ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №40

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №40

2020.05.08

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар өдөр тутмын мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.

Өнөөдөр буюу 2020.05.08-нд Монгол Улсын хэмжээнд 987 хүн тусгаарлалтад байгаа бөгөөд нийт 72 хүн тусгаарлах байрнаас гарч гэрийн ажиглалтад шилжжээ. 2020.05.03-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 273 хүнээс дахин нэг хүнд коронавирусын халдвар илэрсэн байна. ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабориторид 44 хүнд шинжилгээ хийхэд коронавирусын халдвар илрээгүй байна. Өнөөдрийн байдлаар гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн 42 дахь тохиолдол бүртгэгдээд байна. Коронавирус илэрсэн тохиолдлуудаас ихэвчлэн толгой болон хоолой өвдөх, халуурах, нус гоожих шинж тэмдэг илэрч байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

Эрүүл мэндийн яамнаас 119(шуурхай утас) дугаарын утасны цахим хувилбар буюу гадаадад байгаа монголчууддаа зориулсан “Shuurkhai 119” гэсэн аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлсэн байна.

Энэхүү аппликэйшнээр иргэд дэлхийн аль ч өнцөг булангаас үнэ төлбөргүй холбогдож, нарийн мэргэжлийн эмч нараас зөвөлгөө авах боломжтой аж.

Shuurkhai 119 app татах холбоос:

Android : https://play.google.com/store/apps/details…

iOS: https://apps.apple.com/mn/app/shuurkhai-119/id1510331370

УИХ-аас батласан коронавирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2020.05.06-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэв. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын 2020.05.06-ны өдөр ээлжит хуралдаанаа хийж цар тахлын үед хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай хоёр дах багц арга хэмжээний хөтөлбөрийг баталж, тогтоол гаргалаа. Үүнд:

  • Цар тахлын үед төсвийн зохицуулалт хийх, зарим арга хэмжээний тухай тогтоол;
  • Цар тахлын үед эдийн засгийг сэргээх, эмзэг бүлгийн иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах хоёрдугаар багц арга хэмжээний тухай гэсэн хоёр тогтоол баталсан байна.

Дээрх тогтоолууд батлагдсанаар:

  1. 0-18 насны хүүхэд бүрт 2020.04.01-нээс 2020.10.01-ний өдөр хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 70.000 төгрөгөөр нэмэгдүүлж 100.000 болгон олгоно. Улсын хэмжээнд 1 сая 140 мянган хүүхэд мөнгөн тэтгэмж авна.
  2. Хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд  олгож байгаа хүнсний талоныг 2020.05.01-нээс 2020.10.01-ний өдөр хүртэл хоёр дахин нэмэгдүүлнэ. Ингэснээр 122 мянган  насанд хүрэгч 32.000 төгрөг,  118.2 мянган хүүхэд  тус бүр 16.000 төгрөгийн хүнсний талоны дэмжлэг авна.
  3. Нийгмийн халамжийн сангаас сар бүр дараах иргэдэд олгодог 188 мянган төгрөгийн  нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг 2020.05.01-нээс 2020.10.01- ний өдөр хүртэл хугацаанд тус бүр 100.000 төгрөгөөр нэмэгдүүлж олгоно. Үүнд, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настнууд, тэжээгч болон асран хамгаалагчгүй, хагас, бүтэн өнчин хүүхэд, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эх, одой хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийт 62,6  мянган иргэн хамрагдана.
  4. Малчдын орлогыг нэмэгдүүлж, ноолуурын салбарын дотоодын үйлдвэрлэлийг дэмжих талаар УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу малчдад тушаасан ноолуурын нэг килограмм тутамд 20.000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ.  Урамшууллыг 2019 оны жилийн эцсийн мал тооллогын А данс дахь ямааны тоог үндэслэн олгох аж.

Эдгээр багц арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 793 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдана. Санхүүжилтийн эх үүсвээрийг Төсвийн тухай, Засгийн газрын нөөц сангийн тухай, Өрийн удирдлагын тухай зэрэг холбогдох хуулиудад нийцүүлэн шийдвэрлэсэн байна. Дэлхийн нийтийг хамраад буй Коронавируст цар тахлын улмаас цуцлагдсан улс, тив дамнасан томоохон арга хэмжээнүүдэд зарцуулагдахаар төсөвлөсөн мөнгө, сургууль боловсролын үйл ажиллагааг зогсоосноос хэмнэгдсэн зарим төсөв гэхчилэн хуримтлагдсан мөнгийг зориулалтыг нь өөрчлөх байдлаар дээрхи багц арга хэмжээний санхүүжилтийг хийх боломжтой гэж үзжээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хүн бүрт тааруулж биш, нийгмийн эрх ашгийн төлөө Засгийн газар шийдвэр гаргасан. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн дэлхий нийтийг заналхийлж буй Коронавируст халдварын тархалтын үед иргэдээ, улс орноо, иргэдийнхээ амь насыг хамгаалахын тулд УОК-ын шийдвэрийг дагаж биелүүлнэ” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хүүхдийн мөнгө олгох тухай

Монгол Улсын Засгийн газар 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн  ээлжит хуралдаанаар 0-18 насны хүүхдэд  100 000 /зуун мянган/ төгрөгийн  мөнгөн тэтгэмжийг 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 6 сарын хугацаанд олгохоор болсонтой холбогдуулан иргэд дараах зүйлийг анхаарна уу. Үүнд:

