ИРГЭДИЙН АНХААРАЛД: ЭСЯ-НЫ МЭДЭЭЛЭЛ – №62

ИРГЭДИЙН АНХААРАЛД: ЭСЯ-НЫ МЭДЭЭЛЭЛ – №62

2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргаад байна.

Улаанбаатар хот, Архангай, Сэлэнгэ аймагт Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 12 дугаар сарын 14-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгахаар болов. Мөн Архангай аймгийн Батцэнгэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар суманд тогтоосон зэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 06.00 цаг хүртэл 10 хоног сунгах нь зүйтэй гэж үзжээ. Нийслэл болон дээрх аймгуудад гурав хоногийн хугацаа дуусмагц Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилэн шилжүүлэх юм.  Төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгжийн ажиллах горим, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах хүрээг тогтоон, халдвар хамгаалал, хөл хорионы дэглэмийг чанд мөрдүүлж ажиллахыг бүх шатны Онцгой комисст үүрэг болгов. 

Тусгаарлалтын 21 хоногийг 14 хоног болгосон байна

Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гаргасан дүгнэлт, саналыг үндэслэн тусгаарлалтын 21 хоногийг 14, гэрийн тусгаарлалтын 14 хоногийг долоо хоног болгов. Энэ хугацаанд эхний 14 хоногт хоёр, гэрээр тусгаарлагдах үед нэг удаа шинжилгээ авах юм байна.

 Цаашид:

1.    Эрүүл мэндийн салбарын хүчин чадал, нөөц, ялангуяа хүний нөөцөд анхаарах

2.    Өдөрт 100 мянган хүний PCR шинжилгээний хариуг өгдөг болох, лабораторийн хүчин чадал, урвалжийн нөөц зэргийг 2-3 сараар бэлтгэх 

3.    Бүх шатны Онцгой комисс гаргасан шийдвэрийн дунд, доод шатанд хэрхэн хэрэгжиж байгаад  байнга  хяналт тавьж байх  

4.    ХӨСҮТ, хил, гааль, төмөр замын салбар дахь хяналтыг онцгой сайжруулах

5.    Цар тахлын талаарх үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй хүргэж байх, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр түлхүү ажиллах

6.    Бүх шатны төрийн албан хаагчдын сахилга бат, ажлын хариуцлагыг өндөржүүлэх зэргийг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг, чиглэл өгсөн байна.

Түүнчлэн – “Ковид-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно. Хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгахтай холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

КОРОНАВИРУС / COVID-19

Like us

Follow us