ЖОРЖ МЭЙСОНЫ ИХ СУРГУУЛИЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАВ

Элчин сайд Ө.Батбаяр 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Жорж Мэйсоны Их сургуулийн Дэд ерөнхийлөгч бөгөөд Тамгын газрын дарга Кеннет Волш-той уулзаж, тус сургуулийн хотхонтой танилцав.

Юуны өмнө Элчин сайд Жорж Мэйсоны Их сургуулийн удирдлагад Монгол Улсын Шинжлэх Ухаан Техникийн Их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсонд талархал илэрхийлж, цаашид энэхүү хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх арга замын талаар ярилцав. Мөн талууд тус сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх, 3+2 бакалавр, магистрийн хөтөлбөрт монгол оюутнуудыг хамруулах асуудлыг ажил хэрэг болгохоор тохиролцов.

Энэ жил Жорж Мэйсоны Их сургууль үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд Виржиниа мужийн Фэйрфакс, Арлингтон дүүрэг, Манасас хот болон БНСУ-ын Инчон хотод гэсэн 4 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж, нийт 40,000 гаруй оюутныг сургаж байна. Үүнээс 4000 гаруй нь гадаадын оюутан байгаа ажээ.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us