  • Монгол дахь харъяа дүүрэг, хорооны “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэлтэй 0-18 насны хүүхдүүдэд гадаадад оршин суугаа эсэхээс үл хамааран мөнгөн тэтгэмжийг дансаар нь шууд олгож байна.
  • Өрхийн мэдээллийн нэгдсэн санг 3 жил тутам шинэчилдэг бөгөөд сүүлд 2017 онд шинэчилсэн. Мэдээллийг шинэчлэхдээ гэрээр явж бүртгэл хийдэг тул 2017 оноос хойш гадаад улсад төрсөн хүүхдүүд өрхийн бүртгэл буюу Монгол Улсад байнга оршин суудаг хаягийн бүртгэлд ороогүй учир одоогийн байдлаар тэтгэмжид хамрагдах боломжгүйг анхаарна уу.
  • Иймд таны хүүхдийн тэтгэмж  дансаар шууд ороогүй бол  АНУ-д байгаа эцэг, эхчүүд  Та бүхэн өөрсдийн монголд бүртгэлтэй  хорооны “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д танай хүүхэд бүртгэлтэй эсэхийг нягталсны дараа итгэмжлэл явуулахыг зөвлөж байна.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн хугацааг 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан тухай шийдвэр:

АНУ-д

Ярилцлага: Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр 2020.04.28-ны өдөр АНУ-д үйл ажиллагаа явуулдаг ЮМОН телевизийн сувагт өгсөн ярилцлагыг энд дарж үзнэ үү.

Тоо, статистик: 2020.05.08-ны байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 1 сая 300 орчим мянган коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 170 гаруй мянган хүн эдгэрч, 77 мянга орчим хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээс авна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу. Өнөөдрийн байдлаар АНУ-д 7.5 орчим сая хүнийг коронавирусын халдварын оношлогоонд хамруулжээ.

АНУ-ын мужууд халдварын нөхцөл байдалтайгаа уялдуулан эдийн засаг, нийгмийн байдлаа хэвийн байдалд оруулахаар тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Дээр дурдсанчлан мужууд эргээд нээгдэж байгаа ч Нью Йорк, Нью Орлеанс, Детройт, Чикаго зэрэг хот дахь нөхцөл байдалд анхаарал хандуулж байгааг Дэд Ерөнхийлөгч М.Пэнс 2020.05.06-ны өдөр мэдэгдсэн болно. Иймд Таны оршин суугаа мужийн зүгээс эдийн засаг, нийгмийн байдлаа хэвийн байдалд оруулахтай холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, баримталж байгаа төлөвлөгөөтэй эндээс танилцаж, даган мөрдөж, үргэлжлүүлэн болгоомжтой байхыг уриалж байна (файлын “Reopening Plans and Task Forces” хэсгээс мэдээллээ авна уу).

АНУ-ын Халдварт өвчин судлалын төв (CDC)-ийн коронавирусын халдвар авсан хүнд илэрч буй зарим нэг шинэ шинж тэмдгүүийн тухай мэдээллийг эндээс үзнэ үү.

Түүнчлэн дээрх байгууллагын цахим хуудсанд гэр, албан байгууллага, олон нийтийн газрыг хэрхэн ариутгах, цэвэрлэх тухай зааварчилгаа, зөвлөмжийг шинээр байршуулаад байна. Эдгээртэй энд дарж танилцаж, хэрэгжүүлэхийг уриалж байна.

Жич: АНУ, Мексикийн Нэгдсэн Улсад коронавирусын халдвар авсан иргэд байвал энэ талаар ЭСЯ-нд мэдээлэл ирүүлэхийг хүсье. ЭСЯ мэдээллийн нууцыг хадгалах бөгөөд зөвхөн тусламж үзүүлэх зорилгоор мэдээлэл хүлээн авах болно.

Нийслэл Вашингтон хотын бүс нутгийн нөхцөл байдал: Вашингтон хот, Мэриланд, Виржиниа зэрэг мужид өнөөдрийн байдлаар коронавирусын 58 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Нийслэл Вашингтон хотод “stay home” төрлийн хөл хориог 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг дуустал тогтоож, иргэдийг онцын шаардлагагүй хэргээр гэрээс гарахыг холбогдох захирамжаар хориглоод байна. Тус ЭСЯ-наас энэхүү нөхцөл байдалд уялдуулан иргэдэд цахим үйлчилгээ үзүүлж, АНУ дахь коронавирусын халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд зориулан тогтмол шинэчлэн хүргэж ирсэн бөгөөд энэхүү мэдээлэлтэй танилцаж, сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.

 

АНУ-д зорчиж буй иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах бусад боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д зорчиж буй иргэд монгол дахь гэр бүлээсээ шимтгэлгүйгээр мөнгө хүлээн авах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Таны АНУ-ын визний хугацаа дуусч буй бол цагаачлалын бус виз сунгахтай холбоотой мэдээлллийг:

 Энд дарж үзнэ үү

АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

 АНУ-д сурч буй Монгол оюутнуудад халдвараас хэрхэн сэргийлэх болон дотуур байрны асуудлаар өгөх зөвлөмжийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Та АНУ-д жижиг бизнес эрхэлдэг бөгөөд жижиг бизнесийг дэмжих талаар АНУ-ын Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар мэдээлэл авах бол:

Энд дарж үзнэ үү

 

 АНУ дахь Дипломат төлөөлөгчийн газруудын тухай мэдээлэл

Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

  • Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск) 
  • Цахим шуудан илгээх хаяг: monconsul@mongolianembassy.us
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002

 

  • Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
  • Цахим шуудан илгээх хаяг: sanfrancisco@mfa.gov.mnsanfrancisco.mng@gmail.com
  • ЕКГ-ын утас: 415-622-4000
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487

 

  • Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
  • Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
  • БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

 

 МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

КОРОНАВИРУС / COVID-19

Like us

Follow us