ЭЛЧИН САЙД Ө.БАТБАЯР ЭНХ ТАЙВНЫ КОРПУСЫН ДАРГА КЭРОЛ СПАНТАЙ УУЛЗАВ

Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын Энх тайвны корпусын дарга Кэрол Спантай 2022 оны 5 дугаар сарын 11-нд уулзав.

Уулзалтын үеэр талууд 35 жилийн ойн мэндчилгээг харилцан солилцож, 2022 оны хамтын ажиллагааны талаар ярилцав. Монгол, АНУ-ын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах салбарт өргөжин хөгжихийн зэрэгцээ Энх тайвны корпусаар дамжуулан иргэд хоорондын харилцааг боловсрол, соёлын салбарт өргөжүүлж байгаагаа К.Спан тэмдэглээд Монгол Улсын Засгийн газарт 30 гаруй жилийн туршид Энх тайвны корпустай хамтран ажиллаж, дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв.

Мөн тэрээр Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхэд бэлэн буйг онцлон тэмдэглэв. Ковид цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын Конгрессоос Энх тайвны корпусын сайн дурынхны үйл ажиллагааг түр завсарлуулаад байсныг сэргээж, энэ оны 10 дугаар сараас эхлэн бүс нутгийн хувьд хамгийн түрүүнд Монгол Улсад эргэн хэрэгжүүлэх болсон тухай таатай мэдээг уулзалтын үеэр айлын талаас дуулгав.

Энх тайвны корпус нь 1961 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Кеннедийн санаачлагаар анх байгуулагдсан гадаадын улс орнуудад мэргэжлийн туслалцаа үзүүлэх зорилго бүхий сайн дурын байгууллага юм. Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээнд 1990 оны 8 дугаар сарын 2-ны өдөр гарын үсэг зурсан бөгөөд Энх тайвны корпусаас анхны сайн дурын ажилтан Монгол Улсад 1991 онд ирснээс хойш эдүгээ 1400 гаруй сайн дурын ажилтан манай орны аймаг бүрт ажиллаад байна.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us