ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №26

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №26

2020.04.20

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар өдөр тутмын мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.

 

Монгол Улсад

COVID-19 халдвар бүртгэгдсэн 33
Эмчлэгдэж буй 28
Эдгэрч эмнэлгээс гарсан  5
Ажиглалтад 1229
Ажиглалтад  байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн 310

Өнөөдөр буюу 2020.04.20-нд манай улсын хувьд ажиглалтад 1229 хүн байгаа бөгөөд дөрвөн хүн ажиглалтаас гарсан бол дахин дөрвөн хүн ажиглалтад нэмэгдсэн байна. ХӨСҮТ-д 76 хүнд коронавирусын шинжилгээ хийжээ. Тусгаарлалтад байгаа хүмүүсийн давтан шинжилгээгээр 2020.04.19-нд нэг, 2020.04.20-нд нэг хүнээс тус тус коронавирусын халдвар илэрсэн. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 33 дахь тохиолдол бүртгэгдсэн байна. Коронавирусын халдвар илэрсэн хүмүүс 2020.04.12-нд ОХУ-аас ирсэн иргэд байна. Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан 55 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д эмчлэгдэж буй өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байгаа.

Мөн ажиглалтад байгаа хүмүүсээс хавдраар өвдсөн 7 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Энэ хугацаанд эмнэлгийн ажиглалтад байгаа хавдраар өвдсөн 8 хүн, тандалтад буй хавдартай 38 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийсэн. Учир нь хавдраар өвдсөн хүн коронавирус тусах өндөр эрсдэлт бүлэгт хамаарч байгаа учраас түүврийн аргаар ХӨСҮТ-д шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Гадаад улсад амьдарч байгаа нийт 96 иргэн Эрүүл мэндийн яамнаас зөвлөгөө авсан бөгөөд эдгээр иргэдээс 13 нь коронавирусын шинжилгээнд хамрагдсан байна. Эдгээр хүмүүсээс Швейцарьт амьдарч буй хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. ДЭМБ-ын мэдээллээр БНСУ-д хоёр хүн өвдөж эдгэсэн. Нэг нь эмнэлэгт хэвтэж эдгэсэн бол нөгөө нь гэртээ эмчилгээ хийлгэж эдгэжээ. Одоогоор гэрийн тусгаарлалтаас гарсан 5 хүн байгаа бол бүрэн эдгэсэн таван хүн байгаа юм. Үлдсэн иргэд, шинжилгээний хариугаа хүлээж буй хүмүүс ажлаа хэвийн хийж байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

ЭМЯ, ДЭМБ болон судлаачдын үзэж буйгаар эмнэлгийн орчин халдвар тархах орчин болжээ. Тухайлбал, БНХАУ-ын Ухань муж, Филиппин, Сингапур, БНСУ, Япон зэрэг улсын эмнэлгээс халдвар тархаж байгаа учир иргэдийг зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд аль болох эмнэлэгт очихгүй байх, ялангуяа өвчтэй хүн эргэх гэж олноороо очихгүй байхыг анхаарууллаа.

Монгол Улс эрсдлийн долоо дахь удаагийн үнэлгээгээр халдвар тархах өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Иймд эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг иргэд дагаж мөрдөхийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж буй.

  • Эрүүл мэндийн яамны 2020.04.20-ны өдрийн ХБХ-ын мэдээллийг энд дарж үзнэ үү.

ЭМЯНЫ ЗӨВЛӨМЖ: Агаар дуслын замаар хүнээс хүнд халдварладаг коронавирусын халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга бол амны хаалт зүүх, гараа тогтмол угаах. Мөн хүмүүс хоорондоо 1.5-2 метрийн зай барьснаар өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах, халдвар тархахгүй байхаас сэргийлнэ. Зай барих тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй уг зөвлөмжийг улс орнуудад хэрэгжүүлсэн туршлагаас харахад үр дүнгээ өгч байгаа. Эрүүл мэндийн байгууллагаас зай барих зөвлөмжийг дагаж мөрдөхийг аж ахуйн нэгж, иргэдэд уриалж байгаа юм.

