ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – 2020.03.27

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар өдөр тутмын мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.

 

ЦАГ ҮЕИЙН БАЙДАЛ №4

 Монгол Улсад

2020 оны 3 сарын 27-ны өдрийн байдлаар Монгол Улсад гадаад улсаас МИАТ-ын захиалгат нислэгээр ирсэн 11 иргэн COVID-19 халдварын оноштой эмчлэгдэж байна. Эмчлэгдэж буй нийт 11 хүний биеийн байдал тогтвортой байгааг ЭМЯ-наас мэдээлэв. Нас барсан хүн байхгүй.

Гадаадаас ирсэн иргэдийн дунд коронавирусын халдвар илэрсэнтэй холбогдуулан иргэдийн тусгаарлагдах хугацааг 21 хоног болгож сунгах тухай 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн УОК-ын шийдвэр хэвээр үйлчилж байна.

Өнөөдөр улсын хэмжээнд 3,500 хүн тусгаарласнаас 2,127 хүн ажиглалтад байна. Дархан-Уул аймагт нэмж 23 хүн тусгаарласнаас хоёрыг нь сэжигтэй тохиолдол гэж үзэж, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлан, шинжилгээг үргэлжлүүлж буй.

Тусгаарлах байрны хүрэлцээ бага байгаа тул 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс Цагааннуурын боомт, 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс Алтанбулагийн боомтыг түр хаах УОК-ын шийдвэр хэвээр үйлчилж байна.

Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан УОК-ын шийдвэр хэвээр үйлчилж байна. Мөн их, дээд сургуулиуд, Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн завсарлуулах хугацааг 4 дүгээр сарын 30 хүртэл сунгасан байгаа.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнд:

  1. 2020 оны 4 сарын 1-нээс 10 сарын 1 хүртэл хугацаанд ААН-ийн НДШ-ийг бүрэн тэглэх шийдвэр гаргаж, сар бүр авдаг 26 хувийн татварыг 6 сарын хугацаанд тэглэхээр болов.
  2. 2020 оны 4 сарын 1-нээс 10 сарын 1 хүртэл хугацаанд иргэдийн цалингаас орлогын албан татвар авахгүй.
  3. 2020 оны 4 сарын 1-нээс 10 сарын 1 хүртэл хугацаанд 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН-ийг орлогын албан татвараас бүрэн чөлөөлжээ.
  4. Үйл ажиллагаа явуулахад хүндрэл бэрхшээл байгаа боловч ажлын байраа хадгалж байгаа ААН, компаниудын ажилтан бүрт 3 сарын хугацаанд сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.
  5. 2020 оны 4 сарын 1-нээс 10 сарын 1 хүртэл хугацаанд малчдаас ноолуур худалдаж авахад 300 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлтэй зээлийг үйлдвэрүүдэд олгож, зээлийн зөрүүг Засгийн газар хариуцахаар болов.
  6. 18 хүртэлх насны бүх хүүхдэд 3 сарын хугацаанд сар бүр 30 мянган төгрөг  олгохоор боллоо.
  7. 2020 оны 4 сарын 15-наас эхлэн шатахууны үнийг литр тутамд 300-400 төгрөгөөр буулгахаар болсон байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр иргэддээ хандсан мэдээг эндээс үзнэ үү.

 

АНУ-д

АНУ-д коронавирусын тархалт эрчимтэй дэгдэж байгаагийн улмаас АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 2020.03.13-ны өдөр онцгой байдал зарласан. Уг халдварын тархалттай тэмцэх Дэд Ерөнхийлөгч М.Пэнс тэргүүтэй тус орны Эрүүл мэндийн яам, Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн, Халдварт өвчни тэмцэх төв (CDC) зэрэг болон бусад байгууллагын төлөөлөл бүхий Шуурхай ажлын хэсэг 2020.01.29-ний өдөр байгуулагдсан. Энэхүү ажлын хэсэг өдөр бүр тогтмол мэдээ, мэдээлэл өгч байгаа билээ. Ерөнхийлөгч Д.Трамп 2020.03.16-нд коронавирусын халдварыг бууруулах 15 хоногийн аян эхлүүлсэн.

АНУ-ын Засаг, Конгресс нөхцөл байдлыг даван туулахтай холбогдсон санхүү, эдийн засгийн багц арга хэмжээ авч байна.

Коронавирусын тест өгөх, оношлуулах зэрэг ажлыг мужууд гардан хариуцаж, хийж байгаа. Мужуудын эрүүл мэндийн яамдын холбоосыг эндээс авна уу.

