ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №30

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №30

2020.04.24

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар өдөр тутмын мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.

 

Монгол Улсад

COVID-19 халдвар бүртгэгдсэн 36
Эмчлэгдэж буй 27
Эдгэрч эмнэлгээс гарсан  9
Ажиглалтад 958
Ажиглалтад  байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн 201

Өнөөдөр буюу 2020.04.24-нд Монгол Улсын хэмжээнд 958 хүн ажиглалтад байгаа бөгөөд шинээр 32 хүн ажиглалтад орж, 291 хүн ажиглалтаас гарсан байна. ХӨСҮТ-д коронавирусын халдвартай эмчлүүлж байсан нэг өвчтөн эдгэж гэрийн хяналтад шилжжээ. 2020.04.16-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг иргэнээс 13 хоногийн дараа, гурав дахь удаагийн давтан шинжилгээгээр коронавирусын халдвар илэрсэн байна. Халдвар илэрсэн хүний ойрын хавьтлын 40 гаруй хүнийг ХӨСҮТ-д шинжилгээнд хамруулан хянаж байна. 2020.04.23-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 47 хүнд, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүнд, мөн тандалтын зорилгоор 29 хүнд хийсэн шинжилгээнээс коронавирус илрээгүй байна.

2020.04.24-ний байдлаар улсын хэмжээнд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 36 дахь тохиолдол бүртгэгдэж, үүнээс 9 хүн эдгэрсэн байгаа. ХӨСҮТ-д эмчлэгдэж буй өвчтөнүүдийн биеийн байдал хэвийн байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

Дэлхий дахинд коронавирусын цар тахлын тархах хүрээ их байгааг ДЭМБ-аас анхааруулж байна. Коронавирус илэрсэн хүнтэй ойрын хавьталд орсон бүх хүн дараалан өвдөж байгааг сүүлийн үед ОХУ-аас ирсэн оюутнууд болон сүүлчийн хоёр тохиолдол баталж байна. Коронавирусээр өвдсөн хүмүүсийн эдгэх процесс халдвар тархах үетэй харьцуулбал маш удаан явцтай байна. Өвчтөнүүд дунджаар 21-45 хоног хэвтэн эмчлүүлж буй дэлхийн жишиг байна. ДЭМБ-аас коронавирустай холбоотой шинэ шинж тэмдгийг танилцуулсан. Хамрын үзүүр, хөл болон гарын хуруу орчмоор улаан, ягаан,  хөх өнгийн халуу дүүргэсэн арьсны өвчлөл ихэвчлэн хүүхдүүдийн биед илэрч байгаа тул коронавируст халдварын эхний шинж тэмдэг гэж үзэж болно гэж анхааруулсан байна.

Монгол Улс эрсдлийн долоо дахь удаагийн үнэлгээгээр халдвар тархах өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Иймд эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг иргэд дагаж мөрдөхийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж буй.

  • Эрүүл мэндийн яамны 2020.04.24-ний өдрийн ХБХ-ын мэдээллийг энд дарж үзнэ үү.

ЭМЯ–НЫ ЗӨВЛӨМЖ: Агаар дуслын замаар хүнээс хүнд халдварладаг коронавирусын халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга бол амны хаалт зүүх, гараа тогтмол угаах. Мөн хүмүүс хоорондоо 1.5-2 метрийн зай барьснаар өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах, халдвар тархахгүй байхаас сэргийлнэ. Зай барих тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй уг зөвлөмжийг улс орнуудад хэрэгжүүлсэн туршлагаас харахад үр дүнгээ өгч байгаа. Эрүүл мэндийн байгууллагаас зай барих зөвлөмжийг дагаж мөрдөхийг аж ахуйн нэгж, иргэдэд уриалж байгаа юм.

Эрүүл мэндийн яамнаас иргэдэд хэрхэн зайнаас харилцах, олон нийтийн газарт 1.5-2 метрийн зай барих талаарх зөвлөмж өгсөн. Тус зөвлөмжид:

  • Коронавирусийн халдвар нь хамгийн багадаа 3-4 хүнд халдварладаг болох нь судалгаагаар тогтоожээ. Энэ тоо нэмэгдсээр цаашид хүн амын дундах тархалтад нөлөөлөх аюултай тул хүмүүс хоорондоо хоёр метрийн зай барих нь хамгийн аюулгүй гэж үзжээ.
  • Гар барьж мэндлэх, мөрөн дээр гар тавихаас татгалзах, тэврэлдэхээс татгалзах.
  • Худалдаа үйлчилгээний газрууд агаар сэлгэлт хийх. Бүгчим, агаар сэлгэлт муу байхад вирус гадаргуу дээр бууж, гараар дамжин бохирдож, нүдэнд халдварлах аюултай.
  • Амны хаалт зүүх.
  • Шаардлагагүй уулзалтаас татгалзах. Аль болох хүнтэй уулзахгүй байх зэрэг болно.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, цахим шилжилт хийх арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт 2020.04.23-нд өргөн барьжээ.

