ВАШИНГТОН ДИСИ ОРЧМЫН МОНГОЛЧУУД САЙХАН НААДЛАА

АНУ-ын Вашингтон ДиСи орчимд ажиллаж, амьдарч, суралцаж буй нийт Монголчуудын Үндэсний их баяр наадам 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Виржиниа мужийн Фэйрфакс дүүргийн “Bull run Regional park” цэцэрлэгт хүрээлэнд ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.

Баяр наадмын өдөр Монгол Улсын Төрийн далбааны өдөр тохиож байсантай холбогдуулан Төрийн далбааг мандуулах ёслолоор наадмын үйл ажиллагааг эхлүүлэв. Төрийн далбааг мандуулах ёслолыг Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Цэргийн атташе, Хурандаа Э.Гансүх удирдаж, АНУ-ын Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Үндэсний аюулгүй байдлын стратеги, батлан хамгаалах аж үйлдвэрийн сургуульд суралцаж байгаа хурандаа П.Идэр, АНУ-ын Тэнгэсийн цэргийн академийн сонсогч С.Санаасайн нар Төрийн далбааг мандуулав.

Үүний дараагаар Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Ө.Батбаяр наадмын арга хэмжээг нээж, үг хэллээ. Мөн түүнчлэн баяр наадмын үйл ажиллагаанд хүндэт зочноор уригдан оролцсон АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын газрын хэлтсийн дарга Скот Волкер үг хэлж наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлэв. Энэ жил Монгол Улс, АНУ хооронд Дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгаа билээ.

Наадмын хүчит бөхийн барилдаанд анх удаагаа улс,аймаг, сумын цолтой чансаа өндөр 64 бөх зодоглож, шагайн харваа, сурын харваа, хүүхдийн гүйлт, шагайгаар морь уралдуулах, гар барилдаан зэрэг олон төрлийн уламжлалт болон орчин үеийн тэмцээнийг хослуулан зохион байгуулав.

Тэмцээнүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг цувралаар хүргэх болно. Энэ жилийн “Монгол наадам”-ыг АНУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ Вашингтон ДиСи орчмын Монголчуудын холбоо болон бусад ТББ-тай хамтран амжилттай зохион байгуулав.

Наадмын үйл ажиллагааг зохион байгуулахад хамтран ажилласан нийт байгууллагууд, хувь хүмүүс, ивээн тэтгэгчид та бүхэндээ гүн талархал илэрхийлж байна.

ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Монгол Наадам”-ыг суугаа орондоо сурталчлан таниулах үйлсэд АНУ-д амьдарч буй иргэд, оюутан залуус, хүүхэд багачууд өргөнөөр хамрагдлаа. Наадамд нийт дотно болон гадны 2500 орчим иргэд хүрэлцэн ирж дэнж хотойтол сайхан наадлаа.

🌐

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us