Эрүүл мэндийн яамнаас иргэдэд хэрхэн зайнаас харилцах, олон нийтийн газарт 1.5-2 метрийн зай барих талаарх зөвлөмж өглөө. Тус зөвлөмжид:

  • Коронавирусийн халдвар нь хамгийн багадаа 3-4 хүнд халдварладаг болох нь судалгаагаар тогтоожээ. Энэ тоо нэмэгдсээр цаашид хүн амын дундах тархалтад нөлөөлөх аюултай тул хүмүүс хоорондоо хоёр метрийн зай барих нь хамгийн аюулгүй гэж үзжээ.
  • Гар барьж мэндлэх, мөрөн дээр гар тавихаас татгалзах, тэврэлдэхээс татгалзах.
  • Худалдаа үйлчилгээний газрууд агаар сэлгэлт хийх. Бүгчим, агаар сэлгэлт муу байхад вирус гадаргуу дээр бууж, гараар дамжин бохирдож, нүдэнд халдварлах аюултай.
  • Амны хаалт зүүх.
  • Шаардлагагүй уулзалтаас татгалзах. Аль болох хүнтэй уулзахгүй байх зэрэг болно.

Covid-19 цар тахалтай холбогдуулан банкууд ипотекийн болон хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах иргэдийн хүсэлтийг 2020.05.01-ний өдрийг хүртэл авахаар болсон талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү.

СОVID-19 цар тахалтай холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөхтэй холбоотой журмыг 2020.04.17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан. Үүний дагуу Нийгмийн даатгалын шимтгэлийг дөрвөн бүлэгт хамаарч буй иргэн, ААН төлөхгүй. Үүнд:

  1. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага;
  2. Төрийн бус байгууллага;
  3. Төр, хувийн хэвшлийн бүх их, дээд сургууль;
  4. Сайн дураар даатгуулагч нар зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй.

Монгол Улсад татвар төлдөг 108.8 мянган аж ахуйн нэгж байдгаас  99.99 хувь нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй. Үлдэж байгаа 0.01 хувь нь алтны компаниуд юм. Алтны үнэ сүүлийн найман жилийн хугацаанд хамгийн өндөр түвшинд очсон байгаа. Сангийн яам, Татварын ерөнхий газар болон E-баримтад хуримтлагдсан мэдээллийг харахад аж ахуйн нэгжүүдийн бүх орлого буурсан байгаа аж. Аж ахуйн нэгжүүд Нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүйгээр цалингаа олгох юм. Аж ахуйн нэгжийн, ажилтны төлөх ёстой Нийгмийн даатгалын шимтгэлийг Монгол Улсын Засгийн газар өмнөөс нь хариуцан төлөх юм байна. Хэрэв аж ахуйн нэгж төлсөн байгаа бол буцааж олгохоор журамласан байна. Үүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

2020.04.16-нд Улсын онцгой комиссын шийдвэрийн дагууАмны хаалтаа зүүцгээе” аяныг улс орон даяар өрнүүлж буйтай холбогдуулан нэгдсэн удирдамжийг баталсан.

Уг аян нь Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдлээс хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх, халдвараас сэргийлэх, эрүүл ахуйн зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэх зорилготой юм.

“Амны хаалт-Бидний аюулгүйн баталгаа” уриатайгаар зохион байгуулагдаж байгаа тус аян 2020 оны 05 дугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Хичээл сургалтын үйл ажиллагааг 2020 оны 9 дүгээр сарын 1-н хүртэл зогсоох шийдвэр гаргасан талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү.

2020.03.23-наас Цагааннуурын боомт, 2020.03.28-наас Алтанбулагийн боомтыг түр хаах УОК-ын шийдвэр хэвээр үйлчилж байна. Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан.

 

АНУ-д

Ярилцлага: Цаг үеийн асуудлаар Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр 2020.04.17-ны өдөр өгсөн ярилцлагыг энд дарж үзнэ үү.

