СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН Н.ГАНХУЯГТ СОЁЛЫН ЭЛЧИЙН ГЭРЧИЛГЭЭГ ГАРДУУЛАВ

АНУ дахь Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Н.Ганхуягт Соёлын элчийн гэрчилгээг Түр хамаарагч Г.Баттулга 8 дугаар сарын 11-ний өдөр ёсчлон гардуулж, хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

Н.Ганхуяг нь Монгол Улсаа соёл урлагаар дамжуулан дэлхий дахинаа 40 гаран жил тасралтгүй сурталчилан таниулж ирсэн нэгэн бөгөөд 2002 оноос эхлэн АНУ-д Чингис Хаан үзэсгэлэнгийн Монгол талыг хариуцсан захирлаар ажиллаж, Монгол Улсыг сурталчилсан олон арван арга хэмжээнд ЭСЯ болон Монголчуудын холбоо, бусад гадаад дотоодын байгуулага хүмүүстэй хамтран идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн нэгэн билээ. Соёлын элчээр томилогдоод хамгийн түрүүнд хийх ажил нь Эзэн Богд Чингис Хааны талаар Холливүүдтын шилдэг кино найруулагч, уран бүтээлч нартай хамтран Чингис Хаан бүрэн хэмжээний түүхэн уран сайхны кино болон Чингис Хаан телевизын цуврал кино хийхээр  хамтран  ажиллаж байгаагаа тэрээр онцлов.

Н.Ганхуягыг СТА цол тэмдгээр 1994 онд, Монгол Улсын язгуур урлагийн алтан медалиар 2001 онд, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч цол тэмдгээр 2007 онд, АНУ-ын язгуур урлагийн өв тээгч шагналаар 2011 онд, Монгол Улсын төрийн дээд шагнал Улаан тугийн одонгоор 2016 онд, Тусгаар тогтнол одонгоор 2019 онд тус тус шагнагдсан. АНУ дахь Монголын оны шилдэг уран бүтээлчээр удаа дараа шалгарч, олон улсын олон фестиваль, урлагийн байгууллагуудын өргөмжлөл, диплом,  цом тэмдгээр олонтой  шагнагдаж, олон улсын ном сэтгүүл, сонин дээр олонтой гарч, хийж бүтээсэн ажлын талаарх эмхтгэл ном сэтгүүлүүд хэвлэгдэн гарсан нэгэн билээ.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us