Хамрын үзүүр, хөл болон гарын хуруу орчмоор улаан, ягаан,  хөх өнгийн халуу дүүргэсэн арьсны өвчлөл ихэвчлэн хүүхдүүдийн биед илэрч байгаа тул коронавируст халдварын эхний шинж тэмдэг гэж үзэж болно гэж анхааруулсан байна.

Монгол Улс эрсдлийн долоо дахь удаагийн үнэлгээгээр халдвар тархах өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Иймд эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг иргэд дагаж мөрдөхийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж буй.

Мөн ДЭМБ-аас цар тахал бидний өмнө байгаа учраас дэлхий даяар хамтран ажиллахгүй бол биднийг хамгийн хүнд үе хүлээж байгааг анхааруулсан байна.

  • Эрүүл мэндийн яамны 2020.04.22-ны өдрийн ХБХ-ын мэдээллийг энд дарж үзнэ үү.

ЭМЯ–НЫ ЗӨВЛӨМЖ: Агаар дуслын замаар хүнээс хүнд халдварладаг коронавирусын халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга бол амны хаалт зүүх, гараа тогтмол угаах. Мөн хүмүүс хоорондоо 1.5-2 метрийн зай барьснаар өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах, халдвар тархахгүй байхаас сэргийлнэ. Зай барих тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй уг зөвлөмжийг улс орнуудад хэрэгжүүлсэн туршлагаас харахад үр дүнгээ өгч байгаа. Эрүүл мэндийн байгууллагаас зай барих зөвлөмжийг дагаж мөрдөхийг аж ахуйн нэгж, иргэдэд уриалж байгаа юм.

Эрүүл мэндийн яамнаас иргэдэд хэрхэн зайнаас харилцах, олон нийтийн газарт 1.5-2 метрийн зай барих талаарх зөвлөмж өгсөн.  Тус зөвлөмжид:

  • Коронавирусийн халдвар нь хамгийн багадаа 3-4 хүнд халдварладаг болох нь судалгаагаар тогтоожээ. Энэ тоо нэмэгдсээр цаашид хүн амын дундах тархалтад нөлөөлөх аюултай тул хүмүүс хоорондоо хоёр метрийн зай барих нь хамгийн аюулгүй гэж үзжээ.
  • Гар барьж мэндлэх, мөрөн дээр гар тавихаас татгалзах, тэврэлдэхээс татгалзах.
  • Худалдаа үйлчилгээний газрууд агаар сэлгэлт хийх. Бүгчим, агаар сэлгэлт муу байхад вирус гадаргуу дээр бууж, гараар дамжин бохирдож, нүдэнд халдварлах аюултай.
  • Амны хаалт зүүх.
  • Шаардлагагүй уулзалтаас татгалзах. Аль болох хүнтэй уулзахгүй байх зэрэг болно.

Улсын онцгой комиссын 18 дугаар хуралдаанаар  2020.04.30-нд БНСУ руу, 2020.05.02-нд ХБНГУ-ын Франкфурт хот руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар ЭСЯ-нд мэдэгдсэнээр Франкфурт руу хийх нислэгээр зөвхөн Европт байгаа иргэдээ авах бөгөөд Хойд Америкаас дамжин өнгөрөх зорчигч авахгүй гэсэн болно. Сөүл хот руу хийх нислэгт дамжин өнгөрөх зорчигч авах эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд УОК энэ талаар шийдвэр гаргасан тохиолдолд ЭСЯ дахин мэдээлнэ.

Эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдээс хүндэтгэн үзэх шалтгаантай буюу дараах иргэдийг тусгай үүргийн нислэгт эхний ээлжинд хамруулах бөгөөд шийдвэрийг Улсын Онцгой Комисс гаргах юм. Үүнд:

  • Эрүүл мэндийн шалтгаантай (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан)
  • Жирэмсэн
  • Бага насны /14 хүртэлх настай/
  • Хөгжлийн бэрхшээлтэй
  • Өндөр настан /60-аас дээш настай/.

Хүсэлт гаргасан иргэд  48 цагийн дотор  коронавируст халдварын шинжилгээ өгсөн, хариу нь сөрөг гарсан байх шаардлагатай гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ. 

Улсын онцгой комисс 2020.04.21-нд шуурхай хуралдаан хийж манай улсад коронавирус буюу COVID-19-ын тохиолдол нэмэгдэж байгаа тул урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас орох, гарах  хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 2020.04.21-ний өдрийн 21.00 цагаас 4 дүгээр сарын 25-ны өдрийн 06.00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан. Ингэснээр Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас бүх чиглэлд гарах, мөн тус хот, аймгууд руу бүх чиглэлээс орох хөдөлгөөнийг хязгаарласан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Covid-19 цар тахалтай холбогдуулан банкууд ипотекийн болон хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах иргэний хүсэлтийг 2020.05.01-ний өдрийг хүртэл авахаар болсон талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү.