Цаг үеийн мэдээлэл:

АНУ дахь коронавирусын халдвар муж, орон нутгийн захиргаа тус бүрт харилцан адилгүй байна. Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсгээс 2020.04.16-ны өдөр танилцуулсан тус орны эдийн засаг, нийгмийг хэвийн байдалд шилжүүлэх “Opening Up America Again” зааварчилгааг зарим муж өөрийн нөхцөл байдалтайгаа уялдуулан хэрэгжүүлж, тухайлбал хязгаарлалтын хоригуудаа сулруулах, цуцлах, зарим нэг үйлчилгээг буцаан нээх зэрэг арга хэмжээ авч эхлээд байгааг Шуурхай ажлын хэсгээс өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв.

Тухайлбал Техас, Вермонт зэрэг муж өнөөдрөөс эхлэн зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг буцаан нээхийг, Охайо, Хойд Дакота, Айдахо зэрэг муж ирэх 5 дугаар сарын 1-нээс эхлэн “non-essential business” төрөлд хамаарах аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг сэргээхийг, Монтана муж 4 дүгээр сарын 24-нөөс эхлэн хязгаарлалтын арга хэмжээнүүдээ сулруулахаар төлөвлөж байгаа зэргийг Шуурхай ажлын хэсгээс мэдээлэв.

Түүнчлэн Нью Йорк хот, мөн Нью Жерси, Лонг Айланд, Коннектикут, Род Айланд зэрэг муж халдварын оргил үеэ давсныг Шуурхай ажлын хэсгийн дарга, Дэд Ерөнхийлөгч М.Пэнс 2020.04.19-ний өдөр мэдээлэв. Шуурхай ажлын хэсгийн зүгээс Чикаго, Бостон, Филадельфи зэрэг хот дахь нөхцөл байдлыг үргэлжлүүлэн анхааралтай ажиглаж байгаа аж.

Мужийн амбан захирагчид тухайн мужийн нөхцөл байдалдаа үнэлэлт өгсний үндсэн дээр эдийн засаг, нийгмийн байдлаа хэрхэн хэвийн байдалд оруулах тухай шийдвэр гаргах тул иргэд өөрсдий оршин суугаа мужийн албаны төлөөлөгчдийн мэдээ, мэдээллийг анхааралтай ажиглаж, тухайн мужид хоригийн арга хэмжээнүүд сулрах, цуцлагдах, улмаар олон нийтийг хамарсан хөл хөдөлгөөн нэмэгдэх тохиолдолд сонор сэрэмж, анхаарлаа алдахгүй байж, үргэлжлүүлэн болгоомжтой байхыг онцгойлон уриалж байна.

Зааварчилгаатай холбогдуулан иргэдэд анхааруулах нь:

  1. Оргил үе муж, мужуудад өөр байгаа тул үндэсний хэмжээний үзүүлэлт, Таны оршин суугаа мужийн үзүүлэлт зөрөх магадлалтай. Иймээс муж, орон нутгийн шийдвэрийг үндэслэл болгоно уу.
  2. Хөл хорионы арга хэмжээг зөөллөснөөр хүний хөдөлгөөн их болж, цар тахлын хувьд эрсдэл өндөрсөх магадлалтай тул хувийн эрүүл мэндийн аюулгүй байдлын арга хэмжээгээ улам сайжруулахад анхаарна уу.

Нийгэм, эдийн засгийг хэвийн байдалд оруулах удирдамжийн талаар

Цагаан ордон 2020.04.16-ны өдөр мужуудын захирагч нарт зориулж улсын хэмжээнд мөрдөгдөж буй хорио цээрийн дэглэмийг үе шаттайгаар бууруулах зааварчилгаа буюу “guidelines” гаргасан. Уг зааварчилгаа нь 3 үе шаттай хэрэгжих бөгөөд тухайн муж, засаг захиргаан нэгж тодорхой нөхцлийг хангасан тохиолдолд нийгэм, эдийн засгийн харилцааг хэвийн түвшинд үе шаттайгаар хүргэх зорилготой юм байна.