Тогтоолын төслөөр Монгол Улсын урт хугацааны тогтвортой өсөлтөд дэмжпэг үзүүлж, үүсэх эрсдэлээс хамгаалж, санхүүгийн чадвартай байх эрүүл, тогтвортой, зохистой засаглал бүхий банкны салбарыг бий болгох шинэчлэлийн хөтөлбөрийг гаргаж, хэрэгжүүлэх, зээл, санхүүжилтийн хүү болон эх үүсвэрийн зардлыг бууруулах, цар тахлын үед төрөөс нийгмийн шаардлагатай хэсэгт хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх, хүн амын эрүүл мэнд, улсын аюулгүй байдлын төлөө эрсдэл гарган тасралтгүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, төрийн зарим тусгай албан хаагчдад ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүн гаргах, жижиг, дунд үйлдвэрийн зээлд төрөөс гаргах батлан даалт болон улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, банкны бус санхүүгийн салбарыг зохицуулах зэрэг арга хэмжээг тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Улсын Онцгой Комисс  2020.04.30-нд БНСУ руу, 2020.05.02-нд ХБНГУ-ын Франкфурт хот руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр шийдвэрлэснийг өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл өчигдрийн УОК-ын /2020.04.23/ хуралдаанаар тусгай үүргийн нислэгийн тоог нэмэгдүүлж Сөүл хот руу 2020.04.30 болон 2020.05.01-ний өдрүүдэд нислэг хийх шийдвэр гаргасан. Ингэхдээ 2020.04.30-ны нислэгээр бусад улс орноос дамжин ирэх иргэдийг тусгайлан авах бөгөөд БНСУ-д байгаа иргэдийг 2020.05.01-ний өдрийн нислэгээр авахаар зохицуулсан байна. 2020.04.23-ны өдрийн Улсын онцгой комиссын Шуурхай штабын мэдээллийг энд дарж үзнэ үү.

Одоогийн байдлаар ЭСЯ-нд мэдэгдсэнээр Франкфурт руу хийх нислэгээр зөвхөн Европт байгаа иргэдээ авах бөгөөд Хойд Америкаас дамжин өнгөрөх зорчигч авахгүй гэсэн болно.

Эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдээс хүндэтгэн үзэх шалтгаантай буюу дараах иргэдийг тусгай үүргийн нислэгт эхний ээлжинд хамруулах бөгөөд шийдвэрийг Улсын Онцгой Комисс гаргах юм. Үүнд:

  • Эрүүл мэндийн шалтгаантай (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан)
  • Жирэмсэн
  • Бага насны /14 хүртэлх настай/
  • Хөгжлийн бэрхшээлтэй
  • Өндөр настан /60-аас дээш настай/

Хүсэлт гаргасан иргэд  48 цагийн дотор  коронавируст халдварын шинжилгээ өгсөн, хариу нь сөрөг гарсан байх шаардлагатай гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ. 

Улсын онцгой комисс 2020.04.21-нд шуурхай хуралдаан хийж манай улсад коронавирус буюу COVID-19-ын тохиолдол нэмэгдэж байгаа тул урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас орох, гарах  хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 2020.04.21-ний өдрийн 21.00 цагаас 4 дүгээр сарын 25-ны өдрийн 06.00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан. Ингэснээр Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас бүх чиглэлд гарах, мөн тус хот, аймгууд руу бүх чиглэлээс орох хөдөлгөөнийг хязгаарласан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Covid-19 цар тахалтай холбогдуулан банкууд ипотекийн болон хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах иргэний хүсэлтийг 2020.05.01-ний өдрийг хүртэл авахаар болсон талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү.

2020.04.16-нд Улсын онцгой комиссын шийдвэрийн дагууАмны хаалтаа зүүцгээе” аяныг улс орон даяар өрнүүлж байгаатай холбогдуулан аяныг зохион байгуулах нэгдсэн удирдамжийг баталсан. Аян нь коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх, халдвараас сэргийлэх, эрүүл ахуйн зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэх зорилготой юм. “Амны хаалт-Бидний аюулгүйн баталгаа” уриатайгаар зохион байгуулагдаж байгаа тус аян 2020 оны 05 дугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

2020.03.23-наас Цагааннуурын боомт, 2020.03.28-наас Алтанбулагийн боомтыг түр хаах УОК-ын шийдвэр хэвээр үйлчилж байна. Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан.

 

АНУ-д

Ярилцлага: Цаг үеийн асуудлаар Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр 2020.04.17-ны өдөр өгсөн ярилцлагыг энд дарж үзнэ үү.