2020.04.16-нд Улсын онцгой комиссын шийдвэрийн дагууАмны хаалтаа зүүцгээе” аяныг улс орон даяар өрнүүлж байгаатай холбогдуулан аяныг зохион байгуулах нэгдсэн удирдамжийг баталсан. Аян нь коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх, халдвараас сэргийлэх, эрүүл ахуйн зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэх зорилготой юм. “Амны хаалт-Бидний аюулгүйн баталгаа” уриатайгаар зохион байгуулагдаж байгаа тус аян 2020 оны 05 дугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

2020.03.23-наас Цагааннуурын боомт, 2020.03.28-наас Алтанбулагийн боомтыг түр хаах УОК-ын шийдвэр хэвээр үйлчилж байна. Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан.

 

АНУ-д

Ярилцлага: Цаг үеийн асуудлаар Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр 2020.04.17-ны өдөр өгсөн ярилцлагыг энд дарж үзнэ үү.

Цаг үеийн мэдээлэл:

Тоо, статистик: 2020.04.22-ны байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 827 орчим мянган коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 73 орчим мянган хүн эдгэрч, 45 мянга гаруй хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээс авна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу.

Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсгээс АНУ-ын мужуудад өгсөн “Opening Up America Again” зааварчилгааны хүрээнд 20 орчим муж ойрын хугацаанд нийгэм, эдийн засгаа буцаан хэвийн байдалд оруулахтай холбоотой арга хэмжээнүүд авч эхэлснийг Шуурхай ажлын хэсгийн 2020.04.21-ний өдрийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв.

Нөгөөтэйгүүр, халдварын нөхцөл байдал муж, орон нутгийн захиргаа тус бүрээр харилцан адилгүй хэвээр байна. Тухайлбал, Чикаго, Бостон зэрэг хотод нөхцөл байдал сайжирч, Филадельфи, Хьюстон, Атланта, Нэшвилл, Балтимор, Индианаполис зэрэг хотод нөхцөл байдал тогтворжих хандлагатай байгаа бол нийслэл Вашингтон хот орчим дахь халдварын оргил үе болоогүй байгаа зэргийг Шуурхай ажлын хэсгээс 2020.04.21-ний өдөр мэдээллээ. Иймд иргэд оршин суугаа мужийн албаны төлөөлөгчдийн мэдээ, мэдээллийг тогтмол анхааралтай ажиглаж, сонор сэрэмж, анхаарлаа алдахгүй байхыг онцгойлон уриалж, сануулж байна.

Жич: АНУ, Мексикийн Нэгдсэн Улсад коронавирусын халдвар авсан иргэд байвал энэ талаар ЭСЯ-нд мэдээлэл ирүүлэхийг хүсье. ЭСЯ мэдээллийн нууцыг хадгалах бөгөөд зөвхөн тусламж үзүүлэх зорилгоор мэдээлэл хүлээн авах болно.

Коронавирусын халдварыг бууруулах аян 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Нийслэл Вашингтон хотын бүс нутгийн нөхцөл байдал: Вашингтон хот, Мэриланд, Виржиниа зэрэг мужид өнөөдрийн байдлаар коронавирусын 27 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдээд байна. 2020.04.06-ны өдөр болсон Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсэг, АНУ-ын нийт мужийн Амбан захирагч нарын ээлжит теле-бага хурлын үеэр уг ажлын хэсгээс нийслэл Вашингтон хотын бүс нутгийг халдварын голомт хэмээн тодорхойлсон. Вашингтон хотын бүс нутагт “stay home” төрлийн хөл хориог бүрэн тогтоож, иргэдийг онцын шаардлагагүй хэргээр гэрээс гарахыг холбогдох захирамжаар хориглоод байна. Тус ЭСЯ-наас энэхүү нөхцөл байдалд уялдуулан иргэдэд цахим үйлчилгээ үзүүлж, АНУ дахь коронавирусын халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд зориулан тогтмол шинэчлэн хүргэж ирсэн бөгөөд энэхүү мэдээлэлтэй танилцаж, сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.

 АНУ-д зорчиж буй иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д зорчиж буй иргэд монгол дахь гэр бүлээсээ шимтгэлгүйгээр мөнгө хүлээн авах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Таны АНУ-ын визний хугацаа дуусч буй бол цагаачлалын бус виз сунгахтай холбоотой мэдээлллийг:

 Энд дарж үзнэ үү

АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д сурч буй Монгол оюутнуудад халдвараас хэрхэн сэргийлэх болон дотуур байрны асуудлаар өгөх зөвлөмжийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Та АНУ-д жижиг бизнес эрхэлдэг бөгөөд жижиг бизнесийг дэмжих талаар АНУ-ын Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар мэдээлэл авах бол:

Энд дарж үзнэ үү

 

 АНУ дахь Дипломат төлөөлөгчийн газруудын тухай мэдээлэл

Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

  • Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск) 
  • Цахим шуудан илгээх хаяг: monconsul@mongolianembassy.us
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002

 

  • Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
  • Цахим шуудан илгээх хаяг: sanfrancisco@mfa.gov.mnsanfrancisco.mng@gmail.com
  • ЕКГ-ын утас: 415-622-4000
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487

 

  • Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
  • Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
  • БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

 

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

 

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us