Хорио цээрийн дэглэмийг үе шаттай бууруулах үндсэн нөхцөл нь:

  • Коронавирусын шинж тэмдэг 14 хоногийн хугацаанд тасралтгүй буурах.
  • Коронавирусын халдварын илэрц 14 хоногийн хугацаанд буурах.
  • Мужуудад буй эмнэлгийн хүрэлцээ тухайн мужийн өвчлөгсдийн тоонд хангалттай байх.
  • Коронавирусын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тухайн муж сэжигтэй тохиолдол бүрийг бүрэн тестлэх чадвартай бай зэрэг болно.

Хорио цээрийн дэглэмийг бууруулах дээрх үндсэн нөхцлүүд бүгд хангагдсан тохиолдолд зааварчилгааны 1 дүгээр үе шатыг хэрэгжүүлнэ. Энэхүү зааварчилгаанд тодорхой эхлэх хугацаа заагаагүй бөгөөд хэрвээ үе шат руу шилжих үед үндсэн нөхцөл байдал өөрчлөгдөх тохиолдолд буцах, хорио цээрийг эргүүлэн тогтоох боломжтой байна.

Хорио цээрийн дэглэмийг бууруулах зааварчилгаа нь дараах 3 үе шатаас бүрдэж байна. Үүнд:

1 дүгээр үе шатанд тухайн мужийн зүгээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед дагаж мөрдөж байгаа халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдөх нөхцөлтэйгээр ресторан, кино театр, спорт заал, сүм хийд болон фитнес төвүүдийг нээж болно (нэг дор 10-аас дээш хүн цугларахгүй байхаар зохион байгуулна). Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээнээс бусад зайлшгүй биш хагалгаа болох гоо сайхны хагалгаа, шүдний эмнэлэг зэрэг сонголттойгоор үйлчлүүлэх боломжтой эмнэлгийн үйлчилгээг мөн нээж болно. Сургууль, цэцэрлэг болон согтууруулах ундаагаар үйлчилдэг үйлчилгээний газрууд хаалттай хэвээр байна. Өндөр насны асрамжийн төвүүд болон эмнэлэгт эргэлт хийхийг хориглосон хэвээр байх бөгөөд өндөр настай, хүнд өвчтэй, эрсдэлд өртөж болох иргэд гэртээ байх ёстой.

2 дугаар үе шатанд энгийн бэлэн байдлын зэрэгт шилжих үеийн халдвар хамгааллын дэглэмийг баримталж сургууль, цэцэрлэг болон хүүхдийн зусланг нээж болно. Мөн зайлшгүй шаардлагатай аяллаар муж хооронд зорчиж болно. Энэ үе шатанд нэг дор 50-иас доош хүнд үйлчлэх зохион байгуулалттайгаар бага хэмжээний парк болон тоглоомын талбай, дэлгүүр хоршоог нээж болно. Ресторан, кино театр, бусад үйлчилгээний газруудад 1 дүгээр үе шатанд мөрдөгдөж байсан хатуу шаардлагыг нэг шат бууруулан энгийн хамгаалалтын дэглэмд шилжүүлж болно. Энэ үе шатанд ажил олгогч нар хурал, зөвөлгөөн зэрэг цугларалтыг цахимаар хийнэ. Согтууруулах ундаагаар үйлчилдэг үйлчилгээний газрууд үйлчлүүлэгчдийг зогсоогоор биш зөвхөн суугаа байдлаар үйлчлэх зохион байгуулалтыг хангасан тохиолдолд нээж болно. Харин олон нийтийн цугларах, амрах газрууд хаалттай хэвээр байна. Эмзэг бүлгийн өндөр настан, хүнд өвчтэй иргэд энэ үе шатанд гэртээ байхыг зөвлөж байна.