“Opening Up America Again” зааварчилгааны хүрээнд АНУ-ын 16 муж эдийн засаг, нийгмийн хэвийн байдалдаа эргэн орох тодорхой төлөвлөгөөтэй болсныг Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсгийн 2020.04.23-ны өдрийн хэвлэлийн бага хурлаар мэдээлэв. Нийт 23 мужид халдвар шинээр илрэх тохиолдлууд буурч, оргил үеэ давсан байна. Мөн нийт орон нутгийн захиргаанууд (каунти)-ын 40 хувь нь оргил үеэ давсан хэмээн Шуурхай ажлын хэсгээс үзэж байгаа юм байна. Орон нутгийн захиргаа тус бүрийн мэдээллийг эндээс авна уу.

Түүнчлэн Нью Йорк хот орчмын бүс нутаг нь АНУ дахь нийт халдварлагсдын 45 хувийг эзэлж ирсэн бөгөөд энэ бүс нутаг оргил үеэ давж, халдварын шинэ тохиолдлууд буурах явцад нийт АНУ дахь халдварлагсдын тоо мөн буурна хэмээн Шуурхай ажлын хэсэг үзэж байгаа юм байна.

Иргэд оршин суугаа мужийн албаны төлөөлөгчдийн мэдээ, мэдээллийг үргэлжлүүлэн тогтмол анхааралтай ажиглаж, сонор сэрэмж, анхаарлаа алдахгүй байж, үргэлжлүүлэн болгоомжтой байхыг онцгойлон уриалж байна.

Тоо, статистик: 2020.04.24-ний байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 890 гаруй мянган коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 80 гаруй мянган хүн эдгэрч, 50 орчим мянган хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээсавна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу. Өнөөдрийн байдлаар АНУ-д 4.9 сая орчим хүнийг коронавирусын халдварын оношлогоонд хамруулжээ.

Жич: АНУ, Мексикийн Нэгдсэн Улсад коронавирусын халдвар авсан иргэд байвал энэ талаар ЭСЯ-нд мэдээлэл ирүүлэхийг хүсье. ЭСЯ мэдээллийн нууцыг хадгалах бөгөөд зөвхөн тусламж үзүүлэх зорилгоор мэдээлэл хүлээн авах болно.

Коронавирусын халдварыг бууруулах аян 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Нийслэл Вашингтон хотын бүс нутгийн нөхцөл байдал: Вашингтон хот, Мэриланд, Виржиниа зэрэг мужид өнөөдрийн байдлаар коронавирусын 31 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдээд байна.2020.04.06-ны өдөр болсон Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсэг, АНУ-ын нийт мужийн Амбан захирагч нарын ээлжит теле-бага хурлын үеэр уг ажлын хэсгээс нийслэл Вашингтон хотын бүс нутгийг халдварын голомт хэмээн тодорхойлсон. Вашингтон хотын бүс нутагт “stay home” төрлийн хөл хориог бүрэн тогтоож, иргэдийг онцын шаардлагагүй хэргээр гэрээс гарахыг холбогдох захирамжаар хориглоод байна. Тус ЭСЯ-наас энэхүү нөхцөл байдалд уялдуулан иргэдэд цахим үйлчилгээ үзүүлж, АНУ дахь коронавирусын халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд зориулан тогтмол шинэчлэн хүргэж ирсэн бөгөөд энэхүү мэдээлэлтэй танилцаж, сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.

 

ЗӨВЛӨМЖ (КОВИД-19)

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (Centers for Disease Control and Prevention)-өөс коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх талаар гаргасан зөвлөмжийг монгол хэлээр эндээс үзнэ үү.

 

АНУ-д зорчиж буй иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д зорчиж буй иргэд монгол дахь гэр бүлээсээ шимтгэлгүйгээр мөнгө хүлээн авах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Таны АНУ-ын визний хугацаа дуусч буй бол цагаачлалын бус виз сунгахтай холбоотой мэдээлллийг:

 Энд дарж үзнэ үү

АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д сурч буй Монгол оюутнуудад халдвараас хэрхэн сэргийлэх болон дотуур байрны асуудлаар өгөх зөвлөмжийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Та АНУ-д жижиг бизнес эрхэлдэг бөгөөд жижиг бизнесийг дэмжих талаар АНУ-ын Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар мэдээлэл авах бол:

Энд дарж үзнэ үү 

 

АНУ дахь Дипломат төлөөлөгчийн газруудын тухай мэдээлэл

Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

  • Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск) 
  • Цахим шуудан илгээх хаяг: monconsul@mongolianembassy.us
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002

 

  • Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
  • Цахим шуудан илгээх хаяг: sanfrancisco@mfa.gov.mnsanfrancisco.mng@gmail.com
  • ЕКГ-ын утас: 415-622-4000
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487

 

  • Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
  • Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
  • БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

 

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

 

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us