АНУ-ын нийт муж, тусгай нутаг дэвсэрт мөн онцгой болон эрүүл мэндийн онцгой байдлууд тус бүр зарласан. Коронавирусын халдвартай мужуудын захиргаанаас авч буй арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг эндээс авна уу.

АНУ-ын 46 муж, тусгай нутаг дэвсгэрт их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг зэргийг түр хаах шийдвэр гаргаад буй. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

2020.03.27-ны байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 93 мянга гаруй коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 1300 гаруй хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээс авна уу. Жич: АНУ-ын Засаг захиргааны, мужийн байгууллагууд оношлох үйл явцыг өргөжүүлэх бодлого, арга барил баримталж байгаа бөгөөд оношлогоо өргөжихийн хэрээр халдварын тохиолдол мөн нэмэгдэхийг суугаа орны албан ёсны болон мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Халдвар авсан тохиолдол нэмэгдэж буй нь нэг талаасаа оношлогдсон иргэдийн тоо өсч буйг харуулж байна, нөгөө талаасаа оношлогдсон хүмүүс цааш халдвар тараагч болох магадлалыг бууруулж байгаа хэрэг гэж мэргэжилтнүүд тэмдэглэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Дэд Ерөнхийлөгч М.Пэнс болон коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсгийн гишүүд 2020.03.24-ний өдөр “Fox News” сувгийн “Fox News Virtual Townhall” нэвтрүүлэгт оролцож, коронавирусын халдварыг бууруулах хүрээнд авч буй арга хэмжээ, цаашдын төлөвийн талаар мэдээлэл өгөв. Энэ үеэр Ерөнхийлөгч Д.Трамп ирэх 4 дүгээр сарын 12-ны Улаан өндөгний баяраар АНУ-ын нийгэм, эдийн засгийг буцаан хэвийн ажиллагаанд оруулах бодолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ талаар албан ёсны шийдвэр хараахан гараагүй байна. АНУ-д коронавирусын халдвар авсан хүмүүсийн 98-99 хувь нь эдгэрч байгаа статистик байгаа тул иргэдийг сандрах, айх хэрэггүй хэмээн АНУ-ын Хүний ерөнхий эмч Др.Ж.Адамс мөн үеэр тайлбарласан болно.

Одоогоор АНУ-д байгаа монгол иргэдийн дотроос шинэ төрлийн коронавирусын Covid 19 халдвар авсан мэдээлэл одоогоор алга байна.

Хувийн эрүүл мэндээ хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Шуурхай ажлын хэсэг болон мужуудын зүгээс өгч буй өгч буй мэдээ, мэдээлэл, зөвлөмж, шийдвэр, зөвлөгөөг (social-distancing, shelter-in-place, stay home гэх мэт) мөрдөж, сонор, сэрэмжтэй байхыг уриалж байна.

 Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.coronavirus.gov/ цахим хуудаснаас авна уу.

Америкийн Монгол эмч нарын холбооноос коронавирусын тархалт болон эрүүл мэндийн бусад асуудлаар АНУ дахь монгол иргэддээ аргазүйн болон бусад зөвлөгөө, мэдээлэл өгөх зэргээр Элчин сайдын яамтай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлье. Монгол иргэд тус холбоотой 312 972 5084 утсаар болон Фэйсбүүк хуудсаар нь дамжуулан холбогдож, оршин суугаа муж дахь эрүүл мэндийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой байна.

АНУ-д коронавирусын тархалт дэгдэж байгаатай холбогдуулан суугаа орны олон нийтийн, хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, сошиал хэрэгслүүдээр төрөл бүрийн мэдээ, мэдээлэл явж байгаа. Үүнтэй холбогдуулан үнэн, албан ёсны мэдээ, мэдээллийг ташаа мэдээллээс ялгаж, салгаж, ойлгуулах зорилгоор Холбооны Онцгой байдлын албанаас “Coronavirus Rumor Control” цахим хуудсыг ажиллуулж байгаа болно. Иргэд энэхүү портал руу орж, үнэн зөв, мэдээллийг авахыг уриалж байна.

АНУ-ын Засаг захиргааны байгууллагууд коронавирусын халдварын тархалттай хэрхэн тэмцэж байгаа талаарх албан ёсны мэдээллийг эндээс авна уу.

 

АНУ-д байрлаж буй Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

 

  • Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард  Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота ,Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск) 
  • Цахим шуудан илгээх хаяг:  monconsul@mongolianembassy.us
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай  тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002.
  • Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)

 

  • Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род  Айлэнд )
  • Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
  • БТГн утас: 212- 861-9460,  212-472-6517
  • Яаралтай  тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

 

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us