МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ТА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд хилийн чанадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2021 оны 5 дугаар сарын 30-ны Ням, 31-ний Даваа гарагийн 07:00-22:00 цагт Вашингтон дахь Элчин сайдын яамны байранд авна (Хаяг: 2833 M Street NW, Washington DC 20007). Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд заасанчлан сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэд сонгуульд оролцох эрхтэй.

Сонгуульд оролцож, саналаа өгөх иргэд заавал урьдчилан бүртгүүлэх шаардлагатай бөгөөд тус ЭСЯ-ны дэргэд ажиллаж буй сонгуулийн Салбар комисс  сонгогчдын бүртгэлийг 2021 оны 4 дүгээр сарын 20-ноос 5 дугаар сарын 9-ний өдрүүдэд хийнэ. Бүртгүүлэхдээ дараах зүйлийг бүрдүүлэхийг анхаарна уу:

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох АНУ-д байгаа иргэний бүртгүүлэх маягтыг бөглөх /PDF file/
  2. Үндэсний гадаад паспортын хуулбарыг хавсаргах

Иргэд ЭСЯ-нд биечлэн ирэх, эсхүл шуудан буюу цахим шуудангаар дээрх маягт болон үндэсний гадаад паспортын хуулбараа ирүүлж бүртгүүлэх боломжтой.

  • ЭСЯ-нд биечлэн ирж бүртгүүлэх иргэд (202) 818 9020, (202) 333 7117 дугаарын утсаар урьдчилан холбогдох, эсхүл бүрдүүлсэн материалаа ЭСЯ-ны гаднах шуудангийн хайрцагт хийнэ үү.
  • Шуудангаар бүртгүүлэх иргэд бүрдүүлсэн материалаа  дараах хаягаар ирүүлнэ үү.

Embassy of Mongolia     

2833 M Street NW

Washington DC 20007

  • Цахим шуудангаар бүртгүүлэх иргэд бүрдүүлсэн материалаа election2021dc@gmail.com хаягаар ирүүлнэ үү.

Сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр нь орсон буюу урьдчилан бүртгүүлсэн иргэд 2021 оны 5 дугаар сарын 30-ны Ням, 31-ний Даваа гарагийн 07:00-22:00 цагт ЭСЯ-ны байранд биечлэн ирж саналаа өгнө. Сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр нь ороогүй эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.9-д заасны дагуу сонгогчдын нэрсийн жагсаалтаас нэр нь хасагдсан бол сонгуульд оролцож, саналаа өгөх боломжгүйг анхаарна уу.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, өгөх ажиллагаа нь хилийн чанадад байгаа сонгогчдын санал авах ажиллагаанд хамаарахгүй болно.

Иргэн Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд идэвхтэй оролцоно уу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг СЕХ-ны www.gec.gov.mn  цахим хуудаснаас үзнэ үү.

ВАШИНГТОН ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

САЛБАР КОМИСС №9

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us