МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ГАДААДАД БАЙГАА ИРГЭДЭД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ

Нэг. Сонгуулийн байгууллага

Төв комисс: Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий Төв комисс Гадаад харилцааны яаманд ажиллаж байна.

Салбар комисс: Төв комиссын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Салбар комиссуудыг хилийн чанадад ажиллаж буй Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд (ДТГ)-ын дэргэд байгуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар Төв комисс нь Сонгуулийн ерөнхий хорооны, Салбар комисс нь Төв комиссын  шууд удирдлагын доор гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулна.

           Хоёр. Иргэд сонгуульд оролцохоор бүртгүүлэх

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий (18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай) иргэн сонгуульд оролцож санал өгөх эрхтэй.  

Энэ нь зөвхөн ДТГ байрладаг гадаад улсад байгаа иргэд л сонгуульд оролцоно гэсэн үг биш бөгөөд аль ч гадаад улсад байгаа иргэн дээрх хуульд заасны дагуу саналаа өгөхөөр бүртгүүлсэн, сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр нь орсон тухайн ДТГ-т биечлэн очиж, саналаа өгөх асуудал нээлттэй гэж ойлгож болно.

Өөрөөр хэлбэл, оршин суугаа гадаад улсад нь Монгол Улсын ДТГ байдаггүй, эсхүл гадаад улсад тогтоосон цар тахлын хөл хорио болон олон улсын нислэгийн хуваарь зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан өөрийн байгаа гадаад улсад суугаа, эсхүл тухайн улсыг хавсран суугаа  ДТГ-т очиж саналаа өгөхөд хүндрэлтэй байвал аль нэг өөр улсад суугаа ДТГ-ын Салбар комисст хандан сонгуульд оролцохоор бүртгүүлэх, саналаа өгөх боломжтой юм.

Сонгуульд оролцох хүсэлтэй иргэд биечлэн очиж саналаа өгөх боломжтой гэж үзсэн ДТГ-ын Салбар комисст хандан дараахь байдлаар бүртгүүлнэ:

  • биечлэн очиж Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтыг бөглөж, үндэсний гадаад паспортын хуулбарын хамт Салбар комисст өгнө
  • эсхүл Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтыг бөглөж, үндэсний гадаад паспортын хуулбарын хамт шуудан буюу цахим шуудан, факсаар Салбар комисст хүргүүлнэ.

Гурав. Сонгогчдын нэрийн жагсаалт

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгаж, зөрчилтэй сонгогчийн нэрийг хасах бөгөөд нягтлан шалгасан нэрийн жагсаалтыг Төв комиссоор дамжуулан Салбар комиссуудад хүргүүлнэ. Салбар комисс нь гадаад улсад санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө буюу цаад тал нь 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө сонгогчдын нэрийн жагсаалтыг өөрийн байранд ил тавих, цахим хуудсанд байршуулж иргэд өөрт холбогдох мэдээлэлтэй чөлөөтэй танилцах бололцоогоор хангана.  Иргэн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгах үүрэгтэй.

Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн асуудлаар өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гомдол гаргасан иргэний мэдээллийн талаар болон иргэний улсын бүртгэлтэй холбоотой өөрчлөлтийн талаар лавлагаа гаргах ба сонгогчийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад оруулна.

Хэрэв тухайн иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад ороогүй, эсхүл дээрх хуулийн 20 дугаар зүйлийн 20.9-д заасны дагуу сонгогчдын нэрсийн жагсаалтаас нэр нь хасагдсан бол сонгуульд оролцож, саналаа өгөх боломжгүй.

Дөрөв. Санал авах хугацаа, байр

Хугацаа: Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 05 дугаар тогтоолоор гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2021 оны 5 дугаар сарын 30-31-ний өдөр авахаар тогтоосон бөгөөд  тухайн улсын орон нутгийн цагаар 07:00 цагаас 22:00 цагт зохион байгуулна.

Байр: Сонгогчдын санал авах ажиллагаагТухайн ДТГ-ын Салбар комиссоос тогтоосон санал авах байр (ДТГ-ын байр)-нд зохион байгуулна. Салбар комисс нь санал авах өдөр, цаг, байрыг санал авах өдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлсонгогчдод зарлан мэдээлнэ.

Жич: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, өгөх ажиллагаа нь гадаадад байгаа сонгогчдын санал авахад хамаарахгүй.

Тав. Сонгогч саналаа өгөх

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар Сонгогч” гэж сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн, сонгуулийн эрх бүхий (18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай) иргэнийг хэлнэ.  Сонгогчийн санал авах ажиллагааг дурдсан хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу зохион байгуулах бөгөөд сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлж, сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр нь орсон Салбар комиссоос тогтоосон санал авах байранд иргэний үнэмлэх, эсхүл үндэсний гадаад паспортоо авч очиж, саналаа биечлэн өгнө.

Зургаа. Сонгууль ажиглах

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд зааснаар ажиглагч томилох эрх бүхий этгээд гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагаанд хоёр хүртэл ажиглагчийг томилон ажиллуулж болох бөгөөд энэ тухай хүсэлтээ Төв комисст гаргана. Төв комисс мэдээллийг холбогдох Салбар комисст хүргүүлнэ. Ажиглагч нь гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрөөс ажлын гурваас доошгүй хоногийн өмнө тухайн Салбар комисст бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх авна.

Долоо. Санал тоолох ажиллагаа

Санал тоолох ажиллагааг Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу зохион байгуулна.

ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДИЙН САНАЛ АВАХ

 АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨВ КОМИСС

2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us