3 дугаар үе шатанд эмзэг бүлгийн иргэд зай барих, хувийн хамгаалалтын хэрэгсэлтэй олон нийттэй харилцаж болно. Ажил олгогч нар ажилтнуудаа хязгаарлахгүйгээр бүгдийг ажиллуулж болно. Томоохон олон нийтийн үзвэр, үйлчилгээний газрууд зай барих, хувийн хамгаалалтын хэрэгслээ ашиглах нөхцөлтэйгээр үйл ажиллагаа явуулж болно. Өндөр настны асрамжийн газар болон эмнэлэгт эргэлт хийхийг ар гэрт нь зөвшөөрнө.

Ийнхүү 3 үе шаттай зааварчилгааг мөрдөхдөө муж тус бүр үндсэн бэлтгэлээ базааж, нэг бүрийн хэрэгсэл болон эмнэлгийн ор, тест, нөөцийг өөрсдийн хүчээр бэлдэхийг даалгалаа. Мөн хорио цээрийн дэглэмийг үе шаттайгаар бууруулах алхмыг хийхдээ аль ч үе шатанд иргэд хувийн эрүүл мэндээ хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх, мэргэжлийн багийн өгч буй мэдээ, мэдээлэл, зөвлөмжийг мөрдөж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Хорио цээрийн дэглэмийг бууруулах зааварчилгааг эндээс үзнэ үү.

 

Тоо, статистик: 2020.04.20-ны байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 774 орчим мянган коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 70 орчим мянган хүн эдгэрч, 41 мянга гаруй хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээс авна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу. Өнөөдрийн байдлаар АНУ-д 4,2 сая орчим хүнийг коронавирусын халдварын оношлогоонд хамруулжээ.

Нийслэл Вашингтон хотын бүс нутгийн нөхцөл байдал: Вашингтон хот, Мэриланд, Виржиниа зэрэг мужид өнөөдрийн байдлаар коронавирусын 25 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдээд байна. 2020.04.06-ны өдөр болсон Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсэг, АНУ-ын нийт мужийн Амбан захирагч нарын ээлжит теле-бага хурлын үеэр уг ажлын хэсгээс нийслэл Вашингтон хотын бүс нутгийг халдварын голомт хэмээн тодорхойлсон. Вашингтон хотын бүс нутагт “stay home” төрлийн хөл хориог бүрэн тогтоож, иргэдийг онцын шаардлагагүй хэргээр гэрээс гарахыг холбогдох захирамжаар хориглоод байна. Тус ЭСЯ-наас энэхүү нөхцөл байдалд уялдуулан иргэдэд цахим үйлчилгээ үзүүлж, АНУ дахь коронавирусын халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд зориулан тогтмол шинэчлэн хүргэж ирсэн бөгөөд энэхүү мэдээлэлтэй танилцаж, сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.

 

АНУ-д зорчиж буй иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д зорчиж буй иргэд монгол дахь гэр бүлээсээ шимтгэлгүйгээр мөнгө хүлээн авах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Таны АНУ-ын визний хугацаа дуусч буй бол цагаачлалын бус виз сунгахтай холбоотой мэдээлллийг:

 Энд дарж үзнэ үү

АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

 АНУ-д сурч буй Монгол оюутнуудад халдвараас хэрхэн сэргийлэх болон дотуур байрны асуудлаар өгөх зөвлөмжийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Та АНУ-д жижиг бизнес эрхэлдэг бөгөөд жижиг бизнесийг дэмжих талаар АНУ-ын Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар мэдээлэл авах бол:

Энд дарж үзнэ үү

 

АНУ дахь Дипломат төлөөлөгчийн газруудын тухай мэдээлэл

Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

  • Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск) 
  • Цахим шуудан илгээх хаяг: monconsul@mongolianembassy.us
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002

 

  • Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
  • Цахим шуудан илгээх хаяг: sanfrancisco@mfa.gov.mnsanfrancisco.mng@gmail.com
  • ЕКГ-ын утас: 415-622-4000
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487

 

  • Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
  • Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
  • БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

 

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